Т.САЙХАН

Европ тив даяар коронавирусын халдвар эрчимжиж талаар ДЭМБ-аас анхааруулжээ. Тухайлбал, сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд тивийн талаас илүү хэсэгт халдварын тохиолдлын тоо хоёр дахин өссөн байна.  Энэ талаар тус байгууллагын Европыг хариуцсан захирал Ханс Клюге Копенгаген хотод болсон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна.

Өчигдрийн байдлаар дэлхий даяар батлагдсан халдварын тохиолдлын тоо 30 саяд ойртож, 942,000 хүн нас бараад байв.

Зөвхөн өнгөрсөн нэг долоо хоногт Европ даяар 300 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн нь анх цар тахал эхэлсэн гуравдугаар сарын үзүүлэлтийг давсан байна.

Энэ удаагийн давалгаанд залуу хүмүүс илүү их өртөж байгаа тул нас баралтын тоо, эмнэлгийн ачаалал нь халдварын тохиолдолтой ижил түвшинд өсөхгүй байгаа ажээ.

Гэхдээ халдвар авсан залуу үеийнхэн вирусийг өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс зэрэг эмзэг давхаргынханд тараах аюул нүүрлээд байгааг Клюге анхааруулсан байна.

Эх сурвалж:www.polit.mn