Б.ДОЛЖИНЖАВ

Дулааны байгууламж, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, "Тавантолгой түлш" компанийн төлөөллүүд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаа  ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөс зарим зүйлийг тодруулсан юм.

Энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл ажил хэдэн хувьтай байна. Юун дээр төвлөрөн ажиллаж байгаа вэ?

 Нийслэлийн есөн дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажил 70 хувьтай байна. Тавдугаар сарын 15-наас  өвөлжилтийн бэлтгэл ажилдаа орсон. Одоогоор 80 мянга орчим тонн сайжруулсан түлш нөөцөлсөн. Энэ жил 1000 гаруй борлуулалтын төв нээнэ. Одоогоор 100 гаруй борлуулалтын цэг ажиллаж байна. Есдүгээр сарын 15-наас эхлэн  тусгай зөвшөөрөлгүй 100-гаас дээш кв хүчин чадалтай уурын зуухуудад түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засаг даргын захирамж гарсан. Одоогоор тусгай зөвшөөрөлтэй 22 байгууллагын 212 уурын зуух 53 мянган тонн түүхий нүүрсийг шүүлтүүртэй түлнэ. Харин бусад бүх тусгай зөвшөөрөлгүй газрууд түүхий нүүрс түлэхгүй. Энэ өвлөөс эхлэн 115 аж ахуйн нэгж, 9596 орон сууц сайжруулсан түлш хэрэглэнэ. Нийслэлд байгаа бүх зуух сайжруулсан түлш хэрэглэхээр техникийн шийдлийг нь хийсэн. Мөн угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулсан айлуудаар нэг бүрчлэн орж заавар зөвлөгөө өгч байна.

Айл өрхүүд бүгд дулаанд холбогдчихсон уу?

Есдүгээр сарын 15-наас эхлэн нийт орон сууцны 80 гаруй хувь нь дулаанд холбогдсон. Тодорхой газруудад засварын ажил хийж байгаа. 2016 оноос эхлэн 303 жижиг дунд оврын халаалтын зуухыг ашиглалтад оруулж, 434 орон сууц, байгууламжийг халааж байна.

Энэ жил хэчнээн тонн мах бэлдэх вэ?

2018-2019 онд  4000 тонн мах бэлдэж хомсдолд орсон. Харин өнгөрсөн өвөл 12 мянган тонн махыг 400 гаруй борлуулагч худалдаалсан. Энэ жилийн хувьд 20 мянган тонн мах бэлтгэх ажлыг хангаж байна.

Бороо ихтэй зун байлаа. Үүний улмаас олон зам эвдэрсэн. Эдгээрийн засварын  ажил ямар түвшинд байна?

Борооны улмаас үүссэн замын эвдрэлийн засварын ажил 70 гаруй хувьтай байна. Замын сангаас 2.8 тэрбум төгрөгөөр төвийн зургаан дүүргийн гол болон туслах замуудын эвдрэлийн нөхөөс, тэмдэг тэмдэглэгээг сэргээн засч байна.

Эх сурвалж:www.polit.mn