Тажикстан газар нутгийнхаа 45 хувийг алдах нөхцөл үүссэн, харин ...!

0
хуваалцах
1419
үзсэн

Х.БАТСУУРЬ

 

Эдийн засагч

2011 оны нэгдүгээр сард Тажикстан улс Хятадад тавьсан өрөндөө нийт газар нутгийнхаа 0.8 хувь буюу 1.158 мянган хавтгай дөрвөлжин километр газраа өгсөн. Хятадын мэдэлд орсон Бадахшан уулын энэ хэсэг нь угаасаа Хятад, Тажикстан улсын хоорондын маргаантай гэгдэж байсан газар нутгийн 5.5 хувийг бүрдүүлж буй юм. Тэр цагаас хойш бараг арван жил өнгөрсөн бөгөөд өнөөдөр Хятадуудын талаас маргаантай гэгдэж буй газар нутгийн асуудлыг дахин сөхөж эхэлсэн байна.  Мэдээж албан шугамаар биш, гэхдээ асуудал ингэж л эхэлдэг! Саяхан Хятадын нэгэн түүхч эрдэмтэн Тажикстантай хиллэдэг Памир уулын дүүрэг бүхэлдээ Хятадын эртний нутаг бөгөөд 1911 онд Чин улс задран унахад энэ газар нутгаа алдаад өдгөө 128 жил болж байна, одоо энэ маргаантай асуудлыг шийдэх цаг нь болсон гэсэн санааг дэвшүүлсэн нийтлэл бичсэн нь олон улсад ихээхэн шуугиан тарьж үүн дундаа Орос, Казахстан, Киргиз, Энэтхэг, Пакистан, Афганистан улсуудын анхаарлыг ихээхэн татаад байгаа юм. Сонирхолтой нь Хятадуудын эртнээсээ манай нутаг гэж маргаан үүсгээд байгаа газар нь Тажикстан улсын нийт газар нутгийн 45 хувь болж буй юм.  Тун эвгүй санаа, нэг эхэлсэн бол зогсох нь юу л бол! Хятадууд түүхэндээ ямхи ямхын бодлого хэрэгжүүлж ирсэн бол хүчирхэгжихийн хэрээр энэ нь хэдэн арав, зуун километр болон томорч буй. Ямартай ч Хятадын хувьд арван жилийн өмнө өөрийн гэж үзсэн газар нутгийнхаа багаахан хэсгийг авч чадсан нь үлдсэн хэсэг болох Тажикстаны газар нутгийн 45 хувийг авах “түүхэн газар нутаг” гэх үндэслэлээ ил мөн далд хэлбэрээр хүлээн зөвшөөрүүлсэн гэж үзэж болох нөхцөл үүссэн. 

Газар нутгийг өөрийн болгох, нөлөөгөө тэлэхдээ цэрэг дайны гэхээсээ эдийн засаг, санхүүгийн стратегийн зорилготой бодлого тухайлбал их хэмжээний зээлээр өр үүсгэх, газар нутаг урт хугацаагаар түрээслэх, худалдан авах, худалдааны боомтуудыг түрээслэн ажиллуулах, ашигт малтмалын орд газрыг урт хугацаагаар эзэмих зэрэг ажиллагааг хэрэгжүүлж буй нь илүү үр дүнтэй байгаа аж.  2018 онд Тажикстан улс “Душанбе II цахилгаан станц”-aa бариулах хөлсөндөө Дээд Кумарг гэх алтны ордоо мөн Хятадуудад өгсөн гэнэ.

Тажикстаны засгийн газар өнөөдрийн байдлаар Хятадад $1.5 тэрбум долларын өртэй бөгөөд энэ нь Тажикстаны гадаад өрийн 45 орчим хувийг бүрдүүлж буй юм. Тус улсад Хятадын 300 гаруй компани үйл ажиллагаа явуулж буйгаас нийт $7 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн аж.  Харамсалтай нь Тажикстаны өнөө явуулж буй эдийн засаг, улс төрийн бодлогыг хархад Бадахшан уулын хэсэг нутгаа алдсан нөхцөл байдал үргэлжилсээр байгаа юм.  Ахиад хэзээ, юу болох бол доо?

Ер нь Хятадтай хиллэдэг, газар нутгийн маргаантай, их хэмжээний өртэй улсууд газар нутгаа сэм сэмхэн ямхи ямхиар алдсаар байгааг дэлхий нийт байтугай тухайн орнуудын ард иргэд ч мэдэхгүй өнгрөөсөн тохиолдол байгаа аж. Тухайлбал Казахстан улс Хятадад 1994 онд 946км2, 1997 онд 530км2  маргаантай гэгдэж буй газар нутгаа өгснийг тухайн үед нь Казахын ард түмэн төдийлөн сайн мэдээгүй гэх аж. Харин 2009 онд Казахстаны засгийн газар 10 сая доллар зээл авахын тулд гадаадын хөрөнгө оруулалт татах нэрээр Хятадуудад газар тариалан эрхлэх боломжтой нэг сая га газар ашиглуулах төсөл хэрэгжүүлэх  гээд ард түмний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарснаар энэ санаагаа бүр орхихоос өөр арга байгаагүй юм. Өмнөх алдаансаас сургамж авсан Казахын ард түмэн төр засгийнхаа алхам бүрийг хянаж байсны хүчинд газар нутгаа алдаж болзошгүй байдлаас сэргийлж чадсан юм.

Киргизийн ерөнхийлөгч Аскар Акаев Киргиз улсын Хятад, Казахстантай хиллэдэг зурвасыг дотогш шилжүүлэн татах шийдвэр гаргаснаар томоохон хэмжээний газар нутаг (Казахстанд л гэхэд 600 км2 нутаг очсон) Хятад, Казахстаны мэдэлд орсон байдаг. Энэ асуудал ил болсон нь Киргизийн ард түмэн Акаевыг огцоруулан хөөж явуулах нэг үндэслэл болсон байдаг. 

Улсын хилийг дотогш татан шилжүүлэх ажиллагаа манайд ч хийгдсээр байгаа бөгөөд үүнд ямар ч зөв, хууль ёсны тайлбар байх боломжгүй гэдгийг АРД ТҮМЭН хатуу ойлгох ёстой!! Хязгааргүй шунал, атаа хорсолдоо хөтлөгдсөн дүр эсгэсэн ардчилагчид, “эх орончид” газар шороог минь ухан төнхөж хялбархан баяжих гэсэндээ эсэн бусын арга хэрэглэж хил, хязгаар, газар нутаг гэж худал хийрхэх, цэцэрхэх нь хэрээс хэтэрсэн. Сулинхээрийн отряд болон хилийн бусад хэсгүүдэд юу болоод байгааг бид заавал нягтлан үзэх ёстой! Бид ниргэсэн хойно нь хашгирч, норсон хойноо цув нөмөрхийг хүсэхгүй байна. Нөгөө талаас өнөөдөр манай улсын нийт гадаад өр 31 тэрбум доллар, үүнээс Хятадад төлөх өр 3.6 тэрбум хүрсэн нь Тажикийн Хятадад төлөх өрнөөс даруй 2.4 дахин их байгаа юм. Төр, засгийн гадаад өрийн 28 хувийг Хятадад төлөх өр дангаараа эзэлж байгаа бөгөөд энэ нь эдийн засгийн аюулгүй байдалд эрсдэл учирсныг харуулж буй хэрэг. 

Тиймээ, Монгол улсад Хятадтай хилийн маргаан байхгүй нь сайн хэрэг. Энэ нь Монголын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг амь насаараа хамгаалж, батжуулж ирсэн Х.Чойбалсан, С.Аварзэд гээд эрэлхэг өвөг дээдсийн минь гавьяа. Эрхэмлэж яваарай гэж ихэд найдаж үлдээсэн тусгаар тогтнол, газар нутгаа бид бүрэн бүтнээр нь хамгаалж чадаж байна уу, цаашид хамгаалж чадах уу?

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.13  ПҮРЭВ № 155 (6380)

Зочин. Монгол улсын төрийн бодлог алдагдсан. Энэ нь 1990 оноос эхлэн ардчилал гэж бахирч гарч, төрийн эрх мэдлийг гартаа авсан гол толгойлогч Элбэгдорж, Батүүл, Да Ганболд , Дорлигжав, Сайханбилэг, Баярцогт, Баабар гэх мэт бусад хүмүүс Монгол улсыг халамжийн бодлогоор алс хэтийн зорилгоор уруудуулан доройтуулж, ард түмнийхээ тархийг угааж, өмч хувьчлал нэрээр үйлдвэрүүдийг дампууруулж, хөгжил лиценз нэрээр газар нутгийн баялагыг ашиглах талаар зориудын аргаар ямар ч тооцоо судалгаагүйгээр гадныхантай хуйвалдан, зөвхөн хувийн ашиг сонирхлын хүрээнд ашиглах бодлогыг барьж байсан нь цаг хугацаа өнгөрөх тусам илэрхий байсан нь харагдаж байгаа. Энэ бүхэн явсаар, цаг хугацаа өнгөрч, өнөөдрийг хүртэл Монгол улс эдийн засаг, уул уурхай, газрын баялаг маань гадныхны эрх мэдэлд шилжисэн нь өнөөг үргэлжлэн яваа нь дээрх нөхдүүдийн бодлог нь хэрэгжиж буйг илтгэн харуулж байгаа ба Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын илэрхийлэл болсон улсын хил нь хүртэл 40 гаруй километр дотогш татагдаж, газар нутаг нутаг маань үнэ ханьштайгаа гадны болон Хятадын сайтад тавигдсан нь маш эртнээс төлөвлөсөн байхыг үгүйсгэх аргагүй ээ. Монгол улс 1990 он ардчилал гэж нэр зүүж Элбэгдорж Батүүл тэргүүтэй дээрх нэр бүхий хүмүүс төрийн эрхэнд гарсан цагаас эхлэн Хятад улстай маш холбоо сүлбээ үүсгэн улсынхаа эдийн засгийг өнөөдрийг хүртэл Хятад улстай 80 гаруй хувьтай холбоотой болсон нь дээрх нэр бүхий улсуудтай ч холбоотой. 1990 оноос эхлэн монголын ард түмэн хятад улсаас маш их удаан хугацааны хоруу чанар агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүдийн нийлүүлэлт хийж байсны улмаас 2000 оноос хойш монгол улсын хүн амын дунд янз бүрийн хавдар өвчлөл эрс нэмэгдэн бий болсон нь маш их харамсалтай байдаг. Энэ ч утгаараа монгол улс дэлхийд хавдар өвчлөлөөр нэлээдгүй дээгүүр байр эзэлдэг. Энэ нь үндэсний аюулгүй байдалд ч урт хугацааны нөлөөгөө үзүүлж байгаа нь цаг хугацаа өнгөрөх тусам л илэрхий болон харагдаж байна.