“Засагт хан”-ы харваач С.Анхмандах

0
хуваалцах
258
үзсэн

Б.ОЮУНЗУЛ

 

Залуусын тэр бүр сонирхоод байдаггүй сур харваан спортоор хичээллэдэг. Говь-Алтай аймгийн “Засагт хан” клубын харваач Спортын мастер С.Анхмандахыг онцоллоо.

 

С.Анхмандах нь МУИС-ийн гуравдугаар курсын оюутан. Сэргээгдэх эрчим хүчний ангид суралцдаг.  Тэрээр анх 15 настайдаа сур харваж эхэлсэн байна. Анх тэрээр буудлагын спортыг сонирхож байсан ч сүүлдээ монгол уламжлалаа бодоод нум сумаар харвахыг илүү их сонирхож суралцаж эхэлсэн байна. Одоо энэ спортоор хичээллээд таван жил болж байгаа бөгөөд энэ хугацаандаа чамлахааргүй их амжилт гаргаж спортын мастер болжээ. Түүнийг энэ спортод ороход нь угтаж авсан анхны багш нь Монгол Улсын хүндэт мэргэн харваач Т.Батмөнх юм. С.Анхмандах багшаасаа анх нум сум эвшээлгэж сурсан бөгөөд анхны багштайгаа нэг жил хичээллэж түүний дараагаар Б.Дашцэвэг багшдаа шавиар орсон байна. Харваа нь дотроо халх сур, урианхай сур, буриад сур гэсэн гурван төрөл байдаг. Эдгээр гурван харваа нь сумны жингээрээ хоорондоо ялгаатай байдаг аж. С.Анхмандах анх халх харваагаар харваж сурсан учраас энэ төрлөөр түлхүү хичээллэдэг байна. Цаашдаа тэрээр урианхай харваагаар хичээллэх зорилготой байгаа гэв. Учир нь урианхай харваа нь эр хүний тэсвэр тэвчээрийг их шаарддаг гэнэ. Урианхай харваа нь өвлийн улиралд мөсөн дээр харваж зуны улирал газар дээр харвадагаараа нөгөө хоёроосоо эрс ялгаатай юм байна. Мөн урианхай харваагаар зөвхөн эрэгтэйчүүд л хичээллэдэг юм байна. Сур харваа бол нэг ёсондоо тэсвэр тэвчээрийн спорт аж. Мөн тухайн харваачаас их мэдрэмж шаарддаг. Монгол хүмүүс ямар ч зүйлийг байгаль дэлхийтэйгээ холбоотойгоор хийдэг. Тухайн харваач салхины хурд, зогсож буй байрлал гээд бүхэл зүйлээ өөрөө мэдэрч байгальдаа уусаж байж нарийн тооцож байж харвадаг гэж С.Анхмандах хэлсэн юм. Энэ спортоор анх хичээллэхэд түүнд тийм ч хүндрэлтэй байгаагүй гэв. Эвсэл шаарддаг спорт тул өөрөө л хичээл зүтгэлтэй байвал хүнд хэцүү гэж шантрах зүйл бага. Хүмүүс нум сумаар харвахад гарандаа хүчтэй байх ёстой гэж ойлгодог. Энэ нь буруу ойлголт хүчтэй хүмүүс ирээд нумаа эвшээлгэж чаддаггүй бөх ч дийлэхгүй байх тохиолдол бий. Тиймээс энэ спорт бол цэвэр эв болон тэсвэр хатуужлын спорт. Наадмын талбайд гарсан харваачид хоёр цагт нэг удаа босож сумаа тавьдаг. Хүлээх хоёр цагийн хугацаандаа нумынхаа хувирал салхины хурд гээд бүх зүйлийг нарийн тооцож суудаг энэ бол тухайн харваачийн тэсвэр болон мэдрэмж юм. С.Анхмандах 2016 оноос хойш Б.Дашцэвэг багштайгаа өнөөдрийг хүртэл хичээллэж байгаа. Түүний амжилтын гараа 2016 онд  эхэлсэн гэж хэлж болно.

Сумынхаа тэмцээнд анх оролцоод сумын мэргэн цол хүртсэн бөгөөд түүний дараа 2017 оны хавар анх удаа улсын тэмцээнд орж тавдугаар байранд шалгарч байжээ. Түүнээс хойш болсон уралдаан тэмцээн бүрд оролцож тэргүүн болон дэд байруудад шалгарсан байна. 2018 оны Улсын аваргаар Хэнтий аймагт очиж дөрвөн өдрийн турш өрсөлдөж 75 метрийн зайд харваж 29 бай онож нэгдүгээр зэргийн эзэн болсон байна. Нийт 40 сум тавьснаас 29-ийг нь амжилттай харвасан. Тэрээр 18 настайдаа отго харваагаар 30 бай онож спортын дэд мастер болж байжээ. Мөн тэрээр улсын аварга шалгаруулах тэмцээнд орж 34 бай онож спортын мастерын болзол хангасан байна. Түүний хамгийн их хайрлаж хүндэлж явдаг харваач нь түүний багш Б.Дашцэвэг ажээ. Тэрээр багшаасаа суралцахаас гадна түүн шиг улсын мэргэн болохыг хүсдэг гэж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.2 ЛХАГВА № 169 (6394)