С.САРУУЛ

Оймсондоо 10  мянган ам.доллар нуугаад үйлдэл дээрээ баривчлагдсан МХЕГ-ын Хил хорио цээрийн хэлтсийн дарга асан Н.Баярсайхан, Э.Аззаяа, Ш.Тэгвандан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Д.Төмөрбаатар  нарт холбогдох шүүх хурал    өчигдөр /2020.09.14/ болсон юм. Шүүх хуралд шүүгдэгч Э.Аззаяагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням нь шүүх хуралдаан давхардсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, шүүгдэгч Д.Төмөрбаатарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Иймээс  шүүх хуралдааныг есдүгээр сарын 21-ний 09.30 цаг хүртэл хойшлуулж шүүгдэгч Д.Төмөрбаатар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй нь батлан даалтад байх хугацааг зөрчсөн гэж үзэн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор болжээ.  Мөн Н.Баярсайхан, Э.Аззаяа нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир, Ж.Тэгвандан нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэсэн байна. Н.Баярсайхан, Э.Аззаяа нарт 2019 оны тавдугаар сард шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэсэн ч Улсын ерөнхий прокурор давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэнээр хэргийг дахин авч үзэхээр болсон юм.

Эх сурвалж: www.polit.mn