Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд есдүгээр сарын 14-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Бородины тулалдааны дараа Кутузов ухрахаар шийдээд армиа авч үлдэхийн тулд Москваг орхин гарчээ. 1812 оны энэ өдөр Наполеоны арми Москваг тулалдалгүйгээр эзэлсэн байна. Москва эзгүйрсэн байлаа. Тэрээр нийслэлийг нь эзлээд I Александр хааны бууж өгөх гэрээнд гарын үсэг зуруулна гэж найдаж байсан юм. Гэвч оросууд бууж өгөх бодолгүй байв. Амбан захирагч Ростопчины тушаалаар хүнсний агуулахуудыг шатаасан байв. Францчууд хоол хүнс хайн байр байшингуудыг тонож эхэлсэн ба удалгүй түймэр гарч хотын ихэнхийг галдсан байв. Францын арми амарч чадаагүйгээр барахгүй ар талаасаа холдон бараг таслагдсан байсан юм. Наполеон хоосон хотод үлдэх нь армиа мөхөөнө гэж айгаад аравдугаар сард Москваг орхин ухарчээ. Кутузовтай найрамдахаар элч илгээсэн боловч оросууд түүний саналыг хүлээн аваагүй юм

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна

786.09.14. Өнөөгөөс 1224 жилийн өмнө Аббасидуудын улсын засагт хожим шударга гэх нэртэй болсон 20 настай, Аббасидын овгийн тав дахь халиф Харун ар-Рашид (Гарун аль-Рашид) (766-809)  гарч ирээд Ираны феодалын язгууртан Бармакидуудын гэр бүлийн визирүүдийн тусламжтайгаар төр барьжээ. Тэднийг 803 онд зайлуулаад ганцаараа улсаа захирах болсон байв.  Тэрээр аян дайнд явж байгаад 809 онд нас баржээ. Харин Багдад хотыг дорнын оюун ухааны нийслэл болгож чадсан ба өөртөө гайхалтай ордон босгуулсан байлаа. Тэрээр Багдадад их сургууль, номын санг бий болгосноос гадна олон сургууль, эмнэлэг бариулж, урлаг, шинжлэх ухааныг дэмжиж иржээ. Өөрөө шинжлэх ухаан сонирхдог, шүлэг бичдэг байсан гэдэг. Түүний үеэр халифат нь хөдөө аж ахуй, гар урлал, худалдаа, соёлоо цэцэглүүлж чадсан байв.  Харин Хятад ба Франкийн улстай харилцаа холбоо тогтоон ажил хэрэгтээ Хятадаас дөнгөж тарж эхэлсэн цаасыг ашиглаж байлаа. Тэрээр суннитийн олонх ба шашны зүтгэлтнүүдээр төрийн эв нэгдлээ хангуулж, бусад сөрөг хөдөлгөөнийг харгислан дарж байв. Түүний дүрийг үлгэр домогт шүтээн болгосон байна. “Мянга нэгэн шөнийн үлгэрт” тэрээр шударга, энэрэнгүй, ухаалаг хүн болон бичигдсэн байдаг.

1891.09.14. “Вулверхемптон Уондерерс”, “Аакрингтон Стэнли” хоёр багийн хооронд Вулверхемптон хотноо болсон тоглолтод талбайн эзэн багийн Жон Хит хөлбөмбөгийн түүхэнд анхных болох торгуулийн цохилтоор эсрэг талын хаалганд бөмбөг оруулсан байна. Хөл бөмбөгчин байсан үйлдвэрийн эзэн Уильям Маккрумын санаачилсан 11 метрын торгуулийн цохилтын тухай 13 дугаар заалт гарснаас хойш хоёр долоо хоногийн дараа ийнхүү анхны пенальтийг хийжээ. Эхлээд түүний саналыг хүлээн авахгүй байлаа. Гэтэл Британийн хөлбөмбөгийн холбооны цомын хагас шигшээ тоглолтоор гарсан хэрэг тэр журмыг хүлээн авахад хүргэжээ. Тоглолт дуусахаас минутын өмнө нөгөө багийн хамгаалагч бөмбөгийг торгуулийн талбайдаа гараар хааж зогсоосон байна. Эсрэг талынхан нь бөмбөгийг зогсоосон газраас буюу хаалганаас хэдхэн см-ын цаанаас торгуулийн цохилт хийсэн боловч хаалгач нь тулан зогсч байгаад гоол алдаагүй ажээ. Энэ тохиолдлоос хойш 11 метрын пенальти цохих болсон байна.

Эх сурвалж www.zms.mn