Т.САЙХАН

Засгийн газар, Улсын онцгой комиссоос “Олон талт Түншлэлийг бэхжүүлэх замаар Ковид-19” халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх нь” хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав.

Энэ үеэр Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар “КОВИД-19 халдварын цар тахал дэлхий дахинаа хурдацтай тархаж, дэлхийн бүх улс, үндэстэн цар тахлын эсрэг тууштай тэмцсээр өдгөө есөн сарын хугацаа өнгөрөөд байна. Тус халдварт өвчин өмнө нь тохиолдож байгаагүй шинэ вирусээр үүсгэгдэж бий болсон тул манай хүн төрөлхтөн шинэ сорилттой нүүр тулгарч байгаа юм. Хэдийгээр манай улс дотооддоо халдвар алдаагүй, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй хэдий ч эмчлэгдэн гарсан иргэдээс КОВИД-19 халдвар дахин илрэх, халдварын тохиолдол гарахгүй гэдгийг дэлхийн нийгмийн эрүүл мэндийн салбар баттай нотолж чадаагүй байгаа энэ үед уг өвчин хүн амын дунд тархах эрсдэл өндөр байгааг илтгэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор бид “Шинэ Хэвийн” амьдралын хэв маяг гэдгийг өөрийн улсын онцлогт нийцүүлэн бий болгох шаардлагатай байгааг гэж үзсэн. Аюулт өвчний улмаас иргэдийн аж амьдрал, улс орны хөгжлийн чиг хандлага бүрэн өөрчлөгдсөн байгаа энэ үед бид нийгэм, эдийн засгийн хөгжлийг хэрхэн сэргээн хөгжүүлэх талаар бид шинэ арга барил, шинэ шийдэл, шинэ гарцуудыг эрэлхийлэх том сорилттой тулгарч байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn