Б.ДОЛЖИНЖАВ

Монгол Улсад айлчилсан БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Коронавирусын улмаас Монгол Улс орон даяар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжсэнтэй холбогдуулан уулзалтыг халдвар хамгааллын тусгай дэглэмийг өндөр түвшинд сахиж, зохион байгуулж байна.

Уулзалтын үеэр талууд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам баяжуулж, хоёр улсын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх, цаашид улам нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлд идэвх, санаачилгатай ажиллах, ингэхдээ нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт түлхүү хөгжүүлэх нөөц бололцоо хангалттай байгааг онцоллоо. Уулзалтын төгсгөлд талууд Монгол Улс-БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар хөгжүүлэхэд бэлэн байгаагаа харилцан илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ноён Ван И-гийн Монгол Улсад хийж буй айлчлалд амжилт хүслээ.

Эх сурвалж:www.polit.mn