Б.ОД

Ирэх даваа гаригаас Монгол Улсын хэмжээнд бүх ЕБС энгийн горимоор хичээллэж эхэлнэ. Энэ талаар БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир  мэдээлэл өглөө. Тэрээр "Засгийн газар  энэ сарын 15-нд ээлжит бусаар хуралдаж 21-нээс хичээл, сургалтыг хэвийн горимд оруулах шийдвэрийг гаргасан. Хичээл сургалт хэвийн горимд шилжиж байгаатай холбогдуулан тухайн сургууль өөрийн менежментийн хүрээнд үүсгэсэн анги, бүлгийн зохион байгуулалтаар  батлагдсан сургалтын төлөвлөгөөгөө бүрэн хэрэгжүүлнэ. Сургууль, цэцэрлэг халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн  мөрдөнө. Бөөгнөрөл үүсгэхгүй, халдвар хамгааллын дэглэмээ барьж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө, зөвлөмжийг дагах, амны хаалт зүүх, сургууль, цэцэрлэгт агаар сэлгэлт хийх, чийгтэй цэвэрлэгээ хийх нь хэвээрээ байх юм. Мөн уралдаан, тэмцээн, олимпиадыг сургууль, орон нутгийн хэмжээнд зохион байгуулахгүй байхыг зөвлөж байна” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn