БАРИМТ: Ж.Мөнхбатын ХҮРГЭН АХ Д.Буянтогтохын хөрөнгө оруулагчдыг 70 сая ам.доллараар хохироосон түүх

0
хуваалцах
309
үзсэн

“Төр засгийн зүгээс гадны хөрөнгө оруулагчдыг дэмжинэ, эрх ашгийг нь хамгаална, асуудлыг нь шийдэж өгнө” гэх ерөнхий агуулгаар сайхан зүйлс ярьдаг. Бүр Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын үед ЗГХЭГ-ын дарга асан Г.Занданшатараар ахлуулсан “Гадны хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл” хүртэл байгуулагдаж байв. Гэтэл яг ачир дээрээ манайх шиг төрд ажиллагсад нь дотоодын хувийн хэвшлүүдтэйгээ нийлж байгаад, хөрөнгө оруулагчдыг шаварт хутгачихдаг, хэрэгт тохчихдог, их хэмжээний хохирол учруулчихаад зүгээр л хаячихдаг “бүдүүлэг” төрлийн улс ховор. Хөшигний ард чухам хаашаа хандахаа мэдэхээ байчихсан, олон арван сая ам.доллараа дотоодын бүлэглэлүүдэд схемчлэн хулхидуулчихсан гадны хөрөнгө оруулагчдын өчнөөн кэйс яригддаг.

Бодит жишээ болгож, улстөрийн өндөр нөлөөлөл, хамгаалалт, лоббин дор санхүүгийн нарийн схемчлэл үүсгэж, хөрөнгө оруулагчдаа хулхидан, оргон зайлж, олон улсын интерполийн сүлжээгээр эрэн сурвалжлагдаж буй “Засагчандмань Майнз” компанийн захирал Д.Буянтогтохын кэйсийг дэлгэж байна. Уг компани 2013-2018 оны хооронд манай нэр бүхий арилжааны банк, “Нобль ресурс”, Хонконгийн  “GRF” тэргүүтнээс нийтдээ 55 сая ам.долларын хөрөнгө босгож, эдүгээ хүү алдангийн тооцоолол нэмэгдэж 70 сая ам.доллар болоод байгаа гэх.

АНГЛИЙН ЕРӨНХИЙ САЙД БОРИС ЖОНСОНЫ ДҮҮГ МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХАД ХҮРГЭЖ, ХУЛХИДСАН СЭРГЭЛЭН КОМПАНИЙН ӨРИЙН СҮЛЖЭЭ

Эдгээрээс хамгийн их хохирол амссан нь, Хонконгийн  “GRF” хөрөнгө оруулалтын сан аж. Тус санд транзит тээвэр, гар утас, газрын тосны, тусгайлсан хөрөнгө оруулалтын чиглэлээр нэгэн насны амьдралаа зориулсан алдарт Саймен Мюррей, Английн Ерөнхий сайд  Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсон нарын лидерүүд багтдаг. Дэлхийн санхүүгийн зах зээл дээр алдартай эрхмүүд нэгдэж, ам.доллар босгох замаар улс орнуудад хөрөнгө оруулдаг уг сан 2015 онд Монголд анхны төслөө 19 сая ам.доллараар санхүүжүүлсэн нь Д.Буянтогтохын “Засаг Чандмань майнз” компани байжээ.

Тэдний зуучлагч нь “Нобль ресурс”. Уг трейдер компани бүр 2013 онд “Засагчандмань Майнз”-д 15 сая ам.долларын зээлийг лицензийг нь барьцаалах хэлбэрээр олгосон байж. Ерөнхийдөө төлөлт дээр асуудал үүссэн тул “Нобль ресурс” хуулийн байгууллагад хандаж, ид маргаантай байх үедээ  “GRF”-ыг хөрвөх гэрээгээр татан оролцуулсан нь анхаарал татдаг. Нэг ёсондоо байдал хүндрэнгүүт тэднийх эрсдэлтэй гэдгийг нь мэдсээр байж, “Засагчандмань Майнз”-д дахин нэг санхүүжүүлэгч олж өгсөн логик эндээс харагддаг.

“GRF”, “Засагчандмань Майнз”-ын хооронд байгуулсан хөрвөх гэрээний гол агуулга нь, асуудал үүсвэл лицензийг нь шилжүүлж авах, компанийн хувьцааг эзэмших нөхцөлтэй байсан аж. Хачирхалтай нь, хамаг байдгаа барьцаанд тавиад, “Нобль ресурс”, “GRF”-оос нийтдээ 34 сая ам.долларын зээл авсан “Засагчандмань Майнз” дахин 2016 онд цахилгааны шугмаа барьцаалсан нэр зүүж, Монголын нэр бүхий арилжааны банкнаас 6 сая ам.доллар зээлж чадсан байдаг.

Ингэж гадны хөрөнгө оруулагчид болоод дотоодын банкнаас хөрөнгө оруулалт нэрээр их хэмжээний санхүүжилт салгасаар явсан “Засагчандмань Майнз” компанийн үндсэн гол хөрөнгө нь, Дорноговь аймгийн Дэлгэрэх суман дахь МҮ-015594 дугаар бүхий ашигт малтмал олборлолтын тусгай зөвшөөрөл байв. “Засагчандмань майнз” компани монголын арилжааны банк, “Нобль ресурс”, “GRF”-оос санхүүжилт татахдаа олборлолтын лиценздээ түшиглэн, үйлдвэр барих, зам тавих, цахилгааны шугам татах, ашиглалтын талбайгаа өргөжүүлэх чиглэлд зарцуулах төсөл танилцуулсан байдаг.

ХҮСНЭГТ: “GRF”-ООС АВСАН 19 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ХЭРХЭН УГААСАН БЭ

Гэвч ажил нь явж өгөөгүй. Харин ч эсрэгээрээ хачин жигтэй байдлаар мөнгө угаах шинжтэй үйлдлүүд хийсэн байдаг. Доорх хүснэгтээр “GRF”-оос авсан санхүүжилтээ “Засагчандмань Майнз” компани хааш нь шилжүүлснийг харуулав.

Тайлбар: Д.Буянтогтох захиралтай “Засагчандмань” эдгээр компаниудын ЭЦЭГ нь бөгөөд гол хөрөнгө оруулалт татсан “Засагчандмань Майнз” толгой болон бусад охин байгууллагууд руугаа мөнгөө “юүлсэн” байгаа юм. Д.Буянтогтох нь хувьцаа эзэмшдэг охин компаниудаа өөрийн эхнэр П.Инж-Улбаа, найз Т.Эрдэнэбат хаан, нягтлан А.Цэнд-Аюуш нараар удирдуулсан байдаг.

Хууль хяналтын байгууллагын явуулсан зарцуулалтын аудитоор илэрсэн зөрчил нь, 2 төгрөгөөр хийх шугамын ажлыг 10 гэж үнэлэх замаар “Засагчандмань Майнз” бусад  охин компани руугаа  мөнгөө тарааж, “УГААЖЭЭ”. Ингэж Д.Буянтогтох лицензийн талбай дахь ажлуудаа өндөр үнэ төлж, өөрийн охин компаниудаараа хийлгэсэн байна.Нэг үгээр хэлбэл, баруун халаасан дахь мөнгөө зүүн халаас руугаа шилжүүлж хийгээд байсан гэсэн үг.

Мөнхүү “GRF”-оос авсан 19 сая ам.долларын санхүүжилтээсээ нийт 7 сая ам.долларыг “Засагчандмань Майнз” компани 2016-2017 оны хооронд гурван удаагийн гүйлгээгээр БНХАУ руу шилжүүлэг хийсэн нь баримтаар нотлогддог.  Лицензийн талбайдаа бүтээн байгуулалт хийнэ гэж авсан мөнгөө яагаад гадагш нь шилжүүлэв гэдэг нь ихээхэн хачирхалтай асуудал юм.

СХЕМ: “ЗАСАГЧАНДМАНЬ МАЙНЗ”-ИЙН УЛСТӨРИЙН ХАМААРАЛ

Уншигчдын анхаарлыг төөрүүлэхгүйн тулд бид зориуд гадны хөрөнгө оруулагчдыг санхүүгийн схем үүсгэх замаар молигодож, сүйхээтэй загнасаар ирсэн “Засагчандмань Майнз” компанийн захирлын талаарх улс төрийн сэжмийг нь тайлбарлахгүйгээр энэ хүрэв. Одоо харуулъя.

Дээрх схемээс та “Засагчандмань” компанийн захирал Д.Буянтогтох нь ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатьн ЭХНЭРИЙН ТӨРСӨН АХ болохыг мэдлээ. Мөн Д.Буянтогтохын эхнэр П.Инж-Улбаа нь Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцын ойрын хамаатан юм. ТЕГ-ын дарга Б.Хурц  Д.Буянтогтохыг “Манай хүргэн” хэмээн тодотгож, бусдад ярьдаг гэх. Харин Т.Эрдэнэбатхаан нь Д.Буянтогтохын хамаг ажлыг амжуулдаг найз, гол гарын хүн нь юм. Эхнэр П.Инж-Улбаагийн хувьд шууд байдлаар “GRF”-той харилцаа үүсгэж байгаагүй. Асуудал хүндэрсэн үед түүний хамаатан, ТЕГ-ын дарга асан Б.Хурц зарим асуудлаар хөрөнгө оруулагч талтай холбогдож, хэлцлийн санал өгч байсан гэх мэдээлэл бий.

Нэгэнт улстөрийн улбаа ярьсных, ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат “Засагчандмань Майнз” компанид Дорноговь аймгийн Сайншанд сумыг Дэлгэрэх сумтай холбох 130 км замын 162.8 тэрбумын концесс олгосон асуудал нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах шалтгааны нэг болж байсныг эргэн сануулъя. Ингэж ЗГХЭГ-ын даргын сэнтийгээс Ж.Мөнхбат хүргэн ахдаа концесс бэлэглэсэн  түүх эхэлдэг бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүчингүй болгосноор үлгэр жаргадаг.

ЗЭЭЛИЙН СХЕМ: УЛСЫН МӨНГӨӨР АРИЛЖААНЫ БАНКНЫ  ӨР ДАРАХААР САНААРХСАН ҮЙЛДЭЛ

ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын дэмжлэгээр албан ажлаа бүтээж явсан гэх “Засагчандмань Майнз” зээлийн түүхийн схем  “GRF” хүрээд зогсохгүй. Улам “гаарч”, үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжихэд хувь нэмэр оруулах үндсэн чиг үүрэгтэй Хөгжлийн банкны хаалгыг тогшсон байдаг.

Ингэхдээ маш нарийн зохион байгуулалттайгаар, “Нобль ресурс”-д барьцаанд байсан лицензээ өмнө нь 6 сая ам.доллар зээлээд байсан арилжааны банкнаас 15 сая ам.долларыг “БАРЬЦААГҮЙ” зээлэх байдлаар гаргуулан ЧӨЛӨӨЛЖ, үндсэн барьцааг Хөгжлийн банканд шилжүүлэх гэрээг 2018.11.30-нд хийж амжжээ. Улмаар Хөгжлийн банкны ТУЗ, Зээлийн хорооноос “Засагчандмань Майнз” компанид 31 сая ам.доллартай тэнцэх хэмжээний гадаад иений зээлийг олгох шийдвэрийг хүртэл гаргуулж, гэрээнүүд албажаад байж.

Яг Хөгжлийн банкнаас “Засагчандмань Майнз” компани руу зээлийн мөнгө шилжихийн даваан дээр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ шууд чиглэл өгч, олголтыг зогсоожээ. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд ямар байдлаар “Засагчандмань Майнз”-ын бүтэхгүй түүхийн мэдээлэл очсон нь тодорхойгүй ч уг зээлийг зогсоосноор мөнгө угаалтын машин нэг шат урагш алхах байсан эрсдлийг зогсоосон нь сайн хэрэг юм.

Сонирхолтой нь, нэр бүхий манай дотоодын арилжааны банк “Засагчандмань Майнз”-д Хөгжлийн банкнаас хөрөнгө оруулалтын зорилгоор олгох 31 сая ам.долларын зээлээс 21 сая ам.долларыг нь зээлэндээ шилжүүлэн авах нөхцөл бүхий  гурвалсан гэрээг хийсэн байсан гэх.  Хэрвээ Хөгжлийн банк зээлээ олгосон бол, “Засагчандмань Майнз”-ын захирал Д.Буянтогтох тус банканд 21 сая ам.долларын зээлээ төлж, үлдсэн  10 сая ам.доллараа халааслан, хаа нэг тийшээ зугтаж, “GRF” цэвэр хулхидуулаад хоцрох байсан дүр зураг эндээс харагдана.  

Гол нь, Хөгжлийн банкны мөнгө бол Улсынх. Улсын мөнгө атгаж суугаа тухайн үеийн Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүд, Гүйцэтгэх захирал Б.Батбаяр яагаад барьцаанд буй лицензийн чөлөөлөлтийг арилжааны банктай хавсран хийхийг зөвшөөрөв. Цаашлаад Хөгжлийн банк өөрийн олгох хөрөнгө оруулалтын зориулалттай улсын мөнгөөр арилжааны банкны өмнөх өрийг хаахыг зөвшөөрөв. Үндсэн чиг үүргээсээ гажсан ТУЗ-ийн гишүүд болоод Гүйцэтгэх удирдлагын энэ шийдвэр нь авлигын үйлдэл болох уу. Мөнхүү монголын нэр бүхий арилжааны банк, Засгийн газрын харьяа Хөгжлийн банк, гадны трейдер компанитай үгсэн хуйвалдах замаар мөнгө угаах санхүүгийн схем дээр хамтран тоглолт хийсэн, хийхийг завдсан гэх хардлага энд зүй ёсоор үүсч буй юм.

ОДООГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ: “GRF”-ЫН 31 САЯ АМ.ДОЛЛАРЫН НЭХЭМЖЛЭЛ ГАРГАСАН Ч Д.БУЯНТОГТОХ  ОРГОН ЗАЙЛЖЭЭ

Гадны хөрөнгө оруулагчийг  төр, хувийн хэвшил дамнуулан, санхүүгийн нарийн сүлжээ үүсгэж, маш боловсон аргаар хулхидаж, тоглоомоос гаргасан энэ үйлдлийг эдүгээ Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс 2019 оны тавдугаар сараас шалгаж эхэлсэн байдаг. Хэрэг мөрдөлтийн шатанд дээрх үзүүлсэн санхүүгийн схем, мөнгө угаасан байж болзошгүй үйлдлүүд нотлогдох шатандаа орсон гэх.

Улмаар уг хэрэгт холбогдуулан, “Засагчандмань Майнз” компанийн эзэн Д.Буянтогтох, түүний ойрын найз Т.Эрдэнэбатхаан, нягтлан А.Цэнд-Аюуш нарт Эрүүгийн хуулийн

Залилах зүйлчлэлээр

17.3.2.2: бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Мөнгө угаах зүйлчлэлээр,

18.6.2.2: Байнга тогтвортой үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татан татан шалгаж байжээ.

Гэвч хэргийн гол хариуцагч, 70 сая орчим ам.долларын өрийн сүлжээ үүсгэгч Д.Буянтогтох 2019.12.30-ны өдөр хилийн хоригоо цуцлуулах хүсэлт гаргаж, тэр өдөр шүүх хүсэлтийг нь ханган шийдвэрлэснээр шууд  хил гарч, оргон зайлжээ. Яг шинэ жилийн баяраар, олны анхаарал суларсан үед Д.Буянтогтоход манай шүүхийн байгууллагынхан оргон зайлах боломжийг маш сайн зохион байгуулж өгсөн тул шүүгчийн тогтоол гардаг өдөр шууд хил давжээ.

Д.Буянтогтох нь АНУ дахь хүүхдийнхээ гэрт очсон гэх бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн олон улсын интерполиор эрэн сурвалжилж эхэлжээ. Одоогоор хэргийн мөрдөн байцаалт Д.Буянтогтохоос болж саатсан байдалд шилжиж, бусад гэрчүүдээс мэдүүлэг авах хэмжээнд үргэлжилж байгаа аж.

ДҮГНЭЛТИЙН ОРОНД: “Гадны хөрөнгө оруулалтыг татна” гэх сайхан уриатай Монгол Улсын дотоодын нөхцөл байдал чухамдаа тэдэнд ийм л халгаатай байна. Хөрөнгөн оруулалтын салбарын мастер Английн Ерөнхий сайд Борис Жонсоны дүүгийн хөрөнгийг Монгол нэг сүйхээтэй, сүлжээтэй эр төр, хувийн хэвшил, хуулийнхантай нь нийлж самарчихаад, өөрөө оргон зайлсан түүх нь ийм. Тэд эдүгээ “Монголд хөрөнгө оруулах уу” гэж асуусан түншүүддээ ямар зөвлөгөө өгөх нь тодорхой.

 Дотооддоо “Оюутолгойг шалгана, дубайн гэрээг цуцална, төр лицензүүдээ авна” гэж орилцгоосон поп улстөрчидтэй, түүнд нь нэг их алга ташсан масстай, дэлхийн хэмжээний бизнесийн ёсзүйн дүрэм мэддэггүй  хэдэн бүдүүлэг бизнесменүүд нь гадныхныг хулхидах талаар л бодож суухад дэлхий биднийг ямар нүдээр харах нь ч  бас маш ойлгомжтой асуудал билээ.

Гадны хөрөнгө оруулагчдын тархийг ар дээр нь гартал эргүүлж, хэдэн арван тэрбумаар нь тоглосон самраачдын түүх энэ хүрээд зогсчихгүй. Цааш нь улам сонирхолтой баримт дэлгэнэ ээ. Дараачийн цувралаар уулзацгаая.

Ж.МЯДАГБАДАМ

Эх сурвалж: eguur.mn