Б.ДАВААДУЛАМ

 

Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Б.Энхлэн, Хүүхдийг Ивээх Сангийн мэргэжилтэн Г.Ариунзаяа нартай хүүхдийн хүмүүжлийн талаар ярилцлаа.

-Манай аав, ээжүүдийн дунд хүүхдээ хааяа нэг цохих, зодох нь зөв гэх нь бий. Энэ нь монгол хүүхдийн хувьд хэр оновчтой арга юм бол?

-Б.Энхлэн: Монгол хүүхэд ч бус дэлхийн олон орны судалгааны үр дүнд хүүхдийг зодож шийтгэх аргыг буруу хэмээн үздэг. 2020 оны зургадугаар сард Хүүхдийг Ивээх Сангаас 0-14 настай хүүхдүүдийн асран хамгаалагчдын дунд хийгдсэн судалгааны үр дүнд нийт судалгаанд хамрагдсан 820 хүний  35 хувь нь хүүхдийг хүмүүжүүлэхдээ зодож шийтгэх нь зөв гэдэгтэй санал нэгдсэн, мөн 41 хувь нь хүүхдээ ямар нэгэн байдлаар зодож шийтгэж байсан гэсэн судалгааны үр дүн гарсан байсан. Тэгэхээр манай аав ээжүүдийн дунд хүүхдэдээ гар хүрч хүмүүжүүлэх байдал цөөнгүй байгааг энэхүү судалгааны үр дүнгээс харж болох нь. Энэхүү судалгааг олон улсын судалгааны үр дүнтэй мөн харьцуулан авч үзвэл, Конгер, Скофилд, Нэпл, Мэррик нарын 1991-2013 он хүртэл 22 жилийн турш хийгдсэн судалгаагаар хүүхдээ хүмүүжүүлэх арга барилын залгамж холбооны талаар судалсан судалгааны үр дүнг мөн авч үзье. Энэхүү судалгааны тухайд тухайн үед өсвөр насны 500 хүүхдийг сонгон авч аав ээжийнх хэрэглэж байгаа хүмүүжлийн аргыг судлан, тэр 500 хүүхэд нь насанд хүрч, өөрсдөө хүүхэдтэй болсны дараа тэдний хэрэглэж байгаа хүмүүжлийн аргыг судлан үзэхэд аав ээж нь өөрийг нь хүмүүжүүлэхдээ зодож шийтгэж хүчирхийллийн хэлбэр ашигладаг байсан хүн хүүхдээ ч мөн адил тийм байдлаар хүмүүжүүлж байсан гэсэн судалгааны үр дүн гарсан. Тэгэхээр манай аав ээжүүдийн дунд магадгүй өөрөө зодуулж, шийтгүүлж өссөнтэй холбоотойгоор хүүхдээ тийм байдлаар хүмүүжүүлдэг, “өөрийгөө зүгээр байгаа гэж үзэж буй тул” болохоор асуудалгүй гэж боддог ч байж магадгүй. Гэтэл үүний цаана тухайн аав, ээж нь багадаа зодож шийтгүүлсний улмаас аймхай, өөрийгөө илэрхийлэх чадвар сул, өөртөө итгэлгүй гэх мэт байдлууд үүссэн, эсхүл илүү сайн сайхан боломжид хүрэх байсан тэр магадлалыг эцэг эхчүүд мэдэхгүй байж болзошгүй.

-Тэгэхээр зодуулж өссөн хүүхэд өөртөө итгэлгүй болдог гэсэн үг үү?

-Б.Энхлэн: Мэдээж хэрэг ямар нэгэн хүчирхийллийн үед, зодож шийтгэх ашиглах үед хүнд, хүүхдэд айдас, түгшүүр үүсэж байдаг. Хүүхдийг ямар нэгэн байдлаар цохих, зодох бүрт стрессийн даавар буюу кортизол гэх дааврын хэмжээ нэмэгддэг. Кортизол байнга их байх нь сурах чадвар, ой тогтоолт, анхаарлаа төвлөрүүлэх чадварыг бууруулдаг нь судалгаагаар нотлогдсон. Энэ нь урд тархины агших буюу мэдрэлийн эсийн холбоос нь багасах, эсүүд үхэхтэй холбоотой байдаг гэж нейросайнс судлаачид үздэг. Мөн хүүхэд насанд хүрэгчтэй харьцуулбал стресст өртөх магадлал нь даруй арав дахин их байдаг. Насанд хүрэгч бид, стресстэй бухимдалтай үедээ гадуур алхах, дуртай зүйлээ хийх, өөртөө цаг гаргах, спортоор хичээллэх, зураг зурах гэх мэтээр стрессээ зөв зохицуулах үйлдлийг хийдэг бол хүүхдийн хувьд стресстээд байгаагаа мэдэхгүй, түүнийгээ яаж зохицуулахаа мэдэхгүй үүнээс болж тархины хөгжил нь удааширч байнга цохиулаад, зодуулаад байвал өөрийгөө зөв илэрхийлж чадахгүй, өөртөө итгэлгүй тийм л хүн болох эрсдэлтэй байдаг. Тиймээс цохиж, зодох, алгадах нь хүүхдэд маш их сөрөг нөлөөтэй тул хүүхдээ зодож шийтгэхгүйгээр аль болох хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэж занших хэрэгтэй.

-Манай улсад хүүхдийн хүчир-хийлэлтэй холбоотой ямар хууль эрхзүйн баримт бичиг байдаг вэ? Ер нь хүүхдийг зодож шийтгэсэн  тохиолдолд ямар хариуцлага хүлээдэг юм бол?

-Г.Ариунзаяа:  Одоогийн байдлаар манай улсад хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн болон болсон тохиолдолд авах хуулийн хариуцлагыг тодорхой заасан олон хууль байна. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэдэг бол хүний эрхийг зөрчиж байгаа явдал тул ганц хуулиар шийдэгдэхгүй асуудалд хамаарах олон хууль үйлчилнэ. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуульд иргэнийг нас хүйс, үндэс угсаа, нийгмийн гарлыг үл харгалзан улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд тэгш эрхтэй оролцох, гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахыг заасан байдаг нь хүүхдийг хүчирхийллээс хамгаалах язгуур эрхийг олгосон хууль юм. 2016 оны хоёрдугаар сард батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхдийг бие махбодын болон сэтгэл санааны хувьд шийтгэхийг нийгмийн бүх орчинд хэрэглэхийг хориглосон. 2006 онд Боловсролын тухай хуульд багш нар хүүхдийн бие махбодод шийтгэл оногдуулахыг хориглосон. Түүнчлэн “Гэр бүлийн тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Зөрчлийн тухай хууль”, “Эрүүгийн хууль”, “Нийгмийн халамжийн тухай хууль”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”, “Хөдөлмөрийн тухай хууль”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль”, “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”, “Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль” гэх мэтчилэн дурдаад байвал олон хуулиудад хүүхдийн эрх, хамгаалалтай холбоотой  заалтууд байгаа бөгөөд тухайн хүүхдийн ямар эрх зөрчигдсөн, ямар хүчирхийлэлд өртсөнөөс хамааран одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад холбогдох олон заалтууд байгаа гэж ойлгож болно.

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдсэн тохиолдолд хүлээх хариуцлага эдгээр хуулиудаар зохицуулагдана. Хүүхэдтэй зүй бусаар харилцах явдлыг бие махбодын, сэтгэл санааны, бэлгийн, үл хайхрах буюу мөлжлөг гэсэн дөрвөн хэлбэрт хувааж үздэг ба эдгээр нь хавсарч үйлдэгддэг байна. Тухайлбал бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд бие махбод болон сэтгэл санааны хувьд хохирсон байдаг. Тиймээс дээрх хуулиудын тохирох заалтуудыг зөрчсөн гэж үзэж иргэний, эрүүгийн, зөрчлийн хуулиар тодорхой хариуцлагыг хүлээлгэдэг. Хуулийн хүрээнд эцэг эх байх эрхийг хасах, хорих ял шийтгэлээр шийтгэх хүртэл хариуцлага тооцож байна. Зөрчлийн тухай хуулиар өмнө нь 200 гаруй хуулиар зохицуулж байсан зөрчлүүдийг системчлэн нэгтгэсэн бөгөөд уг хуульд Хүүхдийн эрхийг зөрчих гэсэн тусгай бүлгийг нэмж оруулан хуульчилсан байгаа. Эрүүгийн хуульд Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэсэн бүлгийг шинээр оруулсан бөгөөд эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдийг хайхрахгүй орхих, хүүхдийг зодож шийтгэснээс үүдэн хор уршиг учирсан тохиолдолд ял шийтгэл хүлээхээр тусгасан. 

Дээр дурдсан хуулиуд нь Монгол Улсын өөрсдийн баталсан хуулиуд бөгөөд үүнээс гадна манай улс олон улсын өмнө гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд хүний эрх, хүүхдийн эрх, уг эрхийг хангах, түүнийг зөрчигдөхөөс хамгаалах, хэрэгжүүлэх зорилгоор 2015 оноос хойш Монгол Улсад хүний эрхийг хангах хөтөлбөр, Хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр, Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр гэх мэтээр олон хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна.

-Хайраар үлгэрлэе аяныг яагаад зохион байгуулах болсон бэ. Энэ аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Г.Ариунзаяа: Манай улс 2016 онд батлан, хэрэгжүүлж байгаа Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай багц хуульдаа хүүхдийн эсрэг шийтгэл хэрэглэхийг хориглох заалтыг оруулснаараа, Дэлхийн 200 гаруй улс орноос нийгмийн бүхий л орчинд хүүхдийг бие махбодын болон сэтгэл санааны хувьд шийтгэхийг хориглосон дэлхийн 49 дэх, Зүүн болон Зүүн Өмнөд Азидаа 2 дахь улс болсон билээ. Ингэснээрээ хүүхдийн эрхийг хамгаалах талаар дэлхийн улс орнуудаас тэргүүлэх эгнээнд явж байна. Хууль батлагдаж, хэрэгжиж байгаа ч, хүүхдийг зодож шийтгэх явдал байсаар байгаа төдийгүй, эцэг эхчүүд шийтгэлийг хэрэглэх хандлагатай байгааг гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмтэж бэртсэн, амиа алдсан хүүхдүүдийн тоо баримт, хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүдийн гунигтай түүхүүд харуулсаар байна. Хүүхдийг зодож шийтгэхэд хүүхэд бие бялдар төдийгүй сэтгэл зүйн гэмтэл авч, улмаар оюуны хөгжилд нь сөргөөр нөлөөлдөг болох нь судалгаагаар батлагдсан. Хамгийн сүүлийн үед үндэсний хэмжээнд хийгдсэн “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа 2018”-д  1-14 насны 15,188 хүүхдийг хамруулан сүүлийн нэг сарын хугацаанд эцэг эх нь хүмүүжүүлэх зорилгоор ямар арга барил хэрэглэснийг судалсан байна. Судалгаанд хамрагдсан 15,188 хүүхдийн 49,1 хувь нь ямар нэгэн хүчирхийлэлд өртсөн бол, 28 хувь нь бие мах бодын хувьд шийтгүүлсэн, 5,2 хувь нь хүнд буюу толгой, хацар руу алгадсан, маш хүчтэй, олон удаа цохиж зодуулсан гэж гарсан. Өөрөөр хэлбэл бараг хоёр хүүхэд тутмын 1 нь зодуулж, шийтгүүлсэн байна хэмээн дүгнэж болно. Энэхүү судалгаанд хамрагдсан нийт эцэг эхчүүдийн 18.8 хувь нь хүүхдээ хүмүүжүүлэхдээ бие махбодын шийтгэл хэрэглэх ёстой гэж үзсэн байна. Энэ нь таван эцэг эхийн нэг нь ийм арга барил хэрэглэдэг гэсэн үг. Эцэг эхчүүдийн насны хувьд 25-аас 49 насныхан шийтгэлийг арай түлхүү хэрэглэдэг нь дээрх судалгаагаар гарсан нь сэтгэл эмзэглэмээр. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг хууль, эрхзүйн хувьд хориглосон ч, бодит амьдрал дээр эцэг эхчүүд хүүхдээ зодож, шийтгэх явдлыг түгээмэл хэрэглэсээр байгааг таслан зогсоох хэрэгтэй. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлж байгаа арга барилдаа дүгнэлт хийж, зодож шийтгэдэг хандлагаа өөрчлөхөд нөлөөлөх, яагаад зодож шийтгэж болохгүй талаар ойлгуулах үүднээс энэхүү аяныг Хүүхдийг Ивээх Сангаас ЖАЙКА-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа юм. Өнөөдрийн хүүхдүүд, маргааш аав, ээж болно. Тэд ээж аав байх, хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг талаарх бүх зүйлийг эцэг эх биднээс суралцаж байдаг. Сайныг үлгэрлэж, зөвөөр дагуулан, амжилт бүтээлээр дүүрэн аз жаргалтай ирээдүйг бүтээе. Эцэг эх энэрэлтэй, хайр халамжаар дүүрэн бол хүүхэд жаргалтай, гэр бүл жаргалтай бол улс жаргалтай байх билээ. Хүүхэд бол ирээдүй биш харин өнөөдөр, хүүхдэдээ бахархан дуурайх ээж аав нь байя. Хайраар үлгэрлэе!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.14  БААСАН № 156 (6381)