МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

0
хуваалцах
280
үзсэн

Х.ОЮУНБОЛД

 

МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг сонгох  хурал өнгөрсөн баасан гаригт болсон.  Хурлаар Олимпийн хоёр удаагийн аварга, гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр гишүүдийн олонхийн санал авч ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Харин дэд ерөнхийлөгчөөр Ч.Наранбаатар сонгогдсон юм. Тэгвэл  өчигдөр МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр албан ёсоор үүрэгт ажлаа хүлээж авлаа.  Түүнд МҮОХ-ны ерөнхийлөгч асан Д.Загдсүрэн тамга тэмдгийг нь гардуулж өгөв.  Энэ үеэр Д.Загдсүрэн “Н.Түвшинбаяр маань олимпийн хороог тэргүүлэх болсонд сэтгэл өндөр байна. Монгол Улсаас олимпийн хос медаль авсан ганц тамирчин учраас түүнийг энэ албыг амжилттай үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна. Мөн Ч.Наранбаатар маань дэд ерөнхийлөгч болсон. Туршлагатай сайн удирдагч. Түүнчлэн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч  Б.Баттүшиг Олон улсын Олимпийн хорооны гишүүн боллоо.  Мөн Ерөнхий нарийн бичгийн даргаар олимпийн аварга Э.Бадар-Ууган ажиллаж байна.  Энэ удирлагын багийг харахад олимпийн хөдөлгөөнийг Монгол оронд хөгжүүлж чадна гэдэгт итгэж байна” гэв.

Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Н.Түвшинбаяр “Энэ хариуцлагатай, хүндтэй албанд сонгогдлоо. Бүх гишүүддээ баярлалаа.Түүнээс гадна Д.Загдсүрэн дарга маань албан ёсоор тамга тэмдгээ гардуулж өглөө.  Олимпийн хороог олон жил нэр хүндтэй удирдсан, олимпзмыг  өндөрт хөгжүүлсэн хүн гэж би боддог.  Цаашид бид илүү хөгжүүлж, их амжилтад хүргэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэн ажиллах болно. Би тамирчин хүн. Спортын ертөнцөд олон жил хөлс хүчээ гаргасан. Тамирчин хүний зовлон жаргал, холбооны үйл ажиллагаа,асуудлуудыг сайн мэдэх учраас энэ чиглэлд бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллана гэлээ.   Мөн тэрээр “2020 оны Токиогийн олимп цар тахлын улмаас хойшлогдоод байна. Одоогоор тамирчдын бэлтгэл, сэтгэлзүй муу байна. Энэ тал дээр төлөвлөсөн ажлууд бий. Олон улсын тэмцээнүүд цуцлагдсантай холбоотойгоор орон нутагтаа олон улсын тэмцээний уур амьсгал оруулсан ажлуудыг зохион байгуулахаар спортын холбоодтой зөвлөж ажиллана. Мөн олимпийн эрх авсан болон авах магадлалтай тамирчдыг тусгайлан, вакумжуулсан өндөр түвшний бэлтгэлд хамруулах зэрэг асуудлуудыг Улсын онцгой комиссынхоо зөвлөж хамтарч ажиллана гэв. Түүнээс гадна Монголд анх удаа мөсөн ордон, хөлбөмбөгийн талбай баригдаж байна. Томоохон  хэмжээний спорт наадам явагдсанаар ард түмэн маань спортод дуртай болно. Өвлийн спортын чиглэл дээр анхаарч дэмжиж ажиллана. Өвлийн  олимпод  манайхан төдийлөн амжилт үзүүлдэггүй. Олимпоос медаль авах гэсэн гол зорилго тавьж байгаа”  гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.18  МЯГМАР № 158 (6383)