Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Билогийн ухааны доктор  Ш.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. Тэрээр  маршал Ю.Цэдэнбал  ямар хүн байсан талаар  ном бичиж байгаа юм. 

 

-Бал даргыг “оргуулж” явсан,  бас түүний тухай ном бичиж болсон шалтгаан нь юу байв?  


-Намайг ЗХУ-д аспирантурт сурч байх үед Бал дарга Москвад гэрийн хорионд  байсан. Би Увсын хүн л дээ. Зуны амралтаар гэртээ харихад аав минь “Чи очиж Бал даргын биеийг асууж байна уу” гэлээ. “Тэр чинь тусгай хамгаалалттай, юун над шиг хүнийг оруулах билээ” гэхэд “Битгий худал хэл, албан тушаалаас нь буулгаж гудамжинд гаргаж хаясан  тэр хөгшнийг  одоо юу гэж  хамгаалах вэ. Чи өөрөө санаачилга гаргаж очихгүй байна” гэж загналаа. Ингээд намар сургуульдаа очихдоо  аспирантурт хамт сурч байсан Увсын Даваахүү гэж залуутай энэ тухай ярилаа. 

Бал даргын дүү, Худалдааны яамны дэд сайд байсан   Ю.Аюуш гэж хүний охин А. Буянтөгс гэж бүсгүй бидэнтэй хамт аспирантурт сурч байсан юм. А.Буянтөгс Бал даргын гэрт А.И.Филатовагийн гар дээр  өссөн болохоор хааяа  гэр рүү нь очно. Ирэхээр нь бид юу болж байгааг асууна. Нэг удаа  очоод ирэхдээ “Цаадах чинь солиорох гэж байх шиг байна. Цаас өгдөггүй болохоор Элчин сайдын яамнаас оруулсан  сонингийн зах дээр хуучин монголоор “Чи гэртээ харь”  гээд дүүрэн эрээччихсэн уйлаад сууж байна” гэлээ. Тэрийг сонсоод дотор нэг юм огшоод явчихсан. Орой нь хэдүүлээ бөөгнөрч суугаад  Даваахүүдээ хэллээ “Ер нь оргуулбал яадаг юм. Чи Тэсээс  азаргаар адуу тууж ирдэг гээд байсан биз дээ. Би Кизил рүү онгоцонд суулгаад явуулъя. Чи цаанаас нь тосч аваад хил гаргаад Давст сум руу хүргээдэх. Цаашаа өөрөө учраа олог” гэлээ. Өнөөх маань онгироод “тэгье” гэж байна. Ингээд оргуулах төлөвлөгөө боловсрууллаа. Тэр үед Улаан-Үд, Кизилээс цааш хил чөлөөтэй, тор татдаггүй. Кизил рүү гэхдээ гадаадын хүн явуулахгүй, Оросын паспортаар билет аваад  явчихна.  Онгоцонд суухад  паспорт харахгүй. Би олон удаа тэгж хүн явуулж өгч байсан юм. Бал дарга паспортгүй юм гэнэ лээ, би аргалаад явуулъя гэлээ. Дараа нь оргуулсан гэж шоронд орвол ч орно биз гэж зориглолоо. А.Буянтөгс хэлэхдээ Бал даргыг   14:00  цагт  хар 24-т суулгаж Лениний ууланд салхинд гаргадаг. Цааш нь эмнэлэг оруулж үзүүлээд гэрт нь хүргэдэг. Унааг нь улсаас өгдөг гэсэн юм. Комиссарууд нь байхдаа гаргадаг  байсан. Тэднийг буцснаас хойш хааяа А.Буянтөгс очиж гаргадаг байсан ч хичээлтэй учраас амжихгүй болсон. А.И.Филатова гуай ядраад биеэ даахаа байсан. Сүүлийн үед орос авгай хөлсөлж сугадаж машинд суулгаад өдөрт нэг удаа салхинд гаргах болсон юм билээ. Бид салхинд гарах үед нь амжуулж оргуулахаар тохирлоо. 14:00 цагаас өмнө  Лениний уулны орчим очоод  хүлээж байтал хар 24 давхиад ирээд цагаан цувтай хүн бууж сонин уншаад үлдлээ. Би дотроо НАХЯ-ныхан одоо болтол дагана гэж баймгүй юм гэж бодож суулаа. Удалгүй бас нэг хар 24 давхиж ирээд орос авгай Бал даргыг сугадаж  суулгалаа. Салхитай өдөр байсан юм, Бал даргын цагаан үс сөрвийтөл хийсээд өрөвдмөөр. Лениний уулын Москва руу харсан тавцан руу гарахаар нь дөхөж очоод мэндлэхэд өөдөөс “Чи чинь аль нутгийн  хүүхэд вэ” гэж байна. Ерөөс хүнтэй таарахад асуудаг үг нь тэр. Тийм болчихсон гэж А.Буянтөгс хэлж байсан юм. Би Увсынх шүү дээ, та манай аавыг таних уу гэхэд “Өө, чи Увсынх юм уу” гээд ярьж байснаа дахиад “Чи чинь аль нутгийн хүүхэд билээ” гээд асуух юм. Юмаа мартаж, санадаг, эрүүл мэндийн байдал их дор  орсон байсан даа. Нэг мэдэхэд  өнөөх цагаан цувтай хүн бидний хажууд ирээд зогсчихсон байсан. Далдаас  туршдаг, тагнаж чагнадаг нь хэвээрээ байгааг  би тэгэхэд мэдсэн. Бал дарга бол өөрөө тэрийг мэдэхгүй байсан байх. Ингээд тэр  хүнийг оргуул ах төлөвлөгөө маань лөөлөө юм байна гэдгийг би ойлгосон. Очоод Даваахүүдээ  ч хэллээ. Бидний мөрөөдөл хийрхлээс хэтрээгүй. Оролдсон бол буудуулж алуулаад дуусах байсан. 1995 оны үед сэтгүүлч Б.Золбаяртай хөдөө замд хамт явахдаа энэ дурсамжаа ярьтал “Та бичээд өг” гэснээр “Өдрийн сонинд” гарсан юм. Түүнээс хойш ерөөс Ю.Цэдэнбал даргыг хүнийх нь талаас  судалж эхэлсэн. Ном бичээд найман  жил боллоо,  дуусаагүй л байна. 

 


-УИХ-ын дэд дарга,  Цагаатгах ажлын удирдан зохион байгуулах комиссын дэд дарга С.Одонтуяа саяхан  Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг  цагаатгуулахаар шүүхэд хандсаныг та юу гэж бодож байна?


-Ардчиллынхан гэнэт Бал даргад хайртай болж гэнэ. Тэр бол шоу. Унасан нэр хүндээ  Бал дарга дээр тохож  өөдөө гарна гэж байхгүй. Ардчиллынхан анх  Бал даргыг гутаан доромжилж, юу ч үгүй болгосон. Одоо “Бид цагаатгуулах гэж байна” гэж  явааг  нь хараад дургүй хүрсэн. Тиймээс түүхийн ухааны доктор С.Жамбалсүрэн багш руу залгаад  “Та яах гэж ийм зүйл рүү орж явдаг юм бэ. Наадах чинь Бал даргын төлөө сэтгэл гаргасан биш нэрээр нь шоу хийх гэж байна” гээд   загначихсан. Энэ бол С.Эрдэнэ сонгуулийн үеэр “Бид гарвал Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгоно” гэж шоудсантай  адил зүйл. Ер нь бол 1997 онд Н.Багабанди Ерөнхийлөгч байхдаа нэр төрийг нь сэргээж, хурааж авсан одон медалийг нь буцааж өгсөн. 2016 онд Ч.Хүрэлбаатар  “Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбал агсныг улс төрийн талаар бүрэн цагаатгах УИХ-ын тогтоолын төсөл”-ийг  санаачилж батлуулсан. Одоо цагаатгана гэж мянга ярьж, худал шоудаж  байхаар амьдарч байсан байрыг нь авч “Гэр музей” болго, ингэж л буян бол. Өөр юм хэрэггүй. Ийм хүсэлтийг 30 гаруй хүн гарын үсэг зурж баталгаажуулаад төр, засагт өгч байсан. 

 


-Ю.Цэдэнбал агсны  амьдарч байсан байр одоо төрийн өмчид, Ерөнхийлөгчийн мэдэлд байдаг санагдана? 


-Анх тэр байранд  Ерөнхийлөгч П.Очирбат  “Би орно” гээд хамаг юмыг нь гаргаж хаясныг  бодохоос дургүй хүрдэг. Хүн нь амьд байхад байрыг нь суллуулаад орж байсан. Дараа нь тэр байрыг Японы компани авч хэдэн жил үйл ажиллагаа явуулж замхруулсан. Сүүлд төр  авч Ерөнхийлөгчийн зүгээс  хүлээн авалт хийх зориулалтаар ашиглах  болсон. Тэр байр улсын өмч биш. Маршал Х.Чойбалсангаас Ю.Цэдэнбалд  бэлэглэсэн байр. Анхны эх сурвалжийг тодруулбал маршал Х.Чойбалсанд оросууд бэлэглэсэн. Дайны дараа  орос цэргүүдийн барьсан барилга. Ардчиллынхан   1988 онд  Бал даргыг ирэхэд гэрээс нь хөөж гаргаад шүүхийн, тогтоол шийдвэргүйгээр байрыг нь суллуулж авсан. 1991 онд Орост нас барахад нь Да.Ганболд  “Тэрний шарилыг авчирч яах юм, тэнд нь л үлдээнэ биз” гэж байсан гэдэг. Гэтэл Монгол Улсаа  шинэчилсэн, улс орныхоо тусгаар тогтнол, хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг баталгаажуулсан, БНМАУ-ын далбааг НҮБ-ын байранд мандуулсан, эх орныхоо их бүтээн байгуулалтыг эзэнгүй тал дээр цогцлоож, их Сталинд бараалхан, Хрущевтай дотносож, Мао Цэ Дунтай гар барьж, Брежневтэй тэврэлцэж,  Горбачевыг өөртөө бараалхуулж явсан хүн Монголын түүхэнд ердөө ганцхан шүү дээ. Дахиад ийм удирдагч төрөхгүй. 

 


-Тэр хүний онцгой чанарын талаар та юу хэлэх вэ? 


- Бал даргын онцгой чанар гэвэл тэр хүн тухайн тэр л цаг үеийн захиалгаар “бий болж” түүндээ хэлбэршгүй тууштай үнэнч байсанд оршино.Кремлийн эрх баригчид анхнаас нь залуу Цэдэнбалыг “халамжиндаа авч” гарын дороо байлгах бодлого явуулж байсан  ч сүүлдээ “социалист интернациональ” гэгч үзэл санааны хүрээнд үзүүлэх тэдний дарамт шахалтын эсрэг тэмцэж эхэлсэн учир арга буюу хүчээр зайлуулж  Москвад гэрийн хорионд байлгаж байгаад зүйл дуусгасан
Бал даргад одоогийн төрийн өндөрлөгийнхөн шиг албан тушаалаа ашиглан хувийн ашиг хөөцөлдөх тухай санаа  бодол толгойд нь нэг хором ч төрж байгаагүйг түүх баталдаг. Түүнд хувийн өмч гэж юу ч байсангүй, тэрээр ухамсартай бүхий л амьдралаа эх орныхоо буюу бидний төлөө зориулсан. 1988 онд  ирээд хувийн эд хогшлоо аваад буцахад нь түүнийг ихээхэн зүйл эх орноосоо авч явах гэж байна гэж хардан ачааг нь дээрээс зориуд зохион байгуулан гаалийн үзлэгээр дахин оруулахаар болсон байдаг. Өвгөн үүнд нь өчүүхэн ч уурлаж уцаарласангүй харин тэр  үзлэгт ихэд талархаж бүх зүйлээ дахин задлан үзүүлэхэд  тэдний сэжиглэж байсан бараанд юу байсан гээч. 20 цаасан  хайрцагт нь дан ном, үлдсэн хэдэн хайрцагт хуучин хувцас, орны цагаан хэрэглэл байсан гэдэг. Итгэмээргүй байгаа биз. Тэр үеийн зүүн Европын зарим удирдагчид тухайлбал Румыны Чаушеску шиг Швейцарын банкинд хэзээ нэгэн цагт хэрэг болно гэж байршуулсан нэг ч ам.доллар байгаагүй.  Филатова гуайг хүүхдүүдтэйгээ даргыг оршуулах гэж ирээд гурав хоноод буцахад нь  манай төр, засгийнхан зочид буудал, байр хоолны мөнгө гэж 30 мянган төгрөг нэхэж байсан. Түүнийг нь төлөх мөнгөгүй хөгшин, Монгол дахь Оросын ЭСЯ-наасаа зээлж дараа нь увуу цувуу тэтгэврээсээ төлж барагдуулсан юм билээ. Даанч ичмээр шүү. Тэр улс орныхоо төлөө чөмгөө дундартал зүтгэсэн. Цаг наргүй ажилласан. Ямар сайндаа хамаг хөрөнгийг нь хурааж, албан тушаалаас нь огцруулахад “Би ажилгүй болчихлоо шүү дээ, би ажилгүй яах юм бэ” гээд уйлж байсан гэж ойр дотныхон нь дурсдаг. 

 


-Хамгийн чухал өв хөрөнгө  гэрийнх нь номын сан байсан гэдэг? 


-Гэрийнх нь номын санд 10 гаруй мянган ном байсан талаар комиссаруудын дурдатгалд байдаг юм билээ. Түүний аминаасаа илүү нандигнан хадгалж орсон гарсан хүн болгонд үзүүлэх дуртай үндсэн хөрөнгө нь ердөө л тэр байсан.Хүн ирэхээр дагуулаад оруулж үзүүлдэг байсан гэлцдэг. Гэтэл тэр үнэ цэнэтэй номын сан үрэн таран болсон. Бүх ном нь өөрийнх нь дардастай байсан гэдэг. Хуучин номын худалдаагаар тэр үед тавхайгаа эргэтэл явж хайгаад ганц ч тийм дардастай ном олоогүй. Одон медаль нь ч замаасаа үрэгдэж, бэлгэнд ирсэн буу, сэлмийг  нь тэр үеийн цагдаа, хуулийн томчууд авч гангарсан юм гэнэ лээ.

 


-Түүнийг  хэлмэгдсэн гэх нэгэн  байхад Монголын хамгийн том хэлмэгдүүлэгч байсан гэж буруутгах нь ч бий? 


-Улс төрийн хэлмэгдэгсэд  гэж баахан хүн төрөөс  нөхөн төлбөр, байр авсан. Одоо болимоор юм. Бал даргын үед улс төрийн тэмцлийн явцад  хэдэн хүн албан тушаал буусан.  Хэнийг нь ч гадаад руу цөллөгт явуулаагүй, өөрийн оронд өөр ажилд томилсон. Тэднийг яагаад ажлаас халах болсныг авч үзвэл бүгд албан тушаал, эрх мэдэл булаалдсан  нөхдүүд байдаг. Хүргэн нь болох гэж үзээд, тавьтаргүйгээ мэдэгдэж хол шидүүлсэн хүн ч бий. Намын бүгд хурлаар тэр нь илэрсэн юм билээ. Миний бичиж байгаа номд хүн  тус бүрээр  түүх  бичигдэнэ. Одоогоор номын нууцыг задлаад юу хийх вэ. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонины

2020.9.15 № 178 (6403)