Төв Америкийн орнуудын тусгаар тогтнолын өдөр

0
хуваалцах
137
үзсэн


Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд есдүгээр сарын 15-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Төв Америк, Карибийн бүсийн Гветамала, Гондурас, Коста-Рика, Никарагуа ба Сальвадор зэрэг орнууд Испаниас тусгаарлан дараа нь тус, тусынхаа хил хязгаараа тогтоожээ. Төв Америкийн тусгаар тогтнолын өдрийг Коста-Рика  ч тэмдэглэж байна. Коста-Рика Испанийн колонийн эсрэг тэмцээгүй ч бусад орнуудынхаа зүтгэлээр эрх чөлөөтэй болжээ. Энэ өдөр ёслолын жагсаал болдог. Гэхдээ Коста-Рика армигүй учир ёслолын жагсаалын гол гүйцэтгэгч нар нь хүүхдүүд гэнэ. Сургууль бүр өөрсдийн хөгжмийн хамтлагтай, бөгөөд шилдэг сурагчид нь төрийн далбаагаа барин жагсаалын эхэнд явдаг. Жагсаалын бэлтгэлийг долдугаар сараас эхэлдэг гэнэ. Хоёр гурван цагийн турш үргэлжлэх ёслолын жагсаал хүүхэд тэдний эмээ өвөө, эцэг эхчүүдийн жинхэнэ баяр болж чаддаг ажээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна

1801.09.15. Дэлхийд анхных болох хоёр дугуйтай, урд дугуйдаа хөдөлгөөнд оруулах хөлийн гишгүүртэй тэргийг Сибирийн хамжлагат дархан Ефим Артамонов хийгээд түүгээрээ Верхотурьскаас Москвад хүрэлцэн иржээ. Түүнийг Ходынскийн талбайд олон хүн хүлээн авчээ. Энэхүү бүтээл нь хаанд ихэд таалагдсан тул хаан цуглуулгадаа авчээ. Унадаг дугай хоёр дахь удаагаа 1808 онд Парист “мэндэлсэн” бөгөөд “велосипед” гэж нэрлэсэн нь латинаар “хурдан хөл” гэсэн утгатай юм.

1830.09.15. Уурын зүтгүүртэй дэлхийн анхны төмөр зам Ливерпуль, Манчестерын хооронд нээлтээ хийлээ. Ливерпулиэс  өглөөний 11:20-д найман вагон 50 км-ын урт замд гарчээ. «Liverpool & Manchester Railroad Company» гэх хувь нийлүүлэгчдийн нийгэмлэг энэ замыг барих нээлттэй уралдаанд ялжээ. Ливерпуль  Манчестерын шугамыг барихдаа удирдагч нь төмөр замын техникийн олон шинэ арга барилыг нэвтрүүлжээ. Галт тэрэг нь цагт 30 км хурдалж, зорчигч нар сэтгэл өндөр байжээ. Энэ өдрөөс эхлэн дэлхий даяар төмөр замын сүлжээ хөгжиж эхэлсэн юм. 

1971.09.15. Экологчид  анхны эсэргүүцлийн ажиллагаагаа цөмийн бөмбөгийн туршилтын эсрэг явуулсан байна. Мөн энэ өдрийг Гринпийс байгуулагдсан өдрөөр тооцдог болжээ. «Гринпийс» байгууллагыг анх Дэвид Фрейзер Мак Таггарт үндэслэсэн ба түүнийг анхны ногоон дайчин гэдэг байв.Тус байгууллага амьтан ургамлын төрлүүд, агаар мандлыг хамгаалах, цөмийн болон хорт бодисыг тараан дэлгэрүүлэхгүй байх чиглэлээр ажилладаг. Төрийн байгууллага болон арилжааны бүтэц ба улс төрийн намуудаас “Гринпис” хандив авдаггүй. Тус байгууллага, салбарууд нь зөвхөн дэмжигчдийнхээ сайн дурын хандиваар санхүүждэг. Удирдах дээд байгууллага нь дэлхийн 40-өөд орны салбарын төлөөлөгч бүхий “Гринпис”-ийн Зөвлөл юм.

Эх сурвалж www.zms.mn