Кракатау галт уулын дэлбэрэлт

0
хуваалцах
184
үзсэн

Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд наймдугаар сарын 26-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1883 оны энэ өдөр орчин үеийн түүхэнд Ява, Суматра арлуудын хооронд орших Зондын  хоолойн нэгэн арлын Кракатау галт уулын хүчтэй дэлбэрэлт болжээ. Асар хүчтэй дэлбэрэлтээр 19 км2 үнс, тоос, халуун хийн багана 80 км гаруй өндөрт босч, түүнийг дагалдах дуу нь мянган км-ын цаанаас сонсогдож байлаа. Их дэлбэрэлт галт уулын ихэнхийг нураан сүйтгэж, түүнийг дагалдсан цунамийн давалгааны өндөр 30 м хүрчээ. Тэр давалгаа нь дэлхийг тойрч  Ла-Маншийн хоолойд хүртэл мэдрэгдэж байсан гэдэг. Энэ гамшгаар Индонезийн 295 суурин мөхөж, 36 мянган хүн амиа алджээ.


Энэ өдөр болсон үйл явдал

1382.08.26. Залуу хаан Тохтамыш 1377 онд Доголон Төмөр хааны тусламжтайгаар Алтан ордыг байлдан дагуулж эхэлсэн юм. Сыгнак нийслэлтэй байсан Алтан ордын зүүн хэсгийг тэрээр 1378 онд эзлээд Мамайн  толгойлж байсан баруун хэсэгт нь нэвтэрлээ. Тэрээр 1380 онд Алтан ордын бараг бүх хэсгийг нийслэл Сарайтай нь эзлэн Азов хүрч чаджээ.

1506.08.26. Амьддаа суми-ё зургийн шилдэг мастер гэгдэж байсан 86 настай Сессю (энэ уран бүтээлийн нэр нь  «Цасанд дарагдсан завь» гэж буух бөгөөд түүний жинхэнэ нэр нь Тоё Ода) нас баржээ. Өнөөг хүртэл тэр зураачийг Хятадын сунийн үеийн бэхээр зурдаг зургаас үүдэлтэй суми-ё гэх төрлийн шилдэг зураач гэж тооцдог. Тоё Ода 1463- 1469 онд Хятадад амьдран энэ урлагаараа маш өндөр үнэлэгдэж байснаас гадна өөрөө ч түүний техникийг улам төгсжүүлжээ.

1666.08.26. Маратхи нарын домогт удирдагч Шиважи хатаамал жимстэй том сагсанд нуугдан гэрийн хорионоос оргожээ. Эзэн хаан Аурангзебийн уурыг хүргэсэн тэрээр гурван сар гэртээ цоожтой сууж байв. Ван эзэн хааны 50 насны ойн хүлээн авалт дээр “ёслолын бэлэг” заан, нөмрөг, үнэт чулууг гардуулахаас өмнө арга хэмжээг санаатайгаар орхин гарч  явсан учир түүнийг тийнхүү шийтгэсэн байлаа. Тэрээр бараг хориод жилийн турш маратхийн нэгэн омгийг толгойлон Моголын эрх баригчдад амар тайван үзүүлэлгүй дээрмийн амжилттай халдлагууд хийж байснаас ард олны дунд “шилийн сайн эр” болсон байжээ. Аурангзеба түүнийг энх тайван байгуулахаар урьсан байв. Оргож чадсан тэрээр холбоотнуудаа нэгтгэн дахин маратхийн нутаг дэвсгэрээ эргүүлэн авсаар 1674 онд Махараштра гэх бие даасан тусгаар улсыг байгуулаад хаан нь болж чадсан ажээ.

Эх сурвалж www.zms.mn