Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд наймдугаар сарын 13-нд болсон үйл явдлаас онцлон хүргэж байна.

Солгой гартнуудын олон улсын өдрийг анх 1992 оны энэ өдрөөс тэмдэглэж иржээ. Америкийн Ар Канзас мужийн Топика хотын солгой гартнууд дэлхийн солгой гартнуудыг нэгтгэн эрх ашгаа хамгаална гэж 1975 оны 08 сарын 13-нд нэг байгууллага санаачилсан байна.Тэрхүү байгууллагыг олон улсын солгой гартны байгууллага гэж нэрлэсэн бөгөөд энэ  өдрийг хэд хэдэн орнуудад тэмдэглэж эхэлжээ. Статистикийн тоо баримтаас үзвэл дэлхийн 7 оршин суугч тутмын нэг нь солгой гэнэ. Энэ өдрийн зорилго нь солгой хүмүүс хэрэглэж болохуйц тоног төхөөрөмж үйлдвэрлэхийг хүсэж байгаа явдал юм. Их Британийн олон сургуульд солгой хүүхдүүдийг зөв гараараа бичиж дахин сургахыг эрмэлзсээр байгаа нь сэтгэл зүйн стресст оруулж, улмаар сурагчдын сурлагад  муугаар нөлөөлдөг нь Британийн солгой хүмүүсийн клубын гол санаа зовдог зүйл болж байгаа аж. Солгой хүмүүс хүчтэй зан чанар, бүтээн туурвих их чадавхтай гэж сэтгэл судлаачид үздэг байна. Нэр цуутай солгой хүмүүсийн дотор Марк Твен, Леонардо да Винчи, Микеланжело, Бетховен, ,Мерилин Монро, Александр Македонский, Наполеон, Уинстон Черчилль тэр ч байтугай АНУ-ын дөрвөн ерөнхийлөгч Рональд Рейган, эцэг Жорж Буш, Билл Клинтон, Барак Обама нар орж байна.

Эх сурвалж www.zms.mn