Б.Магсаржав: Нутгийн салхи сэтгэл хөглөөд олон шинэ бүтээл урлаж сууна

0
хуваалцах
803
үзсэн

Х.БИЛГҮҮН

 

...“Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, “Хуарангийн шөнө”, “Насны намар”, “Сүслэн хайрлаж яваарай”, “Зүрхний уяа” гээд олон дууны нэрийг дурдахуйд, дуучин нь яг дэргэд дуулж буй юм шиг уянгатай сонсогдох тэр мэдрэмж  үг, аялгуу хоёр хоорондоо төгс зохицсоны илэрхийлэл юм. Үгийн утгыг ухаж, уянга хөглөж, хүмүүний сэтгэлд эгшиглүүлж байдаг эрхэм хүмүүн, авьяаслаг уран бүтээлч, хөгжмийн зохиолч Бадарчийн Магсаржавтай уран бүтээлийн яриа дэлгэв.

 

-Сайхан зусаж байна уу. Таныг хөдөө амарч яваа гэж байсан?

-Сайхаан, сайхан зусаж байна уу. Би энэ зуныг их үр бүтээлтэй өнгөрөөлөө. Төрсөн нутаг Увс аймгийн Тэс сумандаа 35 жилийн дараа очиж, төрж өссөн бууцаа ажингаа нутаг орноо тойроод ирлээ. Маш сайхан мэдрэмжийг авлаа. Нутаг орноо санаж явсан сэтгэл минь дэвтэх шиг л болж байна. Өнөө “Насны намар”, “Зүүдэн бороо” шиг дуунууд минь буцаад орчин үеийн байдлаар орж ирж байна. Увс аймгийн Тэс сум маань ер нь дууны эх нутаг гэж хэлж болно. Одоо бидний “Ихэл” гэж нэрлэдэг,  бидний мэдэхээр бол “Морин хуур” хөгжмийг айл болгон хүндлэн дээдэлж, хоймортоо залжээ. Үүнээс гадна найман настай балчраас 80 настай буурал хүртэл монгол бий биелгээ, уламжлалт сайхан бүжгийн урлагаа маш сайхан хөгжүүлж ирсэн байна. Үүнээс улбаалан айл болгонд авьяастан төрж байгаа нь надад үнэхээр сайхан санагдлаа.

-Байгалийн сайханд аялж, амраад ирэхэд хэн хүнгүй л сэтгэл санаа тэнийгээд ирдэг. Тэр тусмаа уран бүтээлч, хөгжмийн хөг эгшгээр дүүрэн явдаг хүнд сэтгэл, онгод хөглөгдөөд, торгон мэдрэмжээр дүүрэн ирдэг байх?

-Тэгэлгүй яахав. Би нутаг орондоо тухтай очиж чадахгүй олон жил болсон. Харин энэ зун зорьж очсон минь ойрд надаас гараагүй, олон сайхан уран бүтээлүүдийг гаргачихлаа хэмээн бодож сууна. Сэтгэл хөнгөн, хөг эгшээр дүүрэн сууж байна.

-Уран бүтээлийн шинэ өнгө аясыг илэрхийлсэн, олон шижигнэсэн уран бүтээлчидтэй сайхан тоглолт зэхэж суугаа гэж байсан. Хөл хорионы дэглэмээс болоод хойшилсон гэсэн үү?

-Хорио цээрийн дэглэм үргэлжилж байх хооронд олон шинэ уран бүтээл тууривлаа. Дуунд дуртай ард түмэндээ зориулан шинэ уран бүтээл, тоглолтоо сонирхуулахаар “Түмэндээ өргөх дуу” нэртэй сайхан тоглолт өнгөрсөн хавар төлөвлөж байлаа. Гэвч коронавирусын халдвараас болоод түр хойшлоод байна. Уулзсан хүмүүс асуугаад, тоглолтыг маань олон хүн хүлээж байх шиг байна. Удахгүй бүх зүйл хэвийн байдалдаа орохоор олон сайхан уран бүтээлтэй үзэгчидтэйгээ уулзалдана гэж бодож байна.

-Сүүлийн үед дуучид, шүлэг найраг бичдэг хүмүүс олон болжээ. Гэсэн ч сэтгэлд буух, оюун ухаанд хоногшиж үлдэх уран бүтээл ховор юм. Үг, аялгуу эгшгийн хувьд ч адил төстэй уран бүтээлүүд төрсөөр байна. Харин таны уран бүтээлүүд нэг л өөр, нэрийг нь сонсоход ая нь эгшиглэж байдаг. Үүний ялгаа юундаа байна вэ?

-Сүүлийн үед гарч байгаа нийтийн дуунууд хэвэнд цутгасан юм шиг яг ижилхэн гарч байгаад нь шүүмжлэлтэй хандаж байгаа, миний хувьд. Би залуу ая зохиогч нарт хандаж үг хэлмээр байгаа юм. Аливаа уран бүтээлийг хийхдээ дууны үгийг маш сайн анхаарах хэрэгтэй. Мөн түүнчлэн дууны нэг аянд гурваас дөрвөн үг байдаг. Долоо, найман үг оруулаад ирэхээр, тэр аялгууг нэг амьсгаанд  багтааж дуулах гэж дуучин нь зовдог. Дуу гарсан хойно нь тогтоож авах гэж ард түмэн зовоод байгаа юм.Аль алинд нь асуудал бий гэдэг шиг аян дээр нь сайхан шүлэг бичээд өгөхөөр нотолж чадахгүй байх жишээтэй. Энэ бүхэн дээр анхаараад явбал сайхан уран бүтээл төрнө. Манай Монголын ард түмэн их авьяастай, арвин түүхтэй хүмүүс. Сайн бүтээл, сайхан аялгууг сэтгэлдээ мэдэрч шингээж чаддаг. Миний өмнөх дуунуудыг та бүхэн мэднэ дээ, их уянгын халилтай, зөөлөн өнгө аястай байсан. Харин одоо надаас гарах уран бүтээлүүд тэс өөр байх болно. Илүү шинэлэг олон сайхан уран бүтээл туурвина. 

-Хуучны чанартай уран бүтээлүүдийг бүтээж, туурвиж байх цаг үе өөр байжээ. Дууны шүлгээсээ эхлээд үзэгч сонсогч нь хүртэл шүүлтүүртэй байсан юм шиг?

-Тэр үнэн. 1970,80-аад оны үед бол өрсөлдөөний цаг үе байсан. Сайн уран бүтээлээр хоорондоо их өрсөлддөг байлаа. Одоо бол тийм зүйл алга, дуртай нь дуу бичээд аль дуртай студи дээр очоод хоолойнд орчихдог болсон байна. Энэ нь нэг талаараа амар хялбар боловч нөгөө талаараа чанаргүй уран бүтээл гарах нь элбэг байна. Дээхнэ үед бид хийсэн дуугаа батлуулдаг байлаа. Өөрөөр хэлбэл, дээрээ хяналттай байсан гэсэн үг. Үүн дээр л жаахан ялгаа байна уу гэхээс биш, бичиг зохиолын хувьд ялгараад байх зүйлгүй дээ.

-Таны анхны уран бүтээл, 15 настайдаа аялгуу зохиож байсан “Сүүн далай ээж” гээд дуу бий. Одоо хүртэл дуулагдсаар байдаг. Та анх яаж хөгжмийн урлагтай  амьдралаа холбосон бэ?

-Би Увс аймгийн Давст суманд төрсөн. Миний өргөмөл ээжийг Ширнэн гэдэг. Энэ хүн миний авьяасыг тодруулсан. Радиогоор хөгжим явахад би яг л тэр хөгжмийн хэмнэлээр хөлөө хөдөлгөдөг хүүхэд байсан гэдэг. Хурдан бол хурдан, удаан бол удаан. Би тэр үед нэг настай байж, тэгээд ээж минь дөрвөн настайд  “Баян хуур”-ын Найдан гэж хүнд шавь оруулж, урлагийн хүн болох замнал минь эхэлсэн түүхтэй. Би долдугаар ангиа төгсөөд, 1979 онд Багшийн сургуулийн Хөгжмийн ангид суралцсан. Багш нарынхаа хүндлэлийг хүлээсэн, сурлага сайтай хүү байлаа. Багшийн сургуульд суралцаж байхад Монголын хөгжмийн урлагт нэр алдраа цуурайтуулсан,  алдарт зохиолч Л.Мөрдорж гуай, С.Гончигсумлаа багш, Н.Жанцаноров гээд том том лидерүүд багшилдаг байлаа. Бүх л томчууд энэ багшийн сургуулийг төгсөж гарсан байдаг юм.   Энэ л үед, 15 настай байхдаа анх  “Сүүн далай ээж” дууныхаа аяыг зохиосон байдаг. Монголын утга зохиолд жинтэй гавьяа байгуулсан хүний нэг Ц.Гайтав гуайн шүлгэнд ая хийж байлаа. Эрхэм зохиолч дээр очоод “Сүүн далай ээж”­-ийгээ надад өгөөч гэхэд намайг бага залуу гэж гололгүй шүлгээ өгсөнд одоо ч баярлаж явдаг юм. Ингэж л урлагийн том тогоо руу анх 15-хан настайдаа орж байлаа. Үүнээс хойш 500 гаруй дуунд ая хийжээ.

-Хүний амьдрал тэр л чигээрээ кино шиг, өгүүллэг шиг хөвөрч байдаг. Зарим нь дуунд шүлгэнд мөнхрөх нь бий. Таны уран бүтээл дунд эзэнтэй дуу хэр олон байдаг вэ?

-Олон уран бүтээл бий дээ. Яг алийг нь хэлэхээ мэдэхгүй байна. Надад ер нь түүхгүй дуу гэж байхгүй дээ. Бүгдээрээ л ардаа эзэнтэй, ямар нэгэн түүхтэй дуу байдаг. Жишээлбэл, Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай бид хоёр галт тэргэнд явж байхдаа “Зүүдэн бороо”-г бичсэн. Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ээжрүүгээ явж байтал машин эвдэрч, хөдөөний нэгэн айлд очоод , тэр сайхан гэрийн эзэн болон хүүхдүүдийг хараад “Хөдөөний хүн” хэмээх дуу мэндэлсэн түүхтэй. Энэ зуны хувьд ч бас сайхан дуунууд төрж байна. Жишээлбэл, Ж.Ганчимэг хэмээх яруу найрагчийн шүлгэн дээр  уран бүтээл их хийсэн байгаа. Тухайлбал, аавын тухай “Үнэн эрдэнэ” гэсэн сайхан уран бүтээл дээр “Увертюра” хамтлагтай хамтран ажиллаж байна. Энэ хамтлагийн залуус маань их сайхан хүлээж авсан. Энэ бүтээл маань өмнөх аавын тухай бүтээлүүдээс тэс ондоо байх болно гэдгийг онцолж хэлмээр байна. Энэ мэтчилэн олон сайхан уран бүтээл туурвиж байна даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.14  БААСАН № 156 (6381)

Nerenzana
Saihan zusaj baina uu saihan uran buteel hiij.baigaad bayrlalaa
Баясгалан.Н
Үнэндээ авьяас нь ундарч урсаж байдаг хүн шүү дээ