Боолын наймаанд хохирогчдийн дурсгалын өдөр

0
хуваалцах
260
үзсэн

Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд наймдугаар сарын 23-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Хүн төрөлхтний түүхэнд арилхааргүй толбо үлдээсэн боолын наймаанаас болж хохирсон иргэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр олон зууны турш боолын наймааны гол цэг болсоор ирсэн Сенегалын Горэ арал дахь Эрх чөлөөний хөшөөнд цэцэг өргөдөг байна. 1791 оны наймдугаар сарын 23-нд Гайтид хар арьст боолуудын бослого гарч тус улсын эрх мэдлийг боолууд авсан бөгөөд энэ өдрөөс боолчлол ухарсан гэж үздэг. Харин 2007 оны энэ өдөр Англид "Олон улсын боолын музей" байгуулагджээ. Авраам Линкольн боолчлолын эсрэг хамгийн их тэмцсэн улс төрч бол харин Гарриет Бичер Стоугийн "Том авгын овоохой" боолчлолд хамгийн их нөлөөлсөн зохиол юм.


Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1913.08.22. Өнөөгөөс 97 жилийн өмнө шар айргийн томоохон үйлдвэрлэгч, урлагийг дэмжигч Карл Якобсены захиалгаар Андерсены “Усан дагина” үлгэрээр барималч Эдвард Эрихсены хийсэн зэс хөшөөг Копенгаген хотноо нээжээ. Барималчийн эхнэр, хаантны дуурь бүжгийн театрын бүжигчин Эллен Прайс уг баримлын загвар нь байсан гэдэг. Тэр жилийн энэ өдөр Карл Якобсен уг баримлыг хотод бэлэглэсэн бөгөөд тэр цагаас хойш энэ хөшөө түүний бэлгэдэл нь болжээ. Нэгэн муухай хэрэг 1964 онд гарч танхай этгээдүүд баримлын толгойг авсан байв. Танхай этгээдүүд олдоогүй юм. Хуучин хэв нь байсан учир түүнийг шинээр цутгажээ. Харуул хамгаалалт тавиад гэрэлтүүлж байсан ч тэр жилд нь баримлын баруун гарыг хөрөөдөн салгасан байв. Гарыг нь хөрөөдсөн гэмт хэрэгтнүүд болох хоёр залуу өөрсдөө цагдаад ирцгээсэн ба тэд согтуугаар уг хэргийг хийснээ хүлээсэн байв. Тэднийг нийтийн хөрөнгө сүйтгэсэн гээд зөөлөн шийтгэжээ. Усан дагиныг дахин засварлаад Лангелинийн эргийн усан боомтод байгаа саарал боржин дээр нь байрлуулсан билээ. Энэ жил уг баримлыг Шанхайн дэлхийн үзэсгэлэнгийн Данийн байрны өмнө түр хугацаагаар байрлуулсан байгаа. Үзэсгэлэнгийн дараа баримал дахиад өөрийн байраа эзэлнэ.

1939.08.22. Харилцан үл довтлолцох Зөвлөлт ба фашист Германы  гэрээг түүхэнд  Молотов-Риббентропын пакт гэж нэрлэж иржээ. Энэ гэрээний нууц хавсралтыг Зөвлөлт үгүйсгэж байгаад зөвхөн 1980-аад оны сүүлчээр хүлээн зөвшөөрч дэлхийд танигдсан юм. Тэр үеэр Герман өөртөө Судет ба Чех, Моравийг нэгтгэсэн байлаа. Германы түрэмгийллийн эсрэг ЗХУ, Англи, Франц гурвын Москвагийн хэлэлцээр олон улсын аюулгүй байдлыг хангах ёстой байсан ч 1939 оны наймдугаар сарын 2-нд тэр нь харилцан  туслалцах гэрээний төслийг гаргаснаар дуусаад бодит болж чадаагүй юм.

Эх сурвалж www.zms.mn