Онцлох ярилцлага... Т.Энхбаяр: Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9.7 жил болж өссөн

0
хуваалцах
216
үзсэн

Б.Даваадулам

Эрэгтэйчүүдийн жендерийн асуудлаар Жендерийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяртай ярилцлаа.

-Жендер гэхээр л эмэгтэйчүүдийн асуудал гэж хүмүүс ойлгодог. Эрэгтэйчүүдэд тохиолддог жендерийн асуудлын талаар ярьж өгөхгүй юу?

-Жендерийн тэгш байдал гэдэг эрэгтэй, эмэгтэй хүмүүс нийгэм, хувийн амьдралын хүрээндээ эн тэгш үнэлэгдэж, тэгш эрх мэдэл, оролцоотой байж, хөгжлийн үйл явцад оролцох болон үр шимийг нь хүртэх тэгш боломжоор хангагдахыг хэлж байгаа юм. Жендер ба хөгжил нь салшгүй холбоотой. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (UNESCO) жендерийн тэгш байдлыг өнөөдөр дараах байдлаар томьёолж байгаа. Тухайлбал, эрэгтэй, эмэгтэй хүмүүс охид хөвгүүдийн ялгаатай зан үйл, хүсэл эрмэлзэл болон хэрэгцээг эн тэнцүү анхаарч, үнэлж байна. Тэдний эдлэх эрх, хүртэх, сонгох боломж бололцоо, хүлээх хариуцлага нь ямар хүйстэй төрснөөс нь үл шалтгаалж байхыг хэлнэ. Өргөн утгаараа эрэгтэй, эмэгтэй хэн боловч бүрэн дүүрэн амьдрах ёстойг харуулж байгаа юм. Эрэгтэй хүмүүст тохиолддог жендэрийн асуудлын талаар та асуулаа. Энэ талаар ярих олон асуудал байгаа боловч өнөөдөр бид эрэгтэйчүүдийн дундаж наслалтын талаар хамгийн түрүүнд ярих хэрэгтэй. Өнгөрсөн 2019 онд манай байгууллага Үндэсний статистикийн хороотой хамтарч эрэгтэйчүүдийн асуудлаарх суурь судалгааг хоёр үе шаттайгаар хийж гүйцэтгэсэн. Судалгаа хийх үндэслэл нь өнөөдөр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9.7 жил байгаа юм. Дэлхийн дунджаас даруй хоёр дахин өндөр байна. Энэ нь эрэгтэйчүүдэд тулгамдаж буй жендерийн асуудлын нэг нь яахын аргагүй мөн. Сүүлийн 26 жилийн хугацаанд эмэгтэй хүний дундаж наслалт 10.95 жилээр, эрэгтэй хүний дундаж наслалт 5.4 жилээр нэмэгдсэн байна. Хүний дундаж наслалт нь хүний хөгжлийн индексийн гол үзүүлэлт учир амьдарлын чанар дээшлэх тусам дундаж наслалт нэмэгдэж байна гэж харж болох юм.

-Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү ямар шалтгаанаас зөрүүтэй байгаад байна вэ. Эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

 -Энэ нь эрэгтэйчүүд эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг шинжилгээнд бага хамрагдаж байгаатай холбоотой. Нас баралтын хувиар нь аваад үзвэл жилд нас барж байгаа хүмүүсийн 56-60 орчим хувь нь эрэгтэйчүүд байгаа. Үүний гол шалтгаанд зүрх судасны өвчлөл, хавдар гэсэн хоёр төрлийн өвчин нэлээд зонхилж байна. Гэтэл хавдрын өвчлөлийн хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллийг(2018) харахаар хавдраар өвчилсөн хүмүүсийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Харин эсрэгээрээ нас барж буй хүмүүсээ харахаар эрэгтэйчүүд илүү байгаа. Эрэгтэйчүүд өвчнөөс урьдчилан сэргийлэх болон өвчлөлийн дунд үеийн процесст үзүүлдэггүй. Амбулаторийн үзлэгийн бүртгэлийн насны бүлэг дэх хүйсийг харвал 20 наснаас эхлэн эрэгтэй хүмүүсийн эзлэх хувь эрс буурсан байна. Эмнэлэгт үзүүлсэн эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцаа 38, 62 хувь гэсэн ялгаатай бай. Ялангуяа 25-34 насанд эрэгтэйчүүдийн үзлэгийн бүртгэл хамгийн бага хувьтай байна. Харин эмэгтэйчүүдийн хувьд нөхөн үржихүйн үетэй холбоотойгоор энэ насандаа үзлэгийн тоо их байна. Өөрөөр хэлбэл тухайн өвчлөл нь эцсийн шатандаа ороод эмчилгээгүй болсон хойно эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нэхдэг. Гэвч аврахад хэт оройтсон байдаг.

-Тэгвэл эрэгтэйчүүд эрүүл мэндийн үзлэгт хамрагдахгүй байгаа шалтгаан нь юу байна вэ?

 -Энэ асуудал“Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь эрэгтэйчүүдэд хэр хүртээмжтэй байгаа вэ?” гэдэг асуудал руу чиглэж байна. Нэгдсэн эмнэлэг болон клиникүүд эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүй нийтээр нь үзэж байгаа. Гэвч эрэгтэйчүүдийн онцлог хэрэгцээнд нийцсэн чанартай тусламж үйлчилгээ төдийлөн байхгүй байна. Нөгөө талаасаа хөвгүүд, эрэгтэйчүүд маань анхнаасаа эрүүл мэнддээ хэрхэн анхаарал тавьсан хувийн хариуцлагын асуудал яригдаж байгаа юм.

-Монгол Улсад эрэгтэйчүүдийн амиа хорлолт их байдаг гэдэг. Ихэвчлэн ямар шалтгаануудаас болдог юм бол?

Суурь судалгааны дүнгээс харахад эрэгтэйчүүдийн нас баралтын шалтгааныг насны бүлгээр авч үзэхэд 15-44 насанд спиртийн хордлого, амиа хорлолт, мотоцикл, тээврийн ослоор, 45-аас дээш насанд халдварт бус өвчний улмаас зонхилон нас барж байна. Манай улсад жилд дунджаар 450 орчим хүн амиа хорлож байгаа ба эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 5-6 дахин их байна.. Судалгаанаас харахад насанд хүрсэн амь хохирогчдын хувьд амиа хорлох талаар урьдчилан бодож, төлөвлөж, сэтгэлзүйн бэлтгэлтэйгээр санаатай үйлдсэн нь тодорхой байдаг. Мөн өөрийн үхэлд хэн нэгнийг буруутгаагүй, өөрийн үйлдэлдээ уучлал хүссэн нь өөрийгөө ямар нэг зүйлд буруутайд тооцож, өөрийн үнэлэмж доогуур болсон, өөртөө итгэлгүй байдлыг илэрхийлж байна. Гэр бүлийн харилцааны зөрчил, хайр дурлалын асуудал буюу хүн хоорондын харилцааны зөрчил нь амиа хорлоход хүргэсэн стрессийн хүчин зүйл байна.

-Эрэгтэйчүүдийн дундаж наслалт бага байгаа нь тэдний зуурдаар нас баралт их байгааг харуулж байна шүү дээ. Энэ нь ямар шалтгаануудаас болж байна вэ?

-Голлох хүчин зүйлст бусад осол, зам тээврийн осол, амиа хорлолт, бусдад хорлогдох, үйлдвэрлэлийн осол багтаж байна. Бусад ослын хамгийн өндөр хэлбэр нь спиртийн хордлого байгаа нь анхаарал татаж байна. Статистикийн тайлангаас нас баралтын шалтгааныг харахад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс зам тээврийн осолд өртсөн тохиолдолд 2,8 дахин, бусдад хорлогдсон тохиолдол 4,1 дахин, бусад ослоор 3,8 дахин их байна. Мөн үйлдвэрлэлийн ослоор нас барсан тохиолдол бүгд эрэгтэй байна. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын төрлийн хувьд уул уурхай, олборлолт, төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгаалал, тээвэр болон агуулахын үйл ажиллагааны салбарт хамгийн их гарсан байгаа юм. Мөн эрэгтэйчүүдийн архи, тамхи, мансууруулах бодисны хэрэглээ эмэгтэйчүүдтэй харьцуулахад өндөр байна. Нөгөө талаас эрэгтэйчүүд сэтгэл гутрал, уур бухимдал, стрессээ архи уух, тамхи татах гэх мэтээр тайлдаг буруу дадал зуршилтай байна.

Үйлдвэрлэлийн ослоор эрэгтэйчүүд нас барж гэлээ. Үүнд хүйсийн хөдөлмөр эрхлэлтийн ялгаатай байдал нөлөөлж байна гэж үзэж болох уу?

Болно. Хөдөлмөр эрхлэлтийн түвшинг 2019 оны байдлаар харахаар 48,7% эмэгтэй, 60,8%  нь эрэгтэйчүүд байгаа юм. Үүнээс манай улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин ялгаатай байгаа нь харагдаж байна. Эдийн засагт хамгийн их хувь нэмэр оруулж буй үйл ажиллагааны дөрвөн салбарын ажиллагчдыг авч үзвэл 2005-2018 оны хооронд эрэгтэйчүүдийн тоо хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас, ан агнуурын болон уул уурхай, олборлолт, бөөний болон жижиглэн худалдааны салбаруудад нэмэгдсэн. Харин эмэгтэйчүүдийн тоо голчлон бөөний, жижиглэн худалдааны салбарт өсчээ. Үүнээс үзэхэд хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн хэвтээ ялгарал цаашид арилахгүй, харин ч улам ихсэх хандлагатай байна. 2006 онд Төрөөс албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого баталж, албан бус хөдөлмөр эрхлэгчдийн талаарх статистик мэдээллийг гаргах болсон. Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн эгнээнд сүүлийн 2 жилд шинээр нэмэгдэн орогчдын 43,6 мянга нь эрэгтэйчүүд, 19,7 мянга нь эмэгтэйчүүд байна. Албан бус хөдөлмөр эрхлэлт дэх жендэрийн зөрүү Улаанбаатар болон бусад бүсүүдэд нэгэн адил ажиглагдаж байна.

-Монголчууд дунд тогтсон хэвшмэл ойлголтууд /эр хүн уйлдаггүй,айдаггүй гэх мэт/ жендерийн тэгш байдалд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Жендерийн хэвшмэл ойлголт нь нийгмийн шинж чанартай эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гүйцэтгэх үүргийг ямар нэгэн ялгаатай байх ёстой мэтээр тодорхойлсон байдаг. Тэр нь нийгэм соёл, уламжлал, хүмүүсийн хандлага, гүйцэтгэх үүргээр илэрдэгтогтсон шинж чанартай, цаг хугацааны хувьд өөрчлөгддөггүй. Жендерийн хэвшмэл ойлголт нь үндэсний соёл уламжлал, ёс заншлыг хөнддөг учир түүнд мэдрэмжтэй хандан соёлын ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандах чадварыг шаарддаг. Жишээлбэл идээний дээжийг өрхийн тэргүүнд барих, эрэгтэй хүн хойморт суух гэх мэт соёл хүмүүжилд эерэг нөлөөтэй байж болно. Жендерийн хэвшмэл ойлголт нь жендэрийн ялгаатай үнэлэмжийг бий болгодог. Жишээ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгмийн харилцаа түүнд оролцох оролцоо, биеэ хэрхэн авч явах, ямар сонголт хийх, ямар байр суурьтай байх, бүр цаашлаад хэрхэн эрх мэдэл, статустай болох гээд олон үнэлэмжийг хүмүүст бий болгодог. Хүүхдийн бага наснаас эхлэн жендерийн хэвшмэл ойлголт хүний тархинд голомт болон тогтдог. Энэ нь улмаар зан үйл, шийдвэр гаргалтад нь нөлөөлдөг байна. Ялангуяа эцэг эхийн хүүхэддээ ханддаг хандлага, тоглуулж буй тоглоом сургааль үнэт зүйлс хэвшмэл ойлголтыг даган дуурайх нөхцлийг бүрдүүлдэг байна.

-Жендерийн үндэсний хорооноос жендэрийн тэгш байдлыг хангах, тэр дундаа эрэгтэйчүүдийн асуудлыг шийдвэрлэхэд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Ярианыхаа эхэнд суурь судалгааг хийж гүйцэтгэсэн талаар дурдсан. Тэгвэл хорооны ажлын албанаас энэхүү суурь судалгаанд суурилсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г анх удаа боловсруулсан. Үүнийг саяхан буюу 2020 оны долдугаар сарын 1-ндбаталсан байгаа. Энэхүү төлөвлөгөөний гол зорилго нь “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүтэй байдалд хамгийн ихээр сөргөөр нөлөөлж буй өвчлөлийг эрт илрүүлэх, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх, зам тээврийн ослоос шалтгаалсан нас баралтыг бууруулах, эрүүл аж төрөх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж дадал, хандлагыг өөрчлөх замаар эрэгтэйчүүдийн наслалтыг нэмэгдүүлэх” зэрэгт оршиж байгаа юм. Уг арга хэмжээний төлөвлөгөө нь 4 зорилт, 25 үйл ажиллагаатай бөгөөд 2020-2022 он хүртэл хэрэгжүүлэхээр тусгагдсан байгаа. Мэдээж Жендерийн үндэсний хороо маань салбар дундын хэрэгжилтийг хангаж, салбарын болон орон нутгийн бодлого хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлж, хамтран ажиллах юм.

Эх сурвалж:www.polit.mn