П.ХҮСЛЭНТУЯА

Халуун хүйтнийг үл хайхран эх орныхоо торгон хилийн манаанд зогсдог хилчин цэргүүддээ урам өгч, жаргал зовлонг нь хуваалцан урлаг, соёлын арга хэмжээ явуулдаг Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын 80 жилийн ой тохиож байна. Жилийн дөрвөн улирал хамааралгүй хэдэн мянган км замаар явж улсын хилийн бүх застав, хязгаар нутагт суугаа малчиддаа өөрсдийн уран бүтээлийг хүргэж, тэдэнд сэтгэлийн дэм өгдөг Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Б.Ганхуягтай ярилцлаа.

-Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга хэрхэн байгуулагдсан бэ?

-Монгол Улсын хилийн гадаад цагийн байдал хүнд, тогворгүйн улмаас Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгыг 1940 онд байгуулсан. Тухайн үеийн төр, засгийн удирдлагууд цэргүүдийн сэтгэл зүй, оюун санааг дэмжих урлаг, соёлын үйл ажиллагаа хэрэгтэй гэж үзсэн. Тиймээс Дотоод явдлын яамны сайд, Улсын маршал, өрлөг жанжин Х.Чойбалсан шийдвэр гаргаж 1940 оны наймдугаар сард энэ чуулгыг байгуулсан түүхтэй. Илүү дэлгэрэнгүй яривал Богд уулын хормой дахь Түргэний гол дээр тал бүрээс цэрэг татлагт ирсэн залуусаас авьяаслаг 18 цэргийг шалгаруулж авсан. Ингээд хоёр офицертой хамт 20 хүний бүрэлдэхүүнтэй урлагийн бүлгийг бий болгож байсан. Энэ талаар түүхийн эх сурвалж дээр МАХН-ын Төв хорооноос Дотоодын болон Хязгаарын цэргийн бие бүрэлдэхүүнд соёл, урлагаар үйлчлэх явдалд онцгойлон анхаарч уран сайхны үйл ажиллагаа явуулж, ухуулах болон олон нийтийн ажлыг явуулахын тулд хязгаарын газрын улс төрийн хэлтэст ансамбль байгуулахыг зөвшөөрсөн гэж тэмдэглэсэн байдаг. Түүхэн хугацаанд манай чуулга гурван удаа татан буугдсан. Улс орны цагийн байдал тайван байсан учраас 1953 онд анх удаа татан буулгаж Ардын армийн ансамбальтай нийлүүлсэн. Үүний дараа 1971 онд хилийн цэргийн байдал хүндэрч зайлшгүй шаардлагаар Нийгмийг аюулаас хамгаалахын сайдын шийдвэрээр 13 хүний бүрэлдэхүүнтэй урлагийн бүлгийг дахин байгуулсан. 1994 онд ахин татан буугдсан ч хилийн цэргийн “Хилчин” хамтлаг 2000 он хүртэл уран бүтээлээ туурвиж байсан. Энэ бол ардчиллын үе буюу улс орон тайван байсан цаг юм. Ингээд хамгийн сүүлд 2001 онд Засгийн газрын 126 дугаар тогтоолоор дахин байгуулагдаж өнөөдрийг хүртэл 140 гаруй мэргэжлийн, залуу уран бүтээлчидтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

-80 жилийн түүхтэй чуулга одоо ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

-Зарим хүн манай чуулгыг хэрэггүй гэж үзээд байдаг. Тийм биш. Телевиз, радио байтугай шувуу ч очдоггүй газар хилээ манаж байгаа цэргийн сэтгэлийг засч, бүжиг наадам хийн, ухуулах нь бидний үүрэг. Тухайн цэргийн сэтгэл зүйг бэлтгэх нь хамгийн чухал. Ансамбаль бол зөвхөн дуу дуулж, хөгжим тоглох биш төр засаг, Хил хамгаалах ерөнхий газрын бодлогыг дамжуулах үүрэг давхар хүлээдэг. Түүнчлэн хилчидтэй уулзаж ярилцан орчин нөхцөлтэй нь танилцаж, санаа бодлыг нь сонсож ярилцдаг. Улсын хилийг хамгаална гэдэг сургуулилт хийдэг газар биш. Яг өнөөдөр халуун зэвсэг бариад хил хамгаалж байгаа цэрэг дайсан орж ирвэл эх орноо хамгаална гэсэн бодолтой, үргэлж бэлэн байдалд, анхааралтай байдаг. Тиймээс хил дээр байгаа цэргийн сэтгэл зүйг өргөж, бэлтгэх нь чухал. Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга зайлшгүй шалтгаанаар бий болсноос бизнес хийнэ гэсэн зорилготой байгууллага биш. Зөвхөн хилчид гэлтгүйгээр хязгаар нутагт суугаа малчдад үнэгүй үйлчилдэг ганцхан байгууллага бол манай чуулга юм.

-Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчидтэй холбоотой сонирхолтой түүх юу байна вэ?

-1948 онд баруун хилийн буюу Мэргэн уулын тулгаралт гэж айхтар том байлдаан болсон. Энэ үед Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчид тоглолтоор явж байгаад дайснуудтай тулгаран буу барин алдарт хилчидтэйгээ мөр зэрэгцэн, эх нутгаа дайснаас хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлсэн. Тэр тулаанд орж байсан манай ахмад уран бүтээлч, 97 настай Гэлэгжамц гэдэг буурай одоо байдаг.

-Танай чуулгаас ямар ямар алдартай уран бүтээлчид төрсөн бэ?

-Манай Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгаас олон алдартан төрж гарсан. 1940-өөд онд ажиллаж байсан уран бүтээлчдээс Ардын зураач А.Сэнгэцохио анх байгуулагдахад сонгогдсон 18 цэргийн дотор байсан. Мөн манай чуулгын гурав дахь даргаар Ардын жүжигчин С.Гэндэн гуай ажиллаж байсан түүхтэй. Үүний дээр Ардын уран зохиолч Д.Сэнгээ, Бөмбөгөр ногоон театрын алдарт дуучин гавьяат жүжигчин Д.Пүрэвсүрэн, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цоодол гуай байсан. Энэ хүмүүс ердийн хөсөг буюу тэмээ, морь, үхэр тэргээр 1000 гаруй км хил даган явж урлаг, соёлын арга хэмжээгээ үзүүлдэг байсан.

Хоёр дахь үе буюу 1971-1994 онд төрсөн алдартай уран бүтээлчид гэвэл гавьяат жүжигчин Д.Өлзийсайхан, Ц.Лхаадорж, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ш.Эрдэнэбат, хөгжмийн удирдаач Т.Эрдэнэ-Очир тэргүүтэй уран бүтээлчид бий. Сүүлийн үеийн уран бүтээлчдээс гавьяат жүжигчин, дуучин Ш.Цэрэндолгор, Э.Бүрнээбаяр нар байна.

-80 жилийн ойдоо зориулан ямар үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна вэ?

-Чуулгынхаа 80 жилийн ойд зориулан үе үеийн уран бүтээлийн дээжсээрээ ирсэн зочиддоо бэлэг барих гэж байна. Тоглолт 40 орчим минут үргэлжилнэ. Мөн манай чуулга ойгоо тохиолдуулан баримтат кино гаргасан байгаа. Тоглолтын үеэр баримтат киногоо үзүүлэхийн зэрэгцээ олон хүнийг шагнаж, урамшуулхаар төлөвлөсөн. Түүнчлэн олон удаа татан буугдсан ч бололцооныхоо хэрээр ахмад уран бүтээлчдийнхээ хэрэглэж байсан хөгжмийн зэмсэг, дурсгалын зүйлээр үзэсгэлэн гаргахаар зорьж байна. Цаашид манай хамт олон өндөр мэдлэг, чадвартай хүний нөөцөөр хангагдан, мэргэжлийн өндөр түвшинд уран бүтээлээ туурвиж, эрдмийн чуулга болох зорилт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: www.polit.mn