“COVID-19” дижитал эдийн засгийг эрчимжүүллээ

0
хуваалцах
310
үзсэн

Б.ТӨГС

 

Хүн төрөлхтөний түүхэнд дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн том шокоор нэрлэгдээд байгаа цар тахлын улмаас зарим зүйл хэзээ ч өмнөх хэвэндээ орохгүйгээр өөрчлөгдөн хувьсаж байгааг бид мэдэрч байна. Ялангуяа хөл хорионоос үүдэлтэй санхүү, эдийн засгийн хямралууд бидэнд хоолоо олж идэх өөр гарц гаргалгааг яаралтай эрэлхийлэхийг хатуу сануулж эхэллээ. Буурай орнууд байтугай хөгжлийн өндөр төвшинд хүрсэн лидер гүрнүүд ч үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Тухайлбал, БНХАУ-ын эдийн засаг цар тахлын хөл хорио, АНУ-ын таагүй харилцаа зэргээс багагүй хохирол амсаж байгаа ч аль болох бүгдийг өөрсдөө үйлдвэрлэх, өөрсдөө хэрэглэгч нь байх, ажлын байрыг нэмэгдүүлэх, дотооддоо эрэлтийг нэмэгдүүлэх бодлогыг ирэх жилүүдэд нэгдүгээрт тавина гэдгээ зарлачихлаа. Өөрөөр хэлбэл, тэд бусдад найдахгүй гэв. Байдал хаашаа ч эргэсэн экспорт, үл хөдлөх хөрөнгийн салбарын хөрөнгө оруулалт гээд хэзээ ч өмнөх жилүүдийнхээ байсанд очихгүй гэж тодорхойлогдсон салбар олон байгаа болохоор цаашид дижитал эдийн засгийг эрчимжүүлэхэд бүхий л анхаарлаа хандуулна гэв.

Өөрөөр хэлбэл, дэлхийн улс орнууд хүссэн хүсээгүй эдийн засаг, санхүүгийн зах зээлээ дижитал хэлбэрт шилжүүлж, технологийн хүчийг ашиглахаас өөр аргагүй гэдгийг ковид шаардаж байна.  Мэдээж дижитал буюу тоон эдийн засаг шинэ зүйл ердөө биш, цар тахлын өмнө ч технологийн дэвшил хурдаа авсан байсан. Харин үүнд шилжихдээ бэлэн биш, эргэлзэж байсан, хүлээн авахаас цааргалж байсан бизнес эрхлэгчдээс коронавирус жинхэнэ шалгалт авсан нь энэ.

 “COVID-19”-ийн дагуу дэлхий тусгаарлагдмал байдалд орохоос аргагүй болсон. Контактгүй байх буюу бие биеэсээ хол байх нь хүн амыг хамгаалах вакцин олдох хүртэл вирусын тархалтыг удаашруулах хамгийн үр дүнтэй арга гэж үзэж байна. Тэгвэл тусгаарлалт, хөл хорионд зориулж дижитал бизнесийн аргыг ашигласнаар ямар давуу байдал үүсч байгааг хэдэн жишээгээр харуулья.

Цар тахлын улмаас алсаас ажиллах шаардлага үүссэн. Цар тахлын өмнө АНУ-ын ажилчдын дөнгөж 30 хувь нь онлайнаар буюу алсаас ажилладаг байжээ. Харин өнөөдөр энэ хувь 39-д хүрсэн байна. Гэхдээ ажлын үр дүн, бизнесийн ашиг онлайнаар ажилласантай холбоотойгоор буурсан зүйл байхгүй гэж дүгнэжээ.

 Халдвартай холбоотойгоор эрчээ авсан бизнес бол онлайн худалдаа. Дэлгүүрт очих боломжгүй болсон хэрэглэгчид онлайн дэлгүүрт хандахаас аргагүй болсон. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүн хүргэх үйлчилгээ маш эрэлттэй байна. Харин энэ нь дэлгүүрт биеэр очиж үйлчлүүлснээс илүү сэтгэл ханамж, тав тухыг өгч байгаа гэж дийлэнх хэрэглэгчид хариулсан байгаа юм. Энэ төрлийн бизнес эрхлэгчдийн хувьд ч ашгийн төвшин огцом өсчээ.

Дараагийн нэг бизнес бол дижитал контентын хэрэглээ. Дэлхий даяар интернет хэрэглэгчдийн 51 хувь нь коронавирусын улмаас стриминг үйлчилгээнд илүү олон шоу үзэж байна. Зөвхөн Netflix нь 2020 оны эхний гурван сард үйлчилгээндээ 16 сая шинэ бүртгэл авсан байх юм. Үүний зэрэгцээ олон кино студиуд үзэгчдийн хүртээл болох үйлчилгээгээ шинэ хувилбаруудад нэвтрүүлж эхэлжээ. Соёл урлагийнхан кино театрын дэлгэц, тайзан дээр олдог мөнгөнөөсөө ч илүү ашгийг интернэт болон телевизээс олж эхэлсэн байна.

Фитнессийн багш нар онлайн сургалтанд шилжиж,  сургуулиуд мөн цахим сургалтыг сонгож байна. Том, жижиг хурал, арга хэмжээ цахимаар явагдаж байна. Америкт гэхэд коронагаар далимдуулан эрүүл мэндийн системээ бүхэлд нь цахимжуулж, эмнэлгийн ачааллаа хөнгөвчилж чадсан байна. Энэ мэтчилэн дэлхий тэр чигтээ дижитал хувьслыг хийж байна. Хямрал намдах үед зарим бизнес эрхлэгчид уламжлалт хэв загвартаа эргэж орох бол нөгөө хэсэг нь тогтмол орлогын давуу талыг хүлээн зөвшөөрч эрлийз хандлагыг сонгож магадгүй гэсэн судалгаа байгаа юм. Ямартаа ч эргээд өмнөх шигээ хэвийн болохгүй гэдгийг бид бүгд мэдлээ. Коронавирус нь бидний ажиллаж, амьдрах арга хэлбэрийг бүр мөсөн өөрчлөн , магадгүй илүү сайжруулж байгааг хүлээн зөвшөөрч эхлэв.

Дижитал эдийн засгийн мэдээллийн сайт болох “TechCrunch” саяхан ийм мэдээлэл тавьсан байв. Дэлхийн хамгийн том таксины компани Uber ямар ч тээврийн хэрэгсэл эзэмшдэггүй, дэлхийн хамгийн алдартай медиа эзэмшигч Facebook нь ямар ч агуулга үүсгэдэггүй. Хамгийн үнэ цэнэтэй жижиглэнгийн худалдаачин Алибаба бараа материалгүй. Хамгийн том орон сууцны үйлчилгээ үзүүлэгч Airbnb нь үл хөдлөх хөрөнгөгүй, сонирхолтой биш гэж үү. Энэ бол дижитал эдийн засаг гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.7 ДАВАА № 172 (6397)