Дуучин Ч.Насантогтох “The best of” цомгоо гаргажээ

0
хуваалцах
100
үзсэн

П.ХҮСЛЭНТУЯА

 

1980-1990-ээд онд “Миний охин сайн хүн болоорой”,”Хайрын дууль”, “Тэмээн жингийн цуваа”,“Үерхэл чамайгаа нандигнана”, “Зүүд”, “Амин үр” зэрэг олон уран бүтээлээр үзэгч түмнийхээ хүндлэлийг хүлээж, дуулсан дуу бүр нь сэтгэлд хоногшиж, аманд аялагдаж ирсэн дуучин бол “Зууны манлай” “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Насантогтох юм. Одоо тэрээр СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Орчин үеийн хөгжмийн урлагийн тэнхимийн эрхлэгчээр ажилладаг бөгөөд урлагийн ертөнцөд чанартай, чансаатай уран бүтээлчдийг бэлтгэдэг, “чангахан” багш нарын нэг.  Энэ нь түүний олон талын авьяастайг илтгэнэ. Тэрээр дуучин, хөгжимчин, багш мэргэжилтэй билээ.

 

Морин хийл дээр тоглосон сонгодог бүтээлүүд

 

Дуучин Ч.Насантогтох 2018 оны тавдугаар сарын 9-нд төрсөн өдрөөрөө “THE BEST OF” тоглолтоо хийж байсан бол энэ удаа мэргэжлийн дуучдаас анх удаа морин хийл хөгжимд зориулсан “THE BEST OF”  цомгоо гаргаж, үзэгчиддээ бэлэг барьжээ. Шинэ цомгийнхоо нэрийн талаар дурьдахдаа тэрээр “Нэгдүгээрт, хөгжмийн шилдэг бүтээлүүдээс оруулахыг зорьсон учраас цомгоо “THE BEST OF” гэж  нэрлэсэн. Мөн дараагийн нэг шалтгаан гэвэл урлагийн салбарын чадварлаг уран бүтээлч  “Рок” Р.Мөнхсайхантай хамтарч ажиллах таатай нөхцөл бүрдсэн. Тэр үед найруулагч маань тоглолтоо “THE BEST OF” гэж нэрлэх саналыг хэлсэн. Цомгийн хувьд, шилдэг хөгжмийн зохиолчдын зохиолуудаас дан хөгжмийн номерууд орсон болохоор энэ нэр зүгээр юм уу гэж ярилцсаны үндсэн дээр өгсөн” гэсэн юм. Цомогт  бидний сайн мэдэх ”Сэтгэлд шингэсэн говь” “Хөдөөгийн баясгалан”, “Модод нахиалдаг”, “Сэвхэт бор” зэрэг ардын болон зохиолын, орчин үеийн, сонгодог бүтээл болон жүжгийн дууг морин хийл дээр тоглосон 12 бүтээл багтжээ. Түүнчлэн дэлхийн суут хөгжмийн зохиолчдын уран бүтээлийг түүний шинэ цомгоос сонсох боломжтой.

 

Дуучин бүсгүйн тав дахь цомог

 

Энэ цомог нь уран бүтээлч бүсгүйн тав дахь цомог ажээ. Үүнээс өмнө тэрээр ”Нандин эрдэнэ”киноны дуу, ”Талын таван толгой”, ”Том болж дээ миний хүү”, ”Нартай бороо”,”Зөвхөн чи л мэднэ”,”Итгэл сэтгэл” хэмээх бүтээлийг үзэгчдэд хүргэж байсан юм.  Мөн тэрээр эх орныхоо дөрвөн  зүг, найман зовхис болон 1985 онд Дэлхийн Залуучууд Оюутны XII их наадмын төлөөлөгч, Куба, БНАСУ, АНУ, Япон зэрэг 20 гаруй оронд эх орноо төлөөлөн уралдаан, тэмцээн, соёлын өдрүүд, бусад олон талт арга хэмжээнд амжилттай оролцож, эх орноо сурталчилан таниулах үйлст хүчин зүтгэсээр ирсэн билээ. Эрхэм уран бүтээлчийн шинэ цомгийг шимтэн сонсоорой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.16 ЛХАГВА № 179 (6404)