Б.ДОЛЖИНЖАВ

УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн хугацаанд 50 гаруй орноос 17117  иргэнээ татан авчээ. Гэвч нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо буурахгүй байна. Өнөө өглөө Улаанбаатар-Прага чиглэлийн тусгай нислэгээр ирсэн 185 иргэнийг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын санхүүжилтээр авчирчээ. Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг Чех Улсын Засгийн газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбарын дэмжлэгтэйгээр хийсэн нислэгээр 249 Монгол иргэн эх орондоо ирлээ.  185 иргэний нислэгийн болон тусгаарлах байрны зардлыг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага бүрэн хариуцсан. Нэг хүнд 7.3 сая төгрөг нийт 1.3 тэрбум төгрөг зарцуулсан. Санхүүжилтийн 75 хувийг Европын холбоо, 25 хувийг Чех улсын Засгийн газраас гаргасан. Мөн  ГХЯ, Истанбул дахь Ерөнхий консулын газраараа дамжуулан Турк улсад байгаа иргэддээ тусламж үзүүлэх ажлыг тус байгууллагын Истанбул дахь салбартай хамтран ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэсэн юм. Энэ онд Монгол Улс, Бүгд найрамдах Чех улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна.  Прага-Улаанбаатар чиглэлийн энэ удаагийн нислэг нь Монгол, Чехийн хооронд зорчигч тээврийн анхны нислэг болсноороо онцлог юм.

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагад эх орондоо өөрийн хүсэлтээр буцах иргэдэд зориулсан тэтгэлэгт хөтөлбөр байдаг. Гадаадад гацсан иргэд эх орондоо буцах хүсэлтээ тухайн байгууллага болон Засгийн газарт гаргаснаар тодорхой шалгуурын дагуу хүмүүст тэтгэлэг олгодог юм.  Харин энэ удаад тус байгууллагын санхүүжилтээр Чехээс ирсэн иргэдийн шалгаруулалтыг Засгийн газар хийжээ. 2011 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 2,496 иргэн тэтгэлэгт хамрагдаж, тус байгууллагын санхүүжилтээр нийт 6,200 гаруй иргэн Монголдоо иржээ. 

Эх сурвалж:www.polit.mn