Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд есдүгээр сарын 18-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

XVIII зууны сүүлч XIX зууны эхээр Латин Америкийн чөлөөлөх хөдөлгөөн хүчээ авч, Францын агуу хувьсгал түүнийг хурдасгажээ. Чилийн Креолийн цэргийн хунт 1810 оны есдүгээр сарын 18-нд Испаниас тусгаар тогтносноо зарлав. Үүнээс хоёр сарын өмнө Сантьяго хотноо бослого эхэлсэн байв. Засгийн эрхэнд гарсан цэргийн хунт Испанийн засаг захиргааг зайлуулсан ч Испаниас бүрэн салах хүсэлгүй байсан учир колончлогчид Перугаас нэмэлт хүчин илгээн 1814 онд Чилийн эх орончдыг бут ниргэж, дэглэмээ сэргээсэн байна. Гэхдээ 1817 онд Бернардо О’Хиггинсийн удирдсан Чилийн  эх орончид голдуу Чөлөөлөх арми Чилид орж ирсэн байна. О’Хиггинс 1817 оны хоёрдугаар сарын 12-нд испаничуудыг Пуэрто-Чакабукогийн дэргэд ялжээ. Үүнээс дөрөв хоногийн дараа тэрээр тусгаар Чилийн дарангуйлагчийн эрхийг авсан байв. Тус улс 1844 оноос тусгаар тогтнолын баяраа есдүгээр сарын 18-нд тэмдэглэж ирсэн юм.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна

1809.09.18.  Энэ өдөр “Ковент-Гарден” театрын шинэ байрыг нээх үеэр Лондоны түүхэнд Театрын хуучин үнийн үймээн нэрээр орсон эмх замбараагүй байдал гарчээ.  1732 онд байгуулагдан ажиллаж байсан театр 1808 онд бүрэн шатсан байв. Галын хохирлыг 150 мянган фунт стерлингээр үнэлсэн нь тэр үедээ асар их мөнгө байжээ. Үндэсний хандиваар 19 мянгыг олсон учир тасалбарынхаа үнийг нэмсэн байна. Шинэ байрны нээлтээр хөшиг нээгдэнгүүт үзэгчид шүгэлдэж, эхэлсэн учир театрын дарга Филип Кембл цагдаа дуудсан ба тэр нь үзэгчдийн дургүйцлийг зогсоож чадсангүй. Театрын дарга боксын аварга Даниэль Мендозийг хөлслөн авч үзэгчдийг хоёр долоо хоногийн турш дарамталсан нь тэдний дургүйцлийг улам ч хүргэжээ. Эцсийн дүнд Кембл үзэгчдээс уучлалт гуйж, хуучин үнээр тасалбараа худалдах болов.

1698.09.18. Пьемонтын шоронгоос Парисийн Бастилийн шоронд нүүрийг нь төмөр багаар нуусан хүнийг 1698 оны энэ өдөр шилжүүлэн авчирчээ. Төмөр багийн түүх XVII зууны наяад оноос эхлэн эрдэмтэд, зохиолчид, кино найруулагч нарыг гурван зууны турш догдлуулж иржээ. Хамгийн анх тэр нууц хоригдлыг нас барснаас 30 жилийн дараа уг сэдвийг Вольтер өөрийн “XIV Людовикийн зуун” бүтээлдээ хөндсөн байна. Үүнээс зуун жилийн дараа Александр Дюма “Төмөр баг” романаа бичжээ.

Эх сурвалж www.zms.mn