Б.ДОЛЖИНЖАВ

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн дараа УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ууганбаяр, Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг нар тусгай үүргийн нислэгтэй холбоотой мэдээллийг өглөө. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Гадаадаас нутаг буцах хүсэлтэй 10803  иргэний 5000 гаруй  нь БНСУ-д байгаа. Тиймээс  энэ сард Сөүл рүү дөрвөн удаагийн нислэг үйлдэж, 1000 орчим иргэнийг эх оронд нь авч ирэхээр тооцсон. Мөн нутаг буцах хүсэлтэй иргэдийн дунд тийз худалдан авах боломжгүй олон иргэн бий. Үнэхээр санхүүгийн боломжгүй гэдгээ нотолсон иргэдийн асуудлыг  Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн шугамаар шат дараатай шийдвэрлэнэ. Олон улсын шилжих хөдөлгөөний байгууллага хамтын ажиллагааны хүрээнд манай улсын 80 орчим иргэний буцах зардалд нь Засгийн газраас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа мэдэгдсэн.  Энэ ажил ойрын хугацаанд хэрэгжих байх" гэв.

Харин УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ууганбаяр Өнөөдрийн байдлаар зургаан удаагийн  тусгай үүргийн нислэгээр 1554 иргэн ирсэн. Улаанбаатар хотод тусгаарлан ажиглах байранд байгаа 2240 иргэнийг  31 зочид буудал, амралт сувиллын газарт хуваан байрлуулсан. Орон нутагт есөн цэг дээр 409 иргэн тусгаарлан ажиглалтад байгаа. Улсын хэмжээнд нийт 2649 хүнийг тусгаарлан ажиглаж байна. Цаг агаар хүйтэрч байгаа тул тусгаарлан ажиглалтад байгаа иргэдэд гаднаас дулаан хувцас, хэрэглэлийг нэвтрүүлэх уулзалт хийх боломжоор хангах шийдвэрийг холбогдох газруудад өгсөн” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn