Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Дорноговь, Өмнөговь, Дундговь аймагт ажиллалаа.  Ерөнхийлөгчийг дагалдаж  Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг болон Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр тэргүүтэй албаны хүмүүс дагалдан ажиллав. 

 Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга  Тавантолгойгоос Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, эх орныхоо бүтээн байгуулалтад манлайлан оролцож байгаа зарим офицер, ахлагч, ажилтан албан хаагчдыг төрийн дээд одон медалиар шагнаж, урамшууллаа. Зэвсэгт хүчний ангиуд төмөр замын далангийн ажлаа үндсэндээ гүйцэтгээд дууссан бөгөөд зарим бетон гүүр хоолой барих ажилд үлдээд байгаа, төмөр замын дээд бүтэц тавих ажилд идэвхийлэн орсон талаараа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулсан юм. Тус төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай сум, Дорноговь аймгийн Мандах, Сайншанд сумын Зүүнбаян багийн нутаг дэвсгэрийг хамран 414.6 км урт, 1 өртөө 6 зөрлөгтэй байна. Зөрлөгийн барилгуудыг мөн Зэвсэгт хүчний ангиуд гүйцэтгэж байгаатай Ерөнхийлөгч танилцаж, улс орны бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа бүрэлдэхүүнд баяр хүргэж, амжилт хүсэж байсан юм.

Эх сурвалж:www.polit.mn