Монгол Улсын Соёлын элч нарын цахим хоёрдугаар чуулган өнгөрсөн баасан гаригт /2020.09.11/ боллоо. Чуулга уулзалтыг нээж Гадаад харилцааны сайд Н.Энхтайван үг хэлсэн байна. Сайд хэлэхдээ “Зуун зуун дамжсан өвөг дээдсийн түүх, соёлын өв, үнэт зүйлсээ дэлхий нийтэд сурталчлан таниулж өнөө цагийн хөгжил дэвшлийн ололт амжилтаа бусадтай хуваалцан дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах нь Монгол Улсын Засгийн газрын эн тэргүүний зорилт” гэдгийг онцолсон байна.

Тиймээс “Алсын хараа-2050” урт хугацааны бодлого болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндэсний бахархал, өв соёлоо дээдэлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн, дэлхийд нүүдлийн соёл иргэншлээ таниулах зорилтыг хэрэгжүүлэхээр тусгаж, Соёлын яамаа бие даан 30 жилийн дараа шинээр байгуулаад байгаа”. “Засгийн газрын өмнө тавьж буй энэхүү зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын түүх соёл, өв уламжлал, үнэт зүйлсээ олон улсад сурталчлах, таниулах “Монгол Үндэстний үнэлэмж”, хилийн чанадад байгаа иргэд монгол хэл, соёл, өв уламжлал, үнэт зүйлсээ хадгалан тээх “Дэлхийн монголчууд II” хөтөлбөрүүдийг Гадаад харилцааны яам боловсруулж байна. Соёлын харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, гадаад сурталчилгаагаа эрчимжүүлэх, монгол хэл, соёл болон монгол судлалыг түгээн дэлгэрүүлэх, шинээр барьж буй “Чингис хаан” хаад, язгууртны музейн үзмэр, сан хөмрөгийг бүрдүүлэхэд гадаадад байгаа монгол өв соёлын зарим бүтээл, эд өлгийн зүйлсийн хуулбарлан авах ажилд Та бүхний хувь нэмэр, бидний хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой болох” сайд онцлон хэлсэн байна.

Дэлхийн 18 улсад үйл ажиллагаагаа явуулж буй Монгол Улсын 57 Соёлын элч байгаа бөгөөд Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд гаргаж буй этно рок “Хү” хамтлаг, Сүмогийн Их аварга Хакүхо М.Даваажаргал, Олимпийн аварга Н.Түвшинбаяр, балетчин Д.Алтанхуяг, дуурийн дуучин Г.Ариунбаатар, Э.Амартүвшин, Монголын Оюун ухааны Академийн Х.Хатанбаатар, Элчин сайд асан, Австрали дахь манай Соёлын элч Жон Лантри нарын хүмүүс энд багтдаг аж.

 Эх сурвалж: Монгол Улсын Гадаад харилцааны яам.