Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр хурлын танхимдаа мэдээлэл хийж байх үед нь хамгаалалтын ажилтан нь ирж ямар нэгэн зүйл  шивнэсний дараа ямар ч тайлбар өгөхгүйгээр сандран гарч явжээ. Цөөн минутын дараа эргэн ирээд “Цагаан ордны ойролцоо буун дуу гарсан. Хамгаалалтын албаныхан нэг сэжигтнийг буудаж эмнэлэгт хүргэлээ. Нэг ч хамгаалалтын ажилтан гэмтээгүй. Бүх зүйл бидний хяналтад байна” хэмээн учраа тайлбарласан юм. Буун дуу гарах үед Трампыг ажлынх нь өрөөнд байлгасан байна. Тэрээр эргэн ирээд хөрөнгийн зах зээл болон бусад асуудлын тухай үргэлжлүүлэн ярьсан юм. Сэтгүүлчид түүнээс айсан эсэхийг асуухад “Би тийм их айсан харагдаж байна гэж үү. Энэ дэлхий дээр аюултай зүйл тохиолдож л байдаг. Энэ тийм онцгой зүйл бишээ. Хамгаалалтын ажилтнууд хажууд байсан учир би айгаагүй. Тэд бол хамгийн шилдэг, гайхалтай хүмүүс” хэмээн хамгаалагчдадаа үнэхээр их итгэл дүүрэн байгаа тухайгаа хэлжээ. XVII дугаар гудамж болон Пенсильваны өргөн чөлөө хоёрын хооронд буун дуу гарсан хэмээн хамгаалах албаныхан  мэдэгдсэн байна. Сэжигтнийг сэтгэцийн өвчтэй байж болзошгүй хэмээн таамаглаж байна. 

Өмнө нь 2016 онд Цагаан ордны ойролцоо буун дуу гарч, сэжигтнийг хамгаалалтын албаныхан олж буудсан юм. Тэр гар буутай байсан бөгөөд хамгаалалтын албаныхан зэвсэгээ хаяхыг шаардахад татгалзаж байсан удаатай. Харин энэ үеэр ерөнхийлөгч Барак Обама гольфын талбай руугаа яваад эзгүй байсан юм.

Эх сурвалж:BBC,Business Insider