Зураач Э.Отгонбаярын “Хязгааргүй” үзэсгэлэн Будапештэд нээгдлээ

0
хуваалцах
300
үзсэн

Н.ДАЯН

Унгарын Будапэшт хотын Юожэфваароши галерейд монгол зураач Эршүүгийн Отгонбаярын “Хязгааргүй” бие даасан үзэсгэлэнгийн нээлт боллоо. Үзэсгэлэн энэ сарын 28 хүртэл үргэлжлэх ажээ. Үзэсгэлэнгийн нээлтэд ардын хөгжимчин Барвич Иван монгол эвэр бүрээгээр монгол ардын дууны ая тоглож сонирхууллаа. Цар тахлын үед мөрдөх зай барих журмын дагуу 50-аас илүү хүн байж болохгүй гэсэн дэг журмыг Галерей хатуу чанд мөрдлөө. Энэ үеэр Уран зохиолын түүхч, дуун хөрвүүлэгч Д.Ганболд болон Монгол Улсаас Будапешт хотод суугаа Элчин сайд З.Батбаяр нарын хэлсэн үгийг хүргэж байна.   

 

Уран зохиолын түүхч, дуун хөрвүүлэгч Д.Ганболд: ОТГО-гийн урлан бүтээх үйлсийг Дантегийн Тэнгэрлэг туульстай адилтган үзмээр санагдсан

 

-Өнөөдөр бид Будапешт хотод амьдардаг нэгэн гайхалтай монгол уран зураач ОТГО-гийн туурвисан уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт дээр ирээд байна. Үзэсгэлэнгийн мөн чанарыг илэрхийл гэвэл би одоогоос 150-170-аад жилийн тэртээд үндэстэнүүд болоод үндэстэн улсууд бид чухам хэн бэ, хаашаа хамаардаг, хэнтэйгээ ижил төстэй, хэнтэй төсгүй юм. Цаашдаа ямар зам мөрийг дагаж хэрхэн урагш ахих уу гэдгээ эргэцүүлэн бодож эхэлсэн тэр цаг үетэй зэрэгцүүлэн тавьж, харьцуулмаар санагдаж байна. Тэр улс үндэстэнүүд сонголтоо хийгээд эхлэхэд есөн шидийн бэрхшээл саад тотгор тохиолдсон юмсанж.

Бид ч гэсэн одоо яг л тийм цаг үед амьдарч байна. Миний нүдэнд одоо үзэсгэлэнгээ дэлгэн үзүүлж буй энэ монгол уран зураачийн бүтээлүүд тэр бүгдэд маш шийдвэртэй нөлөөлөх хариуг гарган өгчээ гэж бодогдном. Би ОТГО-гийн урлан бүтээх үйлсийг Дантегийн туурвих ажлын арга барилтай ялангуяа, түүний Тэнгэрлэг туульстай адилтган үзмээр санагдсанаа хэлэх юун. Данте дэлхийн сонгодог болсон энэ агуу том туулийг 1300 оны үед бичсэн бөгөөд тэр үед нь уран зохиол туурвих хэл латин байсан юм. Тэгэхэд Данте энэ агуу бүтээлээ өөрийн эх хэл италиар буюу Тоскан хэлээр бичихдээ энэ аялгууны салбар нутгийн аялгуу Флоренцийн аман аялгуугаар бичсэн байдаг. Түүнд юу чухал байсан гэхээр бүх хүнд бичсэнээ хүргэх, бас хүн бүхэн ойлгоосой гэж бодсон тэрээр өөрийнхөө ард түмэнд туулиа бичсэн түүхтэй.

Монгол Улсаас Будапешт хотод суугаа Элчин сайд З.Батбаяр: Би гэж хэн юм бэ

 

-Энэ уран зургийн үзэсгэлэнгийн нэр нь “Хязгааргүй” гэсэн байгаа. Тиймээс би ч бас хязгааргүй оршихуйн тухай хэдэн үг хэлье. Би гэж хэн юм бэ, бид гэж хэн юм бэ. Монголчууд, унгарчууд гэж хэн юм. Бидний хоорондын холбоо хаанаас үүссэн юм, үүх түүх нь юу вэ. Бид юуны төлөө амьдарч байгаа юм. Бид өнөөдөр яагаад заавал амны хаалт зүүх хэрэгтэй болов гэсэн хязгааргүй асуултууд байна. Үүнтэй адилхан амьдрал өөрөө хязгааргүй юм. Үй олон амьдралд өрнөж буй үүх түүх нь өөрөө хязгааргүй юм. Үзэсгэлэнгийн энэ танхимд орж ирсэн мөчдөө л хязгааргүйн мэдрэмжийг шууд авлаа. Өөрийгөө хязгааргүйн орон зайд орсон мэт мэдэрч үүнтэй адилхан манай хоёр орны найрсаг харилцаа, энэ сайхан үзсэгэлэн, бидний аз жаргал, хүсэл мөрөөдөл, амь амьдрал хязгааргүй байгаасай гэж хүсч байна.

Би өөрийгөө “Пешт хотын хүү” гэж хошигнох дуртай. Пештийн 4-6 номерийн трамвайгаар олон ч удаа энэ дүүргээр явж байсан ч нэгэн сайхан өдөр Монголын шилдэг уран бүтээлчдийн нэг болох Э.Отгонбярын үзэсгэлэнг энд нээлцээд явж байна гэж төсөөлж ч байгаагүй билээ. Надад тохиолдож буй энэ явдал ч хязгааргүй түүхүүдийн нэгэн жишээ гэж бодож байна. Мөн энэ завшааныг ашиглаад уран бүтээлч Отгоодоо, арга хэмжээг зохион байгуулахад анхнаас нь санаачилж чухал хувь нэмэр оруулсан уран зохиолын түүхч, дуун хөрвүүлэгч, багш Д.Ганболд ахад болон Будапешт хотын Йожефварош галерейн хамт олонд гүн талархал илэрхийлье.

ОТГО ч бас уламжлалт монгол зургийн арга техникээр бүтээлээ туурвидаг нэгэн. Яг л Данте өөрийнхөө эх хэлээр туурвидагтай адилхан, өөрийн монгол арга барилаараа тэр өөрийгөө хэн бэ гэдгээ, бас хаашаа хамааралтайгаа сайн тодорхойлж чадсан зураач юм. Энэ үүднээс хэлэхэд ОТГО үндэстний өвөрмөц чанарыг бүрэн хэмжээнд илэрхийлэгч бөгөөд моод болсон гол урсгал чиглэлийг даган явагч биш. Харин онцгой содон, өвөрмөц монгол уран зургийг шинээр бүтээн туурвиж чадсан уран бүтээлч мөн. Үүнийг л би Та бүхэнд онцлон хэлэхийг хүснэм. Энэ сайхан үзэсгэлэн гарч, энэ зургуудыг цар тахлын улмаас хүндрэлтэй байгаа одоогийн хэцүү нөхцөл байдалд ч үзэх боломж нээгдсэнд баярлаж буйгаа хэлмээр байна.

Эх сурвалж:  www.polit.mn