Х.ОЮУНБОЛД

 

Талибанчууд Афганистаны ирээдүйн тэргүүнүүд, улс төрийн төлөөлөгчдийг сонгохын тулд шашны элит зөвлөлийг байгуулахыг шаардсан байна.  Мөн булаан эзлэгчдийн хүчний туслалцаатай бий болгосон байх боломжтой Афганистаны  Үндсэн хуулиас татгалзаж байгаагаа мэдэгджээ. Талибанчуудын хэвлэлийн төлөөлөгч Забиулла Муджахид  Голландын  радиод “Тус бүлэглэл Исламын сунийн шашинд тулгуурласан улс төрийн тогтолцооны төв, ирээдүйн халифийг сонгохын тулд шашны тэргүүнүүдийн хүчирхэг зөвлөлийг байгуулахыг зорьж байгаа” гэж ярьсан байна. Талибан хөдөлгөөнийг байгуулагч мула Мухаммад Омарыг тус бүлэглэл 1996 онд Засгийн эрхийг авсны дараа  ийм зөвлөлийн шийдвэрээр Афганистаны тэргүүнээр сонгогдож байжээ. Забиулла Мужахид “Шашны цөөнх болсон үндэстэн ястан, эмэгтэйчүүд,хэвлэл мэдээлэл болон үг хэлэх эрх чөлөөтэй холбоотой эрхийг баталгаажуулах, арга хайж Афганистаны Үндсэн хуулийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнээс гадна Катар улсын нийслэл Доха хотод Кабулын Засгийн газартай хийсэн энхтайван тогтоох талаар хийсэн уулзалтад оролцсон хэлэлцээрийн багт нэг ч эмэгтэйг оролцуулаагүйн улмаас талибанчуудын бүлэглэлийг шүүмжилсэн шүүмжид хариу өгчээ. Забиулла Мужахид “Эмэгтэйчүүд энэ төрлийн арга хэмжээнд оролцох чадваргүй, хангалттай хариуцлагатай биш. Талибаны бүлэглэл исламны жинхэнэ тогтолцоог байгуулахыг зорьж байна. Гэхдээ эмэгтэйчүүд шүүх, боловсрол, эрүүл мэндийн салбарт хязгаарлагдмал үүрэг” хүлээх болохыг онцолжээ.  Тэрээр энэ мэдэгдлээ Доха хотод Талибан бүлэглэл болон Афганистаны Засгийн газрын хооронд энхтайван тогтоох хэлэлцээрийг эхэлснээс хойш долоо хоногийн дараа хийсэн байна. Афганистаны Засгийн газар олон удаа талибанчуудаас хэлэлцээр хийх үеэр байлдааны галыг зогсоохыг хүсч байсан аж. Гэвч тус бүлэглэлээс тэдний тавьсан шаардлагыг биелүүлэх хүртэл мөргөлдөөн дуусахгүй гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.22 МЯГМАР № 183 (6408)