Т.САЙХАН,  Б.ОД

 

“ТВ-9” телевиз “Чихну чимэг болсон аялгуу сайхан монгол хэл Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.  Хэлэлцүүлэгт Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч,  МАХН-ын дарга Н.Энхбаяр, Эх хэл, бичгийн ухааны доктор М.Базаррагчаа, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Аким, доктор, дэд профессор Д.Ганболд, академич Л.Болд  нар оролцож, байр сууриа илэрхийллээ. Зочдын ярилцлагаас хураангуйлан хүргэж байна.

 

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр: Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөшүүргэ хэрэгтэй

 

-Монгол хэл бичиг бидний мөн чанарыг тодорхойлдог их том соёл.  Аав  маань 1978 онд ардын багш Чойжилсүрэн гуайд намайг шавь болгож байлаа.  Мөн би Чой.Лувсанжав гуайтай их ойр  явсан.  Чой.Лувсанжав гуайтай хамтран “Бурхан багшийн сургааль” номоо монгол бичигт хөрвүүлэх ажлыг эхлүүлсэн.  Мөн тухайн үед Засгийн газраас Чоймаа багшийн крилл бичгийг монгол бичигт хөрвүүлэх программ хангамжийг төслийг дэмжиж хэрэгжүүлсэн. 

Түүний дараа өөрийн орчуулсан  “Бурхан багшийн сургааль” номоо хөрвүүлж байлаа.  Монгол бичиг гэдэг миний амьдралын хувьд ертөнцийг танин мэдэх, монгол хүн гэдгээ мэдрэх, нэр цуутай эрдэмтэдтэй хамтран ажиллах ийм сайхан үүд хаалга болсон.  Монгол бичгийн тухай Төрийн бодлого бий.  Үүнийг үгүйсгэх аргагүй.  2020 оноос  гэхэд Үндэсний бичгийн гурав дахь хөтөлбөр хэрэгжиж эхлэх байв.  УИХ-аас баталдаг хууль тогтоомжийг нийтэлдэг “Төрийн мэдээлэл” сэтгүүл хос бичгээр гарна гэж  заасан.  Гэвч өнөөдөр 2020 оны есдүгээр сар болсон байхад хос бичгийн тухай заалт ажил хэрэг болоогүй байна.   Эндээс дүгнэхэд бид хууль тогтоомжоо гаргадаг, тэр нь хэрэгжихгүй л байна.  Энэ хөтөлбөрт зааснаар бол  2025 оноос эхлэн төрийн албан хаагчид нь монгол бичгээр бичиг хэрэг хөтөлдөг болох юм билээ. Гэтэл одоо үүний бэлтгэл хангагдаагүй байна.  Тэгэхээр энэ асуудалд одооноос анхаарах хэрэгтэй.  Энэ цаг үеэс эхлэн төрийн албан хаагчийг ажилд авахдаа аль нэг намд харьяалалтай нь биш монгол бичгээр бичдэг бол давуу тал болно гэж авах хэрэгтэй.   Мөн монгол бичгээ сайн мэддэг бол цалингийн урамшуулал олгож болж байна.  Ингэж монгол бичгээ мэддэг чаддаг хүмүүстээ урам зориг өгч, дэмжвэл хөтөлбөр хэрэгжихэд хөшүүргэ болно.  Тэгэхгүйгээр  шууд л “чи сур” гэвэл энэ хөтөлбөр явахгүй. Одоо гэхэд баталсан хууль, тогтоомж нь хэвлэгддэг “Төрийн мэдээлэл” нь өөрөө хууль дүрмээ хугацаандаа дагаж мөрдөхгүй болохоор асуудал их байна.  МАХН-аас эх бичигтэй холбоотой өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан эх бичгийн асуудлаар мэдэгдэл гаргасан байгаа.  Ер нь эх хэлээ дээдлэх асуудал нь хүний эрх, эрх чөлөөтэй холбогддог асуудал.  Тэр дундаа хүүхдийн эрх чөлөө энд хөндөгдөнө.  Улмаар улс төрийн эрх гэсэн том малгайнд энэ бүхэн багтаж байдаг.  Тиймээс улс төрийн намууд энэ асуудалд байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзсэн.  Их эзэн Чингис хааны маань биднийг хэрэглэх ёстой гэж үзээд үлдээсэн энэ бичгийг бид заавал авч үлдэх ёстой.  Би урд хөршид болж байгаа асуудлаас гадна дотооддоо монгол бичгээ дэлгэрүүлэх ажлыг хиймээр байна.   Хүүхдийг багаас нь буюу 1-4 дүгээр анги хүртэл нь монгол бичиг заадаг болмоор байна.  5-6 дугаар ангид нь оруулсан нэр зүүж, уншаад байгаа ч юм шиг үгүй ч юм шиг болгох нь учир дутагдалтай байна.   Ээжийнхээ сүүгээр  хүн болдогтой адил монгол бичгээрээ эхлээд нийгэмтэй танилцая л даа.   Босоо монгол бичгээ бичиж эхэлсэн хүүхдийн нуруу нь хүртэл тэгшхэн болдог.  Тэгэхээр хүүхдэд багаас нь монгол бичгийг заадаг байгаасай.  Энэ бодлого өвөрмонголд төдийгүй манайх ч хэрэгжүүлээсэй.

 

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Аким: Бид 50, 60 жилийн өмнө орхисон бичгээ одоо хэрэглэж яагаад болохгүй

 

 -Төрөөс эх хэл бичигтэй холбоотой ажил явуулж байна.  2020-2050 он хүртэл монгол бичгийн хөтөлбөр хэрэгжинэ гэж ойлгосон.  Гэтэл тэр ажил хэр бүтэлтэй байгааг мэдэхгүй байна. Миний бодлоор монгол бичгийн хэрэглээний түвшин их доогуур байна.  Иргэдийн дунд уран бичлэгийн төрөл зүйл шиг л хэрэглэгдэж байна.  Монгол бичгийг дэлхийд ганцхан улс хэрэглэж байгаа нь Өвөрмонгол юм. Хэрэв Өвөрмонголд энэ бичгийг хэрэглэхээ больчихвол бидний өвөг дээдсийн дэлхийн хэл бичгийн соёлд оруулсан өв их эрдэнэ устах аюултай. Учир нь бидний хэрэглээндээ бүрэн дүүрэн нэвтрүүлж чадаагүй Монгол бичгийг Өвөрмонголчууд авч явж  байгаад баярлах хэрэгтэй. . Үндэсний  бичиг бол монголчуудын  нэр  бас нүүр. Энэ нэр, нүүрээ алдчихвал бид Монгол гэж хэлүүлэх үү гэдэг асуудал гарч ирнэ. Бидний эх хэлнийхээ төлөө хийж байгаа энэ тэмцэл бол харь гүрний дотоод хэрэгт оролцоод байгаа явдал биш. Өвөрмонгол бол судсаар нь Монгол цус гүйж байгаа бидний алаг махны тасархай, алтан ясны хэлтэрхий. Хятадын үндсэн хуулиар Өвөрмонголчууд төрөлх хэлээрээ ярьж, бичих эрхтэй. Энэ эрхийг нь зөрчиж,  бидний үнэт өв Монгол хэл, бичиг рүү халдсан учраас үндэсний бичгээ авч үлдэхийн төлөө зүтгэж байгаа юм. Бичиг үсэг үгүй бол түмэн үе дээр харанхуй болно. Энэ асуудалд “Мурий сарий бичгийг хэрэглэж яах юм” гэж бухимдаж байгаа хүмүүс байгаад харамсаж байна.   Мурий гэвэл бүх л үсэг мурий шүү дээ.  Тэгэхээр тэгж хэлж байгаа хүмүүсийн сэтгэл нь Хятад улс руу мурийчихсан юм уу даа гэж ойлгосон.  Үндэснийхээ бичгийг арай ч тэгж доромжилж болохгүй.  Бид 50, 60 жилийн өмнө орхисон бичгээ одоо аваад хэрэглэж яагаад болохгүй гэж. Өвөрмонголын асуудалд анхаарснаар бид харь гүрний дотоод хэрэгт оролцоод байгаа юм биш.  Монгол хэл, монгол бичигт халдсан учраас  өвөрмонголчуудыг урд хөрш маань бусад үндэстэн угсаатныхаа хэмжээнд үнэлээсэй гэсэндээ дуу хоолойгоо хүргэх ёстой. 

 

Эх хэл бичгийн ухааны доктор М.Базаррагчаа: Эх бичигтээ суралцах явц суларч, хэрэглэх нь ховор байна

 

- Монгол үндэстний 1000 орчим жилийн соёлыг хадгалсан,  хэл бичгийн их өвтэй ард түмэн. Монголчууд ийм үндэсний өвөрмөц бичигтэй гэж гадаадын хүмүүст  гайхуулдаг. Энэ бичгээ бүх нийтээрээ хэрэглэх нь зөв гэдгийг сайн ойлгодог байсан. Тиймээс 1990-ээд оноос бүх нийтээрээ Монгол бичгийг ашигладаг болох тухай ярьж эхэлсэн. Тэр үед би Багш нарын мэргэшил дээшлүүлэх институтид арга зүйч хийж байсан. Монгол хэлний багш нар Монгол бичгээ үзсэн боловч төдийлөн сайнгүй байсан учраас нийт багш нарт зориулж товхимол гаргаж хичээл зааж байсан. Энэ үед монгол бичгийн сургалт, хичээлд хүмүүс идэвхтэй оролцдог, мэргэжлийн багш нарыг урьж, хичээл заалгадаг байлаа.  Гэтэл эх бичигтээ  суралцах энэ явц суларч, хэрэглээ нь өнөөгийн байдлаар маш муу байна.  Зарим нэг албан газар хаягаа үндэсний бичгээр бичдэг хэмжээнд монгол бичгээ хэрэглэж байна. Үндэсний бичгээ нийтээр хэрэглэхдээ бага ангийн хүүхдүүдээс эхлэх биш төрийн мэдээллийн сэтгүүлээ хос бичгээр хэвлүүлэхээс эхлүүлж байгаа нь зөв шийдэл. Уйгуржин бичиг бол бидний үндэсний бичиг болохоор хүмүүс маш сайн, хурдан сурдаг. Тиймээс нийт иргэддээ эрчимтэй заах юм бол  хүлээж авах  чадвар нь сайн байдаг.

 

Доктор, дэд профессор Д.Ганболд: Монгол бичгийн дата сан бүрдүүлэх ажлыг эхлүүлсэн

 

-Монгол бичгийн үндэсний хөтөлбөр гурван үе шаттай хэрэгжиж байна. Эхнийх нь 1995-2005 оны хооронд, хоёр дахь нь 2008-2015 онд, гурав дахийг нь 2015-2025 оны хооронд хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дөрвөн  том зорилго тавьж, 20 орчим зорилтот ажлыг төлөвлөсөн. Гэвч хэрэгжилт нь ямар түвшинд байгаа нь хамгийн их анхаарал татсан асуудал юм. 2015 онд баталсан Монгол хэлний тухай хуульд хос бичигтэй болох заалт орсон. Хэлний үндэсний бодлогын зөвлөлын алба, “Хүмүүн бичиг” сонин, МУБИС нийлээд Үндэсний бичиг боловсруулах комисс байгуулж,   хэд  хэдэн ажил хийхээр төлөвлөсөн.  Тухайлбал, Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн гуравдугаар хөтөлбөрийг боловсруулаад Засгийн газраар батлуулж, хэрэгжүүлж эхэлсэн. Суурь түвшин буюу анхдагч шатны ажил  нь 2015-2020 он хүртэл хэрэгжинэ. Өнөөдөр чухал хэрэгжиж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Ямар ч гэсэн болдогын баримт бичгийг Монгол хэлний хуульд түшиглэж гаргасан гэж ойлгож байна.  Дунд түвшин нь 2020-2022 он хүртэл,  дээд түвшин нь  2022-2024 он хүртэл хэрэгжихээр ийм гурван түвшинтэй ажил төлөвлөсөн.  Харамсалтай нь аль түвшинд явааг нь ойлгохоо больсон. Төсөв нь батлагддаггүй болохоор ажил урагш явахгүй байна. Бид Монгол бичгээ судлах ажлыг хойш  тавьж цаг хугацаа их алдсан. Өөрсдийн үнэ цэнэтэй зүйл болох эх хэлдээ эзэн нь байх явцыг хойшлуулвал их хүчинд бид дийлдэнэ.  Манай МУБИС-ийн эх хэлний тэнхимээс монгол бичгийн дата сан бүрдүүлэх ажлыг эхлүүлсэн.  Ажил маань 60-70 хувьтай байна. 

 

Академич Л.Болд:  Эрхийг нь зөрчиж, үндэсний хэл соёлоос  нь хөндийрүүлж байна

 

-Монголчуудын бичиг соёлын их өв Монголын төрийн түүхтэй гүнзгий холбогддог. Хэл сэтгэхүй хоёр салшгүй холбоотой учир эх хэлээр нь сургалт явуулахгүй байна гэдэг ахуйгаас нь холдуулж, сэтгэхүйд нь нөлөөлж байгаа хэрэг юм. Өвөрмонголчуудын  эрхийг нь зөрчөөд үндэсний хэл соёлоос  нь хөндийрүүлж байгаа нь Ар Монголыг цочроосон, зүрх түгшээсэн явдал мөн. Дэлхийн бусад үндэстэн ч гэсэн ийм байр суурийг илэрхийлж байна. Миний нэг шавь Ар Монголд Монгол бичгийн хэрэглээ ямар байгааг судлахад эхлэл төдий гэсэн дүн гарсан. Уг нь хуулиндаа заачихсан учраас хэрэгжүүлэх ёстой. Уйгуржин Монгол бичиг бол  хэлний хөгжлийг сайн тусгасан эртний түүхтэй бичиг.  Энэ бичгийг хэрэглэх хөтөлбөрт “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг хос бичгээр  гаргахаар шийдвэрлэсэн нь зөв эхлэл юм.   Гэхдээ төрийн бичиг болгож хэрэглэхдээ зөв бичиг зүйн зарчмыг их зөв хэрэглэх ёстой. Төрийн бичигт хэрэглэхэд их өвөрмөц бичиг.  Хэл судлаачдын үзэж буйгаар хэл сэтгэхүй хоёр гүн холбоотой.  Тухайлбал, Төвд хэлд үг гэдгийг “Чой” гэдэг.  Энэ нь үг гэдгийг хэлэхээс гадна аливаа зүйлийн онолыг илэрхийлнэ.  Тэгэхээр онолыг нь мэдвэл үгийг нь мэднэ.  Үгийг нь мэдвэл онолыг нь мэднэ. Зөвхөн хятад хэлээр сургалт явуулна гэдэг ахуйгаас нь шууд холдуулж байна.  Мэдээж тэр хүүхдийн сэтгэхүйд шууд нөлөөлнө.  Өвөрмонголд болж байгаа  эх хэлний төлөөх явцыг би яг энэ өнцгөөс нь харж байна.  ЮНЕСКО-гоос жил бүр эх хэлний өдөр гэж зохион байгуулдаг. “Төрөлх хэл төрөлх аялгууг нь бүү мартуулаарай” гэсэн уриаг дэвшүүлдэг.  Үүнийг бодолцох л хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.25 БААСАН № 186 (6411)