Б.ОД

Улсын онцгой комисс /УОК/ хандивын мөнгөний зарцуулалтынхаа жагсаалтыг дахин шинэчилжээ. Есдүгээр сарын 11-ний байдлаар Онцгой байдлын ерөнхий газарт 291 аж ахуйн нэгж, байгууллага, 257 иргэнээс бэлэн мөнгө хэлбэрээр 3 тэрбум 519 сая 55 мянган төгрөг цуглаж, бүгдийг зарцуулж дуусчээ. Харин 11 аж ахуйн нэгж, байгууллага, иргэн 4.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа материал хандивласнаас 2.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа материалыг тусламж хүссэн байгууллагуудад хуваарилсан байна. Одоогоор 1.6 тэрбум төгрөгийн бараа материал үлдээд байгаа аж. Мөн гурван аж ахуйн нэгж байгууллага 800 толгой хонь хандивласнаас 500-г зарцуулсан. Үүнд 200-г нь ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвд хандивласан бол үлдсэн 300 хонийг худалдан борлуулж, мөнгийг нь дансанд төвлөрүүлсэн гэж албаныхан танилцуулжээ. Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилд зориулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн УОК-т хандив өргөж эхэлсэн. Тус хандивын зарцуулалтыг ОБЕГ-ын албан ёсны сайтад олон нийтэд нээлттэй ил тод танилцуулсан ч дөрөвдүгээр сараас хойш хандивын зарцуулалтын жагсаалт шинэчлэгдээгүй байсан юм.

Эх сурвалж:www.polit.mn