Орчуулсан Д.ЭНХЭЭ

Баримтат киноны олон улсын VI их наадам наймдугаар сарын 21-нд Москвад нээлтээ хийж, улмаар Санкт-Петербург, Казань, Ярославль, Калининград зэрэг хотод үргэлжилнэ. Наадмын хөтөлбөр үзэж харах юмаар тун элбэг. Тэдгээрээс таван киног сонгов. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг кино наадмын сайтаас үзэж болно.

 

"Лавмобиль"

 

Германд лавмобиль гэх зүйл бас байдаг аж. Биеэ үнэлэгч бүхий трейлерүүд. Ойн гүнд, замын хажууд зогсох трейлер дотор биеэ үнэлэгч сууна. Дэргэдүүр өнгөрч яваа хэн боловч зогсож, хаалга тогшиж, тохиролцож болох гэнэ. Энэ тухай өгүүлсэн кино. Киноны гол баатар нь хоёр ажилтан бүсгүй, өндөр настай хатагтай тэдэнд энэхүү трейлерыг хоногоор түрээслэж, багагүй орлого олно. Бүсгүйчүүд бүгд өөр улс орных, тэдэнд мөнгө маш их хэрэгтэй. Тиймдээ ч жирийн герман иргэдийн хүслийг хангахын тулд хувийн ариун цэврээс эхлээд юм юмыг тэвчихээс өөр аргагүйд хүрнэ. Киног бүтээгчид зарим зүйлийн зургийг яаж тийнхүү ил тод авсан юм бол гэж гайхаш төрмөөр.

 

"Зуун сая удаа үзсэн”

 

Израилийн иргэн, улс төрийн идэвхтэн Итамар Роуз YouTube дэх өөрийн сувгаар шүүмжлэлт киногоо гаргадаг боловч хэн ч үздэггүй аж. Үүний учрыг олж тодруулахаар тэр дэлхийгээр аялж, мэргэжилтнүүд хийгээд нэрд гарсан видеоблогеруудтай уулзаж ярилцжээ. Ярианы явцад Итамар амжилтад хүрсэн янз бүрийн арга барилын талаар олж мэдэж, улмаар өөрөө туршиж үзсэн боловч олигтой үр дүнд хүрсэнгүй, харин энэ зуур судалгааны хүрээ тасралтгүй өргөжсөөр байв.

Мэдээж, энд цочирдмоор ямар нэг нээлтийн тухай өгүүлээгүй ч гэсэн Майл Мур, Саша Барон Коэн нарын аль алины арга барилаас авсан маш нарийн ёжилсон ур хийцтэй, юутай ч танилцахад илүүдэхгүй бүтээл болжээ.

 

"Хөөс"

 

Энэ бол өгүүлдэг бус үзүүлдэг баримтат кино. Баренцын тэнгисийн эрэгт хүмүүс хэрхэн амьдарч аж төрж байгааг үзүүлдэг. Тэдний заримынх нь жишээ. Өөр хоорондоо бараг уялдаа холбоогүй юм шиг жижиг жижиг хэсэг, гэхдээ яваандаа нэгэн бүхэл бул болж, зарим талаар танин мэдэхүйн ач холбогдолтой болно. Жишээлбэл, шүүрэн шанага шиг нэвт шувт цоорсон хөлөг онгоцнуудыг тэнгисийн ёроолоос хэрхэн гаргаж авч байгааг ажиглаж болно. Үүнийг яаж хийдэг талаар ер нь бодож үзсэн үү. Маш нарийн, урт хугацааны амаргүй ажил. Дараагийн дүрс нь эзэнгүй хаягдсан цэргийн гарнизонд цор ганцаар амьдрах өвгөн. Бүхэл бүтэн асар том гарнизон гүн бодолд дарагдсан ганц бие өвгөн. Эрч хүч барагдах талаар болон хорвоо ертөнцийн тухай элдвийг эргэцүүлэн бодох шалтаг хэрэв танд хангалтгүй байгаа бол энэ киног үзэхэд илүүдэхгүй.

 

"Миний найз умрын тэмээ"

 

Ерөнхийдөө энэ кино хүүхдийн, хайртай тэмээнийх нь тухай, хөвгүүний өмнөөс өгүүлж буй кино боловч, нэгдүгээрт, зарим хэсэгт огт хүүхдийн гэхээргүй, заримдаа бүр шок контент тохиолдоно. Хоёрдугаарт, яг үнэндээ бол тэс ондоо хоёр соёлын зөрчлийг харуулсан сонирхолтой кино юм.

Норвегийн хамгийн хойт хэсэгт орших Сёрёйя арлын нэгэн найрсаг гэр бүл үр хүүхдийнхээ хамт тэмээ унах, бас бусдыг зугаацуулах зоилгоор тэмээ худалдаж авна. Гэтэл тэмээгээ уналгад сургах хэрэг гарна. Ингээд тэд тэмээ сургах хүн олохоор Монгол руу ниснэ. Хөдөө тэмээчнийд зочилж тэмээг хэрхэн засч, буйл шөрөглөж байгааг хараад европчуудын нүд орой дээрээ гарах шахсан хэдий ч тэд анзаараагүй юм шиг царай гаргана. Тэд тэмээ сургах хүнээ сонгон нутагтаа авчрах боловч тэмээ сургаж байгааг хөндлөнгөөс харахад амьтныг зовоож байгаа юм шиг санагдана. Энэ бүхэн киног үзэж байгаа хүний сэтгэлийг хөдөлгөнө.

 

"Нерка. Улаан загас"

 

Загасны тухай үгээр илэрхийлэхийн аргагүй кино. Загасны тухай л биз дээ гэж санагдаж болох юм. Гэтэл энэ бол зүгээр нэг загас биш, харин маш чухал загас аж. Камчаткийн хувьд ч, бас бид бүгдийн хувьд ч. Хэрвээ зөв залж зохицуулах аваас энэ бол баавгайн сүрэг бүхий асар том эко системийг болон томоохон бүс нутгийг хамтад нь хооллож ундлах хөдөлгүүр ажээ. Одоо Камчаткийн эдийн засаг муугүй байгааг олж мэдэхэд бас тааламжтай. Хүн ардын зүгээс гомдол мэдүүлдэггүй, сүйдэж байгаа зүйл одоогоор гараагүй, хүүхэд багачуудыг бага балчраас нь байгалтай харилцаж сургаж байна. Ийм үзэсгэлэнтэй байгаль өөр хаана ч байхгүй. Зөвхөн байгалийн сайхныг харъя гэвэл энэ киног үзэх хэрэгтэй.

Эх сурвалж: www.polit.mn