Ч.Зотол

Монгол Улсын Ерөнхий сайд асан  Ж.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурлын танхимд өнөөдөр   09.00 цагт эхэлсэн. Шүүх хуралд  Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нар  онлайнаар оролцож байна. Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны  шүүх хуралдаан долдугаар сарын 2-нд эхэлж, 6-ныг хүртэл үргэлжилсэн. Шүүх бүрэлдэхүүний зүгээс  Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Б.Отгонбаатарыг бусадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Д.Ганбатыг бусадтайгаа хамтран эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж гэмт хэрэгт  хамжигчаар оролцсон, Д.Түвшинжаргалыг хамжигчаар оролцсон гэм буруутайд тус, тус тооцсон. Улмаар шүүх бүрэлдэхүүн дүгнэлтээ гаргахад  Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасч, зургаан жил хорих ял ногдуулж,  Д.Түвшинжаргалыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, таван жил хорих ялаар, Д.Ганбатыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, гурван жилийн хорих ялаар шийтгэсэн юм.   Ж.Эрдэнэбатын хувьд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж, сурталчилгаагаа эхлүүлээд байхдаа  баривчлагдан хоригдсон. Улмаар сонгуулийн дүн гарахад олонхийн саналаар сонгогдсон. Тангараг өргөж амжаагүй ч тэр Сэлэнгэ аймгийн иргэдээс төрд илгээсэн төлөөлөл. Гэтэл өнөөг хүртэл  торны цаана  сууж,  шүүхийн шатанд асуудал дуусаагүй байна. Түүний өмгөөлөгч нарын зүгээс давж заалдахаар гаргасан  гомдолдоо  Ж.Эрдэнэбат нарт холбогдуулсан хэрэг нь хуулийн олон зөрчилтэй, тэр бүү хэл  Үндсэн хууль зөрчиж,  хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэлд халдсан зүйлүүд байгааг тайлбарласан байна. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал үргэлжилж байна.

 

Эх сурвалж: polit.mn