ӨМӨӨРӨЛ

0
хуваалцах
235
үзсэн

Г.ЖАМЬЯН
(Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч)

Сүүлийн үед УИХ–ын гишүүн асан Ө.Энхтүвшин, түүний хүү Э.Золбоо нар луу цөөн хэдэн хүн “амны угаадас” цацаж эхлэлээ. Монголын сэтгүүлчид, төрд олон элчээ илгээсэн. Ц.Элбэгдорж, О.Даш­балбар, Н.Энхболд, М.Ганди,Ө.Энхтүвшин,Г.Уянга, Д.Сарангэрэл, Ж.Мөнх­бат, М.Оюунчимэг... гээд л. Тэд маань ямар явсан, одоо яаж явааг Монгол даяараа мэдэж байгаа учир нуршилтгүй биз.Би энд зөвхөнУИХ–ын гишүүнээр хэд хэдэн удаа сонгогдон ажиллаж байсан ахмад сэтгүүлч Ө.Энхтүвшинийгөө өмөөрч бичих гэсэн юм.
Монголын цөөн хэдэн өдөр тутмын сонины нэгийг удирдаж олондоо нэртэй сэтгүүлч байсныг нь би мэдэх хуучны танил. 

Энэ хүнийг өсч төрсөн нутаг  Хөвсгөл аймгаасаа УИХ+ын сонгуульд өрсөлдөөд анх ялалт байгуулан гарч ирэхэд Монголын сэтгүүлчид бүгд баяр хүргэн халуун дотноор угтаж байсан нь хэдэн жилийн тэртээ улирчээ. Тэрээр угийн дуу цөөтэй учир хааяа нэг жинтэй дуугарах нь УИХ–ын танхимаас содон сонсогддог байсан л даа. Сэтгүүлч хүний тал бүрийн мэдлэгтэй учраас аль ч хуулийг батлахад түүний үг, санаа үнэ хүндтэй байдаг. Тэрээр УИХ–ын танхимдаа төдийгүй, Монголдоо, тэр дундаа Хөвсгөл нутгийн ард түмнийг Монголын төртэй холбож өгдөг гүүр болж байсан юм. Тойрогтоо хийсэн ажлыг нь тоочих гэвэл цаг, цаас гүйцэхгүй. Ийм л нэг гишүүн - сэтгүүлч, сайд - сэтгүүлч Монголын төрд хоёргүй нэг сэтгэлээр алба хашсаар одоо “иргэнийхээ суудалд” сууж байгаа. Өнөө жилийн УИХ–ынсонгуульд нам нь нэр дэвшүүлээгүй. Олон талаас нь харсан л байх.Дөнгөж жар гараад  явж байгаа хүнийг намын нь нөхөд “Ингээд лааз өшиглө !” гэж хаяагүй нь мэдээж. Түүнд асар их оюуны потенциаль бий. Нам төрийн ажлын асар их туршлага бий. Тийм хүнээ хөөж явуулчихаад хэдэн шинэ хүнээр төр түшүүлнэ л гэж лав бодоогүй байх. Тэгтэл сүүлийн үед, нэрээ нуусан, ил тавьсан, худал нэр зүүсэн хэсэг бүлэг хүн сэтгүүлч Ө.Энхтүвшин рүү маань элдэв янзын гүтгэлэг доромжлол цацлаа. Түрүүчийн парламентэд ахмадуудыг, тэр дундаа Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж хоёрыг үзэн яддаг, үнэн үгнээс нь үхтлээ айдаг дөрвөн залуу байсныг хэн хүнгүй мэднэ. Хоёр нь өнөө жил ард түмний итгэл хүлээн сонгогдож чадаагүй, нөгөө нэг нь шоронд орсон, Өнөөгийн Их хуралд 32–н  бүлгийн нэг нь үлдчихээд байгаа. Тэд уул нь эмээ өвөө, аав ээжтэй л хүмүүс баймаардаа. Тэгсэн чинь энэ ахмад зүтгэлтнүүдээ яасан муухай харааж зүхнэ вээ.”Та нар Монголын төрийг үе дамжин цуслаж ханалаа, одоо болсон юм бишүү!” гэнэ. Ө.Энхтүвшинийг “...Та бол улстөрд байгаа хамгийн муу муухайгийн тод жишээ. Улс төрд бугшсан идээ бээрийн үлдэгдэл, хорт хавдар” гэж.Нэг чөлөөт сонинд Ө.Энхтүвшинийг”...Энэ улай үзсэн мангасыг...” гэхчлэн  бичсэн байна. Арай дэндэж байна даа. Энэ бүхний ард нь их мөнгө барьсан хүн хэлүүлж бичүүлдэг  байх.
“Ө.Энхтүвшин надтай нэг тойрогт өрсөлдчихвий, УИХ–д ороод ирэхвий!...” гэсэн хүмүүс зөвхөн Ө.Энхтүвшинийг ч биш, ахмад туршлагатай улстөрчдөө ийнхүү үзэн ядах цаг ирждээ. Одоо тэр, их мөнгөнд толгойгоо мэдүүлсэн “залуучууд”Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж нарын талаар ямар өөдгүй мэдээ цацаж байна гээ.Ө.Энхтүвшиний хүү Э.Золбоо Яамны дэд сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр Яамны төрийн нарийн бичгийн дарга болж тэр “Залуучуудын” дургүйг хүргэж”... Монгол төрийн сэнтий цөөн хэдэн хүний үе удмаараа дархлан эзэмшдэг суудал биш. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй байдаг юм...” гэж загнаад байгаа. Гэр бүлийн хоёроос дээш хүн энэ төрд алба хааж болохгүйнээ дээ?!  Энэ бачимдаад байгаа хүн өөрөө юмуу, хэн нэг гэр бүл хамаатан садных нь очих гэсэн суудалд Ерөнхий сайд Хүрэлсүх нь эднийг нь томилчихож. Ингээд уурыг нь хүргэж хэвлэл мэдээллийн бараг бүх хэрэгслэлээр, нэртэй нэргүй доромжлол цацаж гарлаадаа. Сонин л юмдаа.Н.Анхбаяр,Э.Золбоо гэх хоёр залуу чинь гадаад дотоодын хэд хэдэн дээд сургууль төгссөн, олон хэл мэддэг мэргэжлээрээ энэ албанд бэлтгэгдсэн сайн залуучууд байна билээ. Хамт олонтойгоо ч эвсэг найрсаг харьцаатай, их л өөдөлж дэвших залуус гэж би харж байгаа. Тийм залуучуудыг чинь “Чи Ө.Энхтүвшиний хүү”,”ЧиЦ.Нямдоржийн хүү” гээд ахиулж дэвшүүлэхгүй дараад байх хэрэг үү?! Зөвхөн энэ хоёр ч биш, Монголын төрд шудрага үнэнээр зүтгэсэн аав ээж, ах дүүтэй хичнээн олон сайхан залуус “Монголын төрийг үе дамжин цуслаж ханалаа...” хэмээн хараалгаж байгаа бол?!
Би, Ө.Энх­түвшиний тухай хэдэн үг хэлэх гэсэн юм. Тэрээр УИХ-д хэд хэдэн удаа сонгогдлоо ч гэсэн, бас дарга сайд байлаа ч гэсэн энэ муухай хэрүүл талцлаас болж л өгвөл хол явдаг хүн.УИХ-аас гаргаж байгаа хууль тогтоомжуудын сайн редактор. Зарим нэгэн шиг шунахай сэтгэл гарган уул уурхайг орд газраар нь, уулын  амуудыг бүхэл бүтнээр нь аваад баяжчихаагүй, даруухан явж ирсэн төрийн түшээгийн нэг. Нам төрөөсөө хүлээлгэсэн аль ч хүнд даалгаврыг  тайлбаргүйгээр биелүүлж ирсэн хүн л дээ. Үүний тод жишээ нь Засгийн газрын шадар сайдын албан тушаал. Аль ч улсад хамгийн хэцүү алба энэ юм гэнэ лээ. Ө.Энхтүвшингийн алба хашсан сүүлийн хоёр жилийн хугацаанд байгаль цаг уурын болон цар тахал, үер ус, осол эндэгдэл ямар их гаравдаа?! Отгонтэнгэр хайрханд авирч сүйрсэн уулчдын эмгэнэлт явдлаас л эхлэсэн байх. Ган зуд болсон. Үер усны аюул сар жилээр үргэлжиллээ. Коронавирусын аюул буюу цар тахал. Энэ бүхний дунд бүсээ цөөхөн тайлж, хагас нойртой байсан хүний нэг бол яах аргагүй Ө.Энхтүвшин. Дээхнэ үед шадар сайд агсан Ч.Пүрэвдорж нэг удаа ярилцлага өгөхдөө гэрийнхээ телефон утсыг салаалуулаад нэгийг нь “өвөртөлж” унтдаг байсан. Шөнө өдөр хэзээ дуудахад бэлэн байдагсан гэж билээ.Ө.Энхтүвшиний энэ үед гар утас гэж сайхан зүйлтэй болоод дэрлэж унтдаг болсон байх. Үхэл зовлон хаана болнов, шадар сайд л хамгийн түрүү очсон байна. Оршуулгын цувааны эхэнд шадар сайд л явж байдаг. Ийм хүнд хэцүү албыг хоёр жил нойртой нойргүй, хоолтой хоолгүй амжуулаад “хоёр яс салж” байгаа жар гарсан хүнийг магтах нь байг гэхэд ингэтлээ муулахгүй байж болохоор л юм даа. Яг шуудхан хэлэхэд  дэлхийг чичрээж, өнөөгийн байдлаар бараг сая шахам хүний маань амийг авч одсон коронавирус гэдэг аюулт цар тахалаас ажиллах хугацаандаа улс гүрнээ ганц ч хүний амь насны гарзгүйгээр авч үлдэж байгаа гавъяатан бол Ө.Энхтүвшин, Д.Сарангэрэл, Д.Нямхүү нар болон тэдний багийнхан юм шүү. У.Хүрэлсүх ухаантай залуу хүний хувьд Ө.Энхтүвшингээ УИХ–ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй авч үлдээд аль нэг үймээн самуунгүй, байгаль цаг уурын таатай нөхцөл бүрдсэн улс оронд элчин сайдаар явуулж хэдэн жил “яс амрааж” бас уран бүтээл дээр нь суулгах гэж сайхан шийдвэр гаргаж байгаа юм болов уу гэж би бодлоо.Францад суух элчин сайд томилогдоно гэдэг чинь олон даваа давна шүүдээ. Үнэн ч юм уу худалч юм уу, зарлигтаа Ерөнхийлөгч гарын үсэг зурсны дараа л итгэх асуудал.
Энд би бас Ц.Нямдорж гэх хүний тухай дурсалгүй өнгөрч болмооргүй байна. Түүний улыг, хөдлөх болгонд нь шагайж байдаг хүмүүс бий. Үнэн үг хэлэхээр нь оройны нь үс босдог, прокурор байхад нь яллуулчихсан зарим хүн, тэдний даалгавартан Ц.Нямдоржийг мөн ч их гоочиллоодоо. Хууль зүй дотоод хэргийн сайд болчихоод үнэтэй машин авч уналаа гэж хүртэл баахан муулсан. Бусад соёлтой орнуудад чинь хууль зүйн сайд нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын дараагийн хамгаалалтанд байдаг юм билээ. Зарим улс орон хууль зүйн сайддаа асар үнэтэй хуягласан машин,хуягласан онгоц хүртэл унуулсан байдаг. Тэхэд аймгийн орлогч дарга нарын унаад байгаа машиныг Ц.Нямдорж яагаад унаж болохгүй гэж! Сүүлийн үед Ц.Нямдоржийг Ерөнхий сайдын хуулийн зөвлөх боллоо. Хүү Н.Анхбаярыг нь ГХЯ–ны төрийн нарийн бичгийн дарга боллоо гэж мөн ч их муулж бичиж, ярьж байнадаа. Яагаад болдоггүй юм бэ?! Монголын хуулийг гарын арван хуруу шигээ мэддэг, дөнгөж жар гарч байгаа энэ эр хүн Ерөнхий сайдад зөвлөхөд юу нь болохгүй байгаа юм. Өсч яваа дипломатч хүүгийнх нь тухай түрүү бичсэн. 
Та ажиглаж байна уу?! Ер нь сүүлийн үед Монголд чинь ахмад настнаа үзэн ядах үзэл гаарлаа шүү. Би Монголын парламентын анхны сурвалжлагчдын нэг. Төр түмний буянаар гадаадын, парламент нь төлөвшчихсөн хэд хэдэн орноор туршлага судлаж сурвалжилж явсан. Миний очсон газруудад бол парламентын гишүүдийн тавь орчим хувь нь дан цагаан толгойтой, таяг тулсан өвгөд хөгшид байх юм билээ. Тэгээд үлдсэн тавь орчим хувь нь идэр дунд насныхан. Хорин хэдтэй, гэр бүлийн талаар тогтворгүй, хүн зоддог, доромжилдог, хуралдаа суудаггүй хүнийг бид л лав тэнд олж хараагүй.
    Би тэгээд боддог байхгүй юу. Манай УИХ-д гуч орчим хувь нь ахмад үеийн төлөөлөл буюу 60–с дээш настан, тавь орчим хувь нь дунд үеийнхэн буюу 35-60 насныхан хорь орчим хувь нь орчин үеийн залуус буюу 35 хүртэлх насныхан байвал зохимжтой харьцаа юм болов уу гэж боддог. Тэгтэл УИХ, Засгийн газарт байгаа, гарын арван хуруунд багтмаар хэдэн буурлыгаа адлаад, үзэн ядаад байх нь төдийлөн таатаай биш санагддаг. Одоо бүр, үр хүүхэд гэр бүлээр нь адалж шоолдог, ялгаварлан гадуурхдаг болчихлоо. Энэ чинь сайны ёр биш байх. Төр түшилцэж байгаа ахмадуудыг үзэн ядах үзэл хоёр үнэдэслэлтэй гэж би боддог. Нэг нь бидний буруугаас. Их мөнгөтэй, инээж ирсэн баячуудыг сонгочихдог. Тэд нь өндөр сэнтийд залраад төр түмний үйлсэд зүтгэхээсээ дан “хувиа борлуулж,довоо шарлуулж” дөрвөн  жилийг авдагаас шалтгаалж байна. Нөгөө нь Монголын хууль дээд зиндааныханд үйлчилдэггүйгээс хүн амины хэрэгт холбогдсон, хулгай дээрэм хийсэн, хууль бусаар баяжсан зарим хүн ямарч үнээр хамаагүй халдашгүй дархан эрхийн “окопонд” орж нуугдахаар зүтгэдэгээс ахмад үеийнхнийг муухай харагдуулаад байгаа юм. Одоо сүүлийн үед “багаар нь сонгоё” гэдэг төрийн луйвар газар авлаа. Нэр  хүндтэй нэг залууг дагуулаад хоёр “лүд” явуулчихдаг. Хойноос нь “багаар нь сонгоно шүү” гэж хашгиралдаад, Монголын парламентэд элдэв бусармаг үйлстнүүд орж ирэх үүд хаалгыг нээдэг болчихсон. Энэ чинь л Монголын засаг төрийг муухай харагдуулаад байгаа юм. Төрөөс ахмад настны тухай баримтлах бодлого ч алдагдсан. Бусад оронд ахмадууд нь тэтгэвэртээ гараад баян тансаг амьдардаг юм билээ. Монголд бол гуйлгачин болдог. 100-200 ахмадын тэтгэвэрийг нэг банкны захирал юм уу томоохон үйлдвэрийн дарга авч байхад Монголын ядуурал яаж буурах вэ? Банк дампууруулж завшсан, тэрбум хэдэн зуун саяар нь зээл аваад улсаар төлүүлчихсэн, гадаадад оргоод гарчихсан хүмүүсийнхээ завшсан мөнгө хөрөнгийг олж авч чадахгүй, энэ хөөрхий ахмадуудынхаа тэтгэвэр тэтгэмжийг л бариад байгаа. Монголд хэзээ ахмадууд үнэ хүндтэй амьдарч, төрд зүтгэж байгаа нэг нь гүтгүүлж, доромжлуулалгүй амьдрах юм, мэдэхгүй л байна.Ө.Энхтүвшин минь Монголын сэтгүүлчид бид үзэг нэгт нөхөр таныгаа өмөөрнө өө. Доромжлол болгонд нь хариу барина.


Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.11  МЯГМАР № 153 (6378)