П.ХҮСЛЭНТУЯА

 

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2018 онд Монгол Улсын Засгийн газрын 284 дүгээр тогтоолоор Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай зам болгож өргөтгөх, шинэчлэх шийдвэр гаргасан. Уг шийдвэр нь ашиглагдаж байсан хоёр эгнээ замыг Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд өргөтгөн шинэчилэх. Мөн Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны хөрөнгөөр нэмж хоёр эгнээ зам барих төсөл байсан юм. Замын ажлыг энэ оны зургадугаар сард дуусгахаар төлөвлөж байсан ч хугацаандаа ашиглалтанд ороогүй одоог хүртэл үргэлжилж байна. Үүнээс болж эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндээрээ хохирч буй иргэдийн зүгээс маш их шүүмжлэл дагуулаад байна. Тиймээс энэхүү замын ажлын үйл явцыг сурвалжлахаар хэвлэлийн баг газар дээр нь очлоо.

 

Зарим иргэд зам тавих сургаар газар авчихаад өндөр үнэ хэлээд суучихдаг гэв

 

Авто замын насжилтыг 20 жилээр тооцдог бөгөөд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 1999 онд анх хатуу хучилттай болгож байжээ. Үүнээс өмнө хайрган замтай байсан аж. 1996 онд хийсэн судалгаагаар хоногт дунджаар 500 тээврийн хэрэгсэл тус замаар зорчдог байсан бол сүүлд авсан судалгааны үр дүнгээр 5000 гаруй болж өсчээ. Харин хамгийн их ачаалалтай үе буюу баяр наадмын өдрүүдэд хоногт дунджаар 12.389 тээврийн хэрэгсэл зорчдог байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн зам нь Монгол Улсын аж үйлдвэрийн томоохон төв, газар тариалан, мал аж ахуй, эдийн засгийн гол бүс нутгийг дайран өнгөрдөг учир хамгийн их тээврийн хэрэгсэл зорчдог зам юм. Тиймээс хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах болон нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд дөрвөн эгнээтэй болгон өргөтгөх шаардлагатай болжээ.

Биднийг 22-ын товчоонд ирэхэд Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар болон бусад албаны хүмүүс угтаж зам барилгын ажлын талаар тайлбар хийсэн юм.

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажилд хяналт тавьж зөвлөх болон гүйцэтгэгч компанийг АХБ-ны “Худалдан авах ажиллагааны журам”-ын дагуу сонгон шалгаруулсан байна. Зөвлөхөөр Бүгд Найрамдах Энэтхэг Улс \БНЭУ\-ын “Интерконтинентал Консалтантс энд Технократс” компани болон туслахаар  Монгол Улсын “Ай Си Ти Сайн Консалтинг компани” шалгарч гэрээ байгуулан ажиллаж байгаа ажээ.

Харин замын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын дөрвөн компани сонгогджээ. Замын ажлыг таван хэсэг болгож хуваан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж. Зам барилгын ажлын гэрээг энэ оны зургадугаар сарын 12-14-нд хийж, багц тус бүрийн ажил өнгөрсөн оны зургадугаар сард эхэлсэн байна. Гэрээнд зааснаар ажлыг 365 хоног буюу нэг жилийн хугацаанд гүйцэтгэж, энэ оны зургадугаар сарын 21-нд дуусгахаар төлөвлөж байсан юм.

Гэвч зам хугацаандаа ашиглалтанд ороогүй байгааг Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тайлбарлахдаа “Зам тавихад тулгарч буй хамгийн эхний асуудал бол газар чөлөөлөлтийн ажил байна. Зарим иргэд зам тавих сургаар газар авч замын ажил эхлэх болохоор газраа үнэтэй зарна гээд байдаг. Зарим нь мөнгөө өгөхгүй бол газраа чөлөөлөхгүй гэж дайрдаг. Уг нь “Авто замын тухай хууль”-иар улсын болон ОУ-ын чанартай замын хоёр хажуу талаас 50 метр хүртэлх газар Зам тээврийн яамны эзэмшил байх ёстой байдаг. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр Ерөнхий сайд Хууль зүй дотоод хэргийн яаманд чиглэл өгч төсөл хэрэгжихээр шийдвэрлэсний дараа газрын зөвшөөрөл авсан иргэдийн гэрээг хүчингүй болгохоор ажиллаж байгаа” гэсэн юм.

 

Зам барилгын ажилд хамгийн их саад учруулдаг зүйл бол ус, бороо

Бид явсаар эхний багц болох Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км авто замын ажлыг хийж байгаа асфальт заводын үйлдвэр дээр ирсэн юм. Уг ажлын хэсэг нь 1-р багцын 17 км замыг хатуу хучилттай болгох үүрэгтэй ажиллаж байгаа аж. Замын гүйцэтгэгчээр “Хэйлонжиан Жиньеи Рөүд энд Бридж” компани ажиллаж байгаа бол туслахаар “Эсто”, “Болорболд зам” гэсэн монгол компаниуд ажиллаж байв.

Одоогоор хамгийн сүүлийн үе шат болох асфальт бетон хучилттай замыг тавьж байгаа бөгөөд 1-р багцын нийт замын ажил 68.5 хувьтай байгаа гэж хэллээ. “Эсто” ХХК-ийн үйлдвэрлэл хариуцсан захирал М.Болор-Эрдэнэ “Одоо үндсэн хучилтын ажлыг хийж байна. Манай үйлдвэр нэг өдөрт 600-700 метр асфальтан зам тавих хүчин чадалтай. Одоогоор зам тавихад гарч байгаа хүндрэл бэрхшээл байхгүй. Замын ажил хэвийн үргэлжилж байна. Есдүгээр сардаа багтаагаад хариуцаж авсан 17 км замын хучилтын ажлаа бүрэн дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байна” гэв.

Асфальтыг 140-өөс дээш градуст халааж зам тавьдаг бөгөөд халуун байх тусмаа маш сайн барьцалдаж чанартай зам болдог гэлээ. Одоо тавьж байгаа асфалтан зам нь 5см-ын зузаантай бөгөөд тусгай техник ашиглан хэвийн хэмжээндээ байгаа эсэхийг нягталдаг байна. Харин зам барилгын ажилд хамгийн их саад учруулдаг зүйл бол ус, бороо байдаг аж.

Зөвлөх инженер, Техникийн Ухааны Доктор С.Очирбат “Зарим нэг хүмүүс замаа хугацаанд нь хийж дуусга гээд техникийн шаардлага зөрчүүлэх гээд байдаг. Чийгтэй гадаргуу дээр асфальтан зам тавихаар хэдхэн хоноод хуураад уначихдаг. Тиймээс бороо орсон тохиолдолд замын ажлыг шууд зогсоодог. Харин бороо орсны дараа маш сайн хатааж байж зам тавих нь чухал байдаг. Энэ онд гэхэд 35 өдөр бороотой байсан гэсэн тооцоо байгаа. Нэг өдөр бороо ороход хөрс хаттал ахин нэг хоног хүлээх шаардлагатай байдаг. Тэгэхээр 70 өдрийн ажлыг борооноос болж алдсан гэсэн үг. Үүнээс болж замын ажил удааширдаг” гэсэн юм.

Эх сурвалжийн хэлж буйгаар гэрээнд гарын үсэг зурснаас хойш 60 хоногийн дараа замын ажил эхлэх боломжтой байдаг гэнэ. Гэтэл ихэнх хүмүүс гэрээнд гарын үсэг зурсан л бол маргааш нь шууд зам тавиад эхэлчих юм шиг боддог гэв. Бэлтгэл ажил гэхээр юуны түрүүнд газрын зөвшөөрөл авна, замын хэмжилт хийнэ, зам дээр асгах хайрга шорооны материалаа хайж олж бэлдэнэ гэх мэт олон ажил байдаг байна. Мөн гүйцэтгэгч компани төлөвлөгөө, хөтөлбөрөө боловсруулах зэргээр замын ажил эхлэхээс өмнөх үйл явцад маш их хугацаа зарцуулдаг юм байна. Иймээс өнгөрсөн оны зургадугаар сард гэрээнд гарын үсэг зурсан ч бэлтгэл ажил хангахад 60 хоног шаардлагатай гэж үзвэл наймдугаар сард үндсэн замын ажил эхэлсэн ажээ.

 

Мэргэжлийн хүмүүс болон хүн хүчний асуудал их байгаа аж

Ийнхүү 1-р багцаас шууд 3-р багцын ажилтай танилцахаар явсан юм. 2, 4-р багц болох Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5км, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км замын ажлыг “Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг” \групп\ хийх байжээ. Гэвч тус компанийн байрладаг БНХАУ-ын Шинжиан мужид гарсан Ковид-19 халдвартай холбоотой тогтоосон хөл хорионы улмаас гэрээ цуцлах хүсэлтээ наймдугаар сарын 16-нд ирүүлсэн байна. Одоогоор гэрээ цуцлах үйл ажиллагаа явж байгаа аж. Үүнээс болж 90 гаруй км замын ажил зогсонги байдалд оржээ. Тиймээс дээрх хоёр багцын гүйцэтгэгчийг АХБ-ны Худалдан авах ажиллагааны журмын дагуу дахин сонгон шалгаруулна гэж албаны хүн мэдээллээ. Төлөвлөгөөгөөр бол энэ ондоо багтаан сонгон шалгаруулж ирэх оны гуравдугаар сард замын ажлыг эхлүүлж, арваннэгдүгээр сард дуусгана гэв. 

Харин дараагийн хэсэг болох 3-р багц буюу Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замын ажил эд явагдаж байсан бөгөөд нийт замын 53 хувийг хийж гүйцэтгэсэн байна. Уг зам дээр 186 хүн ажиллаж байгаа ба цаг агаарын нөхцөл байдал гайгүй бол аравдугаар сарын 15-нд замаа бүрэн тавьж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.  Төслийн захирал  Жянг Чин Дө зам барилгын ажлын хэрэгжилтийн явцад тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийн талаар ийнхүү ярьсан юм.

Тэрбээр “Цар тахлын улмаас ирж ажиллах ёстой байсан хятад ажилчид орж ирж чадаагүй. Цөөн тооны удирдах багийн хүмүүс ирсэн. Мэргэжлийн хүмүүс болон хүн хүчний асуудал их байгаа. Бид хавар ирэх ёстой байсан боловч коронавирусын улмаас цаг хугацаандаа ирж чадалгүй ажил хоцорч эхэлсэн. Гэхдээ Зам тээврийн яамнаас тавьж байгаа шаардлагын дагуу богино хугацаанд замаа бүрэн хучиж ашиглалтанд оруулахаар хичээж ажиллаж байна. Хэрэв ажиллах хүн хүч хугацаандаа орж ирсэн бол бид гэрээнд заасны дагуу нэг жилийн хугацаанд замаа хийж амжих байсан” гэдгийг хэлж байлаа.

Үүнээс гадна Улаанбаатар-Дархан чиглэлийн замтай холбоотой нэг асуудал бол эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч буй иргэд юм. Тэдэнд тулгарч буй хүндрэл бэрхшээлүүдийн талаар замд яваа жолоочдоос асуухад “Донсолгоо нүх ихтэй хэцүүхэн байна. Замтай холбоотойгоор машинд эвдрэл гэмтэл их гардаг. Явах бүрт дугуй солих шаардлагатай байдаг” хэмээв.

Харин Гэрээт цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч ахмад Г.Баяржаргал “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах болон хяналт тавьж ажиллахад зам муу байгаагаас болж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд саарч зам тээврийн ослын хэмжээ багассан нь илт мэдэгдэж байгаа. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад осол аваарын хэмжээ 62.2 хувиар буурсан гэсэн судалгаа гарсан.  Зарим хүмүүс монгол оронд гарсан бүх авто ослын тоог Улаанбаатар-Дархан чиглэлийн замд гарсан тоон үзүүлэлт юм шиг ойлгоод байгаа нь буруу” гэв.

 

Монгол ажилчид ажлаа хаяад яваад өгдөг

 

Үүнээс цааш явж “Чайна Жео-Инженеринг Корпораци”-ийн гүйцэтгэж байгаа 5-р багцын хэсэгт очиход замын ажил хэвийн явж байсан бөгөөд техник технологийн тал дээр хүндрэл гарахгүй бол зам хугацаандаа ашиглалтанд орох аж. Тус хэсэгт ирээд зам барихад шаардлагатай материалуудыг шинжлэх лабораторитай танилцсан юм.

Авто зам нь таван үе дамжиж бий болдог бөгөөд үүнээс гадна далан, дугуй болон дөрвөлжин хоолой, гүүр барихад хамгийн их хугацаа шаардлагатай байдаг байна. Хачирхалтай нь замын суурийг хүртэл энгийн нэг шороогоор бус маш сайн нягтаршилтай шороотой бүс нутгаас авчирч шинжилгээнд оруулсны дараа ашигладаг байна. Тиймээс тус лабораториос өдөр бүр замын материалд хяналт тавьж шинжилгээ хийдэг аж. 5-р хэсгийн зам нь нийт 30.5 км бөгөөд хучилтын ажлыг аравдугаар сард багтааж дуусгах төлөвлөгөөтэй аж. Одоогоор замын ажил 50.9 хувьтай бөгөөд дөрөвдүгээр сард ажлаа эхлүүлж байсан юм.

Манай оронд зам тавихад хамгийн тохиромжтой үе бол 3-5 дугаар сар байдаг гэнэ. Энэ жилийн тухайд коронавирусын улмаас тохиромжтой цаг үедээ замын ажлаа явуулж чадаагүй байна. Мөн зургадугаар сард замын ажил эхлэх боломжтой болоход барилга байгууламжийн ажил эхэлсэн нь цемент тасалдах шалтгаан болсон байна. Нэг цэг дээр гэхэд өдөрт 200-250 тонн цемент ордог аж. Үүнээс гадна ажиллах хүч оруулж ирнэ гэсэн том асуудал байдгийг Зөвлөх инженер, Техникийн Ухааны Доктор С.Очирбат хэлж байлаа.

Энэ оны эхний төлөвлөгөөгөөр 1268 хятад ажилчин оруулж ирэх байсан боловч цар тахлын улмаас инженер, техникийн албаны 48 хүн л одоогоор ажиллаж байгаа юм байна. Харин бусад нь бүгд монголчууд байгаа гэсэн юм. Гэхдээ монгол хүмүүс зам дээр ажиллахад зарим талаараа бэрхшээлтэй байдгийг хэлж байв. Өнөөдөр гэхэд л хэд хэдэн хүн ажлаа орхиод яваад өгсөн байв. Шалтгаан нь ар гэрийн амьдралтай холбоотой бөгөөд хүүхдүүдээ сургуульд явуулна, хадлангийн ажлаа хийнэ гэх мэт. Үүнээс үзвэл замын ажил тасалдахад техник технологи, эд материал, хүн хүчний асуудлаас эхлээд шалтгаан мундахгүй их байдаг ажээ. Ямартай одоогийн байдлаар 1, 3, 5 дугаар багц хэсгүүд замынхаа 50-иас илүү хувийг хийж гүйцэтгээд байгаа бөгөөд энэ ондоо багтаагаад замыг хэсэгчлэн нээнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.14 ДАВАА № 177 (6402)