Мэргэшсэн ажилтан бэлтгэх бодлогыг сурталчлах хэлэлцүүлэг боллоо

0
хуваалцах
99
үзсэн

Б.ОЮУНЗУЛ

 

Улс орны хөгжлийн бүтээн байгуулалтыг хошуучлан гүйцэтгэгчид нь мэргэжилтэй ажиллах хүчин байдаг. Тэр утгаараа Монгол Улс дэлхийн хөгжлийн өрсөлдөөн дунд өөрийн байр суурийг эзлэхийн тулд технологийн салбарын ажилчид буюу Мэргэжил сургалт үйлдвэрлэх суралцагчдынхаа боловсрол, ур чадварт онцгой анхаарал хандуулж, Монгол Улсын “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар тодорхой зорилтууд дэвшүүлэн ажиллаж байгаа юм.Энэ хүрээнд Засгийн газрын тогтоолоор МСҮТ, Политехник коллежийн захирал, багш болон ажиллагсдын цалин хөлсийг нэг шатлалаар нэмэгдүүлсэн.  Өөрөөр хэлбэл цалингийн тав хүртлэх хувийн урамшуулал авч байсныг 10 хувь болгон нэмэгдүүлсэн. Мөн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагсдад сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгох журмыг баталж, нас харгалзахгүй олгож байна. Гэтэл сүүлийн жилүүдэд хүн бүр их, дээд сургуульд суралцах сонирхолтой болж, МСҮТ-д суралцах оюутан залуусын тоо бууралттай байгаа нь тэдэнд мэдээ, мэдээлэл дутмаг хүрч байгаатай холбоотой хэмээн үзэж байна. Тиймээс МСНЭ ийн Ерөнхийлөгч үүргийг түр гүйцэтгэгч З.Болормаа. Хөдөлмөр, нийгмийн хамгаалаллын Сайд А.Ариунзаяа болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ-ийг төлөөлж Беате Диддмар нар мэргэшсэн ажилтан бэлтгэх бодлогыг сурталчлах хэлэлцүүлэг хийлээ. Уг хэлэлцүүлэгийн зорилго нь Монгол Улсад эдийн засаг өсөж аж үйлдвэрийн салбар төрөлжин хөгжиж, шинэ технологийг нэвтрүүлж хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэй ажилтны эрэлт хэрэгцээг тогтмол нэмэгдүүлэх аж. Залуус мэргэжлийн диплом өвөртлөхөөс илүү мэргэжил боловсролын төвд суралцаж ажиллах орчин болон суралцах нөхцөлөө сайжруулах боломжтой. 2019 оны байдлаар залуучуудын ажилгүйдлын түвшин эрэгтэйчүүдийн дунд 18.8 хувь, эмэгтэйчүүдийн дунд 20.2 хувьтай байгаа. Энэ ихэнх залуучууд мэргэжлийн боловсролын сургалтад хамрагдахаас илүү их, дээд сургуульд суралцахыг эрмэлздэгтэй холбоотой. Үр дүн нь мэргэжлийн салбар хөдөлмөрийн зах зээл дээрх мэргэжилтэй ажилтны эрэлт хэрэгцээг тоон болон чанарын хувьд хангаж чадахгүй байгааг онцолсон юм. Тиймээс сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газраас мэргэжлийн боловсролын сургалтыг сайжруулах талаар ихээхэн анхаарч байна.Энэ талаар албаны хүмүүсийн сэтгэгдлийг сонсов.

 

З.Боргилмаа / МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч/: Халамжаас хөдөлмөр лүү шилжүүлнэ

 

-Манай хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны зүгээс ойрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт хамгийн гол зорилгоо дэвшүүлэхдээ халамжаас хөдөлмөрт шилжинэ гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Өнөөдөр манай боловсролын систем буруу ажиллаж байна. Ажлын байраар хангаж байгаа байдал ямар байгаа талаар хөдөлмөрийн зах зээл өөрөө ямар байр суурьтай байна. Яг одоогийн эрэлт хэрэгцээндээ нийцэж чадаж байна уу, үгүй юу гэдэг дээр бодлогын анализ хийх хэрэгтэй. Бусад хөгжингүй улс орнууд жишээ нь Герман улсад мэргэжил сургалт үйлдвэрийн төвдөө томоохон төсөл хэрэгжүүлдэг. Яг одоо манай оронд яригдаж байгаа МСҮТ-н салбар дээр Герман улс долдугаар ангиас нь эхлээд хүүхдүүдэд мэргэжлийн чиглэлийн сонголтод тулгуурласан хичээл ордог. Гэтэл манай улс эсрэгээр нь үйл ажиллагаа явуулдаг. Жилдээ 40 мянган хүүхэд МСҮТ-д  суралцдаг. Бодлогоор үүнийг яаж өөрчлөх вэ гэвэл МСҮТ-ийн мэргэжлийг ямар сургалт явуулдаг талаар нийгэмд сурталчлах, үнэ цэнийг мэдрүүлэх ёстой юм. Мэргэжил бүхэн сайхан. Өнөөдөр диплом эзэмшээд сайн хүн болохгүй, зөвхөн мэргэжил эзэмшиж байж амьдралаа илүү сайн авч явна гэдгийг нийгэмд таниулахыг хүсэж байна. Халамжаас хөдөлмөр лүү шилжүүлнэ гэдэг нь тухайн төгсөгчийг нийгэмд шууд эзлэх байр суурьтай болгох л үйл явц юм.

 

Баете Диппмар /Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ-ийг төлөөлөгч/: Ажил олгогчид өөрсдөө мэргэжилтнээ тодорхойлох хэрэгтэй

 

-Мэргэжлийн боловсролын сургалтыг сурталчлахдаа хамгийн гол нь зорилтод бүлгээ тодорхойлох ёстой. Гол үр шим хүртэгчээ тодорхойлох хэрэгтэй. Жишээ нь, сурагчид маань мэдээллээр хангагдаж байх хэрэгтэй. Эцэг эхчүүд мэргэжил сонголтод хамгийн том шийдвэр гаргаж, түүнд нөлөөлж байдаг. Тэгвэл эцэг эхчүүдэд бид нар мэдээлэл өгөх хэрэгтэй. Мөн ажил олгогчид өөрсдөө мэргэжилтнээ тодорхойлох, хэрэгтэй боловсон хүчнээ шаардаж эхлэх юм бол хүмүүс тухайн ажилд орох боломжийг олж харна. Тиймээс энэ ойлголтыг нэмэх хэрэгтэй. Манай орны хувьд мэргэжилтэй ажилтан дээрээ тулгуурладаг. Гэхдээ Германы хувьд систем нь өөр аж ахуй нэгжүүд дээрээ их анхаарч ажилладаг. Аж ахуй нэгжүүд нь хамтарч ажиллаж мэргэжлээ сурталчилдаг байгаа. Багаас нь цэцэрлэгт байхаас нь мэргэжлийг нь тодорхойлдог гэв. Гол нь сургалт хөтөлбөр аж ахуйн нэгжийн хамтын үйл ажиллагаа юм. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.16 ЛХАГВА № 179 (6404)