Б.ТУУЛ

Монгол Улсын төсвийн төсөл, гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийн хэрэгжилт  хангалтгүй байгаа талаар “Үнэн Хатамж” ТББ-ын судалгааны багийнхан хэвлэлийн бага хурал хийлээ. Мониторингийн багийн мэдээлснээр “ 2019 онд Төрийн аудитын дүгнэлт, зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээг цаг тухайд нь шилэн дансны цахим хуудсанд ил тод болгоогүй 12 тохиолдол байсан бол 2020 онд 30 болон өсчээ. Тухайлбал, Монгол Улсын төсвийн төсөл, гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийн хэрэгжилт ч хангалтгүй байна. УИХ-ын анхааралд толилуулсан Төсвийн тогтвортой байдал хангагдахгүй байгаа талаарх удаа дараа давтагдаж буй зөрчил, дутагдлууд 2020 онд мөн давтагдсан, 2021 онд давтагдах магадлалтай байна. Мөн Зам тээвэр хөгжлийн сайд, Гадаад харилцааны сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэг газрын дарга 2017, 2018, 2019 онуудад гурван жил дараалан мэдээллээ оруулаагүй байна. УИХ-ын дарга, Сангийн Сайд, Нийслэл, Дархан, Завхан, Өмнөговь, Сүхбаатар ,Ховд аймаг 2018,2019 онуудад хоёр жил дараалан мэдээллээ оруулаагүй байна. Мэдээллээ оруулахгүй байна гэдэг нь хяналт тавих боломжийг хааж байна гэсэн үг. Эдгээр байгууллага нь мэдээллээ цаг хугацаандаа оруулахаас гадна аудитын дүгнэлт, зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээг ил тод болгох нь чухал ач холбогдолтой. 2019 оны байдлаар Монгол банк, АТГ аудитын мэдээгээ оруулсан ч авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллээ оруулаагүй байна.  Төрийн аудитаар илэрсэн алдаа дутагдлууд жил бүр давтагдан гарч буй нь хэрэгжилт муу байгаатай шууд холбоотой гэж мониторигийн баг үзэж байна. 2019 онд 19 ТЕЗ-ийн  урд онуудад гаргасан алдаа зөрчил нь давтан гарсан бол 2020 онд 10 ТЕЗ алдаа дутагдлаа давтан гаргасан байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn