Т.САЙХАН

ЭМЯ-наас коронавирусын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ /08.14/ хийлээ.

Коронавирус-Монголд

Наймдугаар сарын 13-ны өдөр улсын хэмжээнд 462 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна.  Манай улсад коронавирусын 297 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан. Түүнээс 269 хүн эдгэрсэн бөгөөд одоогоор ХӨСҮТ-д 28 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж байгаа юм.  Эдгэрсэн хүмүүсээс сувилалд 46 хүн, гэрийн ажиглалтад 16 хүн байгаа бол 207 хүний ажиглалт, тандалтын хугацаа нь дуусчээ. Харин ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсийн 26 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Хүндэвтэр байгаа хоёр хүн нь 65-аас дээш насны, астма, чихрийн шижин өвчний хавсарсан эмгэгтэйгээр эмчлэгдэж байна гэж ХӨСҮТ -ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв. 

Дэлхийд

Коронавирусын халдвар дэлхийн 216 улс орон, нутагт дэвсгэрт бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар уг вирусээр 20.7 сая гаруй хүн өвчилж, 752 мянган хүн эндсэн.  Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 276 мянган хүн халдвар авсны дийлэнх нь Энэтхэг, Бразил, АНУ-д бүртгэгджээ.  

ДЭМБ-ын зөвлөгөө

ДЭМБ-аас өчигдөр /08.13/ мэдээлэл хийж, цар тахлын үед хүмүүсийн өдөр тутмын амьдралд ихээхэн өөрчлөлт орж,  хэзээ хэвийн амьдралдаа орох нь тодорхойгүй байна гэдгийг хэлжээ.  Мөн бид цаашид цар тахлыг хязгаарлах ёстой. Үүний тулд хувь хүн бүр өөрийн хийж чадах зүйлийг хийх ёстой. Гараа сайтар савандаж угаах, амны хаалтаа зүүх, өвчний шинж тэмдэг илэрвэл гэртээ байх, хүн хоорондын зайгаа баримтлах ёстой.  Түүнчлэн цар тахлын үед сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг сэргээхдээ гар угаах нөхцөлийг бүрдүүлсэн байх шаардлагатайг ДЭМБ-аас улс орнуудад зөвлөжээ.

Хөрш орнуудад

ОХУ-д өчигдөр 5,000 гаруй хүн өвчилж, 124 хүн нас баржээ. БНХАУ-д 99 тохиолдол бүртгэгдсэний 22 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна. 

Эх сурвалж:www.polit.mn