Хошой мянгат малчин М.Балжиннямынх

0
хуваалцах
236
үзсэн

О.Энхжин

Монголын уламжлалт аж ахуйн төрхийг хадгалж яваа нэгэн эрхмийг энэ нийтлэлд онцоллоо. Нийтлэлийн баатар М.Балжинням болвоос зургаан хүүтэй айлын том нь. Түүний эцэг эх Увс аймгийн Давст сумын уугуул иргэд юм. Нэгдлийн малчин хийдэг байсан гэр бүлээ дагаад М.Балжинням гуай малд дөртэй болж өсчээ. Багаасаа л маллаад аргийг нь сайн олсон учраас би мал маллахад ядрана гэж байхгүй, түүртэхгүй. Энэ миний нэг авьяас гэж боддог. Гарт минь бүрэн орчихсон, миний бүрэн дүүрэн хийж чаддаг ганц чаддаг ажил болохоор би малчин хүн гэдгээрээ бахархаж явдаг хэмээсэн М.Балжинням гуайн амьдралын тойрог гагцхүү таван хошуу мал, тал сайхан нутаггүйгээр нь төсөөлөх аргагүй юм. 
М.Балжинням гуай 1973 онд долдугаар ангиа дүүргээд илгээлтээр гарч малчин болжээ. Амьдралынхаа сонирхолтой хэсгээс хуучлаач гэхэд 1974 оны хавар галзуу чонотой хонио хариулж яваад таарсан тухайгаа ярив. Морьтой хөөцөлдөн хонио хамгаалж байлаа. Мал руу чоно нохой дайрах чинь энгийн үзэгдэл шүү дээ гэх нь үүнийгээ нэг их юманд бодож явдаггүй нь илт. Одоо бол 16 настай хүү ийм зүйл хийсэн гэвэл сошиал орчноор багагүй шуугиан тарих биз. Тэрээр 19 насандаа хугацаат цэргийн албанд татагджээ. Орос, Монголтой хиллэсэн Өмнөговийн хил дээр гурван жил алба хаахдаа тэрээр малчны ур чадвараа бас багагүй харуулж чадсан. Гишгэхэд л халуун шавар сороод авах шиг болох элсээр бүтсэн том, том улаан уулнууд залуу цагт нь түүнд их соньхон байж. Харин хангай газрын хүүд чулуун дээр тавьсан мах борлом гэж хошигнон суух тэр говийн халуун халшрам байсан нь мэдээж. Үүний адил говийн цаг агаарт хангай газрынх шиг мориор унаа хийнэ гэдэг бүтэхгүй ажил гэж тэрээр ярьлаа. Тэр үед хилийн манаанд 40-өөд тэмээгээр ээлжлэн эргүүлд гаргаж, тэмээг маллах цэргийг тохоон томилдог байж. Нэг газраа байсаар олигтой ногоо ч олж идэхгүй болохоор эргүүлийн тэмээнүүд шальтай таргалдаггүй, амь нь хаана байгаа юм гэмээр байсан гэнэ. Мянгат малчны ярьсанаар тэмээ гэгч их голомтгой амьтан ажээ. Хэрийн газар бэлчихгүй, таарсан өвсийг иддэггүй гэнэ. Тиймээс бусад таван хошуу малаас хамаагүй их арчилгаа шаарддаг. Балжинням гуай цэргийн албаныхаа сүүлийн жил заставын тэмээг маллахдаа энэ ёсоор арчилсаар өмнөх хоёр жилд байгаагүй таргыг авхуулжээ. Тиймдээ ч дарга нар нь түүнийг халагдахад ёоз муутай байсан аж. 

Хөдөлмөр шингэсэн жилүүд
Тэрээр 1980 оны дундуур цэргээс халагдаж ирээд эхнэр Жамбалын Даваатогтохтой танилцаж есөн сард айл болжээ. Гэрийн эзний эцэг далаад онд өөд болсон болохоор ээж нь сайхан цагаан гэр тааруулж, хэдэн мал тасалж өгснөөр сумын нэг голын хоёр амьдралынхаа гарааг эхэлж байсан түүхтэй. Тав, таван жилийн төлөвлөгөө биелүүлж, өөрийн толгойгоор шийддэг юмгүй байсан гэж гол баатрын ярьж буй үед хувийн өмч гэж юу юунаас хомс байсан гэнэ. Нэг айл үүнээс илүүгүй хувийн малтай байна гэсэн норм байсан аж. Малчны бол гучаад толгой, төрийн албан хаагчийнх бол 16-аас илүү толгой малтай байхыг хориглодог байжээ. 
Тэр үеийн нэгдлийн сүүний төлөвлөө хонь ямаа, үхэр гээд бүх малаа сааж сүүг нь тушаах чанга нормтой байсан. Түүнээсээ дутаавал цалингаас нь суутгаж, харин давуулан биелүүлвэл хувиар тооцон урамшуулал олгодог тогтолцоотой. Балжинням гуайнх тухайн үед 160 гаруй ямаа, 10 гаруй үхэр саадаг байжээ.Гэрийн эзэгтэй хоёр ч удаа сумын аварга саальчин болж байсан хөдөлмөрч эмэгтэй. Мянгат маань ч “Миний хүрсэн бүх амжилт ганц миний гавъяа байгаагүй. Үүнд эхнэрийн минь хүч, хөдөлмөр ч чамгүй шингэсэн” гэсэн юм. 
Даваатогтох гуайн хэлснээр ганц сүү гэлтгүй ноос, ноолуурын төлөвлөгөө ч нэг их ялгарахааргүй хатуу байсан аж. Ноосны төлөвлөгөөгөө биелүүлж хүрэхгүй болохдоо айлууд хонь бэлчсэн газраар харганад орооцолдож үлдсэн хонины ноосыг түүхдээ хүрдэг байсан гэхээр арга ч үгүй биз. Харин тэднийх төлөвлөгөөгөө давуулна уу гэхээс дутаадаггүй үлгэр жишээ айл байжээ. Гэрийн эзэн социализмыг хүн хийснээрээ үнэлүүлдэг шударга үе хэмээгээд хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, төлөвлөгөөгөө давуулж байсны хүчинд аймгийн хошоо аварга гэх төрийн шагналыг хүртэж, мянгат болсондоо сэтгэл дүүрэн явдагаа нуусангүй. Тэрээр 2000, 2007 онуудад мянгат малчин болж байсан юм.

Сайн малчин
М.Балжинням гуайн гол үлгэр жишээ болсон хүн бол түүний эцэг. Тиймдээ ч сайн малчин болоорой гэсэн эцгийнхээ захиасыг биелүүлж, урмыг нь хугалахгүй явах нь түүний чин хүсэл аж. Харин “сайн” гэх үгийн хэмжүүр хүн бүрт өөр өөр байдгийг бодож түүний хувьд “сайн малчин” гэж хэн болохыг тодруулвал тэрээр ийм хариулав. 
Миний хувьд сайн малчин гэж олон арван малтай байхаас илүү түүнийхээ ашиг шимийг бүрэн хүртэж чаддаг хүнийг хэлдэг. Малаа бүрэн таньж мэдсэн нэгэн байна гэсэн үг. Мянган малтай гэхээр хүн болгон бас сайн малчин биш шүү дээ. Жишээлбэл, мөнгөтэй байгаад мянган мал худалдаж авах нь одоогийн нийгэмд боломжтой зүйл. Тэр чинь малчин биш мал маллах сонирхолтой мөнгөтэй хүн болно оо доо. Харин мал маллах ухаан гэдэг өмнөхтэй адил хаа таарсан нь хийчихдэг хялбар зүйл биш. Яахав хийгээд сурчихсан, дадчихсан бол амар зүйл мөн л дөө. Миний сайн малчин гэдэг зүйлд хэд хэдэн хэмжүүр бий. Үүний нэг нь өвөл малаа хэр тарган оруулах вэ гэдэг явдал. Ингэхэд тэжээх малаа зөв тооцож байж тэр хэмжээний хадлан хийх чухал. Харин өвөл тарган орсон мал хавар төллөхдөө амар, эндэгдэлгүй байдаг учир энэ нь малаа үхүүлэлгүй онд оруулахаас гадна цаашид өсөж үржихэд нь ч хамааралтай асуудал юм хэмээн хариулсан юм. 
Түүний хувьд мал маллах нь багаас сурч мэдсэн зүйл, нэг ёсны төгс эзэмшсэн мэргэжил нь. Тэрээр үүнийгээ дээд сургууль төгссөнтэй зүйрлэдэг аж. Төр улсынхаа өмнө хийж бүтээснээрээ хоёрнтоо “эрдмийн зэрэг”-ээ хамгаалчихсан юм чинь арга ч үгүй биз. Одоо тэднийх 800-аад малтай. Балжинням гуай одоо ч малаа нэг бүрчлэн зүсэлж чаддаг. Мэдлэг туршлагаас залуусд харамгүй зааж сургадаг тэрээр өөрийн амаар хэлээгүй ч эцгийнхээ захисан “сайн малчин байх” гэдгийг аль хэдийн биелүүлсэн аж. Үүнийгээ ч өөрөө мэдэж, бахархаж явдаг нь илт. 

Таваар тамгалагдсан заяа
М.Балжинням гуайнх таван хүүхэдтэй. Бусад нь хотод ажиллаж, сурдаг бол том хүү Түмэнжаргал нь эцгийнхээ ажлыг залгаж малчин болжээ. Одоо сумын сайн малчин болсон хүүгийнхээ тухай ярихдаа ажилдаа гаршсан нэгэн гээд л их сэтгэл дүүрэн байх аж. Балжинням гуайн аав нь аймгийн алдарт уяач байсан болохоор багаасаа хурдны морь унаж өссөн тэрээр адуунд их хайртай. Өөрөө бас нэг хэсэг наадамд морь уяж айрагдуулж явсан гэнэ. Одоо ч сайн адуу таарвал мөнгө хайрлахгүй худалдаж авдаг аж. Түүнийг дагаад таван хүүхэд нь ч хурдан хүлэгт элэгтэй болж өсчээ. Наадамд айргын тав гэдэг шиг Балжинням гуайд таван сайхан хүүхэд, таван ачлалт дүү заяажээ. Дүү нараас нь гурав нь мөн малчин болж чамгүй амжилттай яваа. Эцгийнх нь орон зайг нөхөж ирсэн ахыгаа тэд нь аавын дайтай хүндэлж, талархаж явдаг аж. Түүнд амьдралд шунаж явдаг зүйл одоо бараг үгүй. Хүсэж явсан зүйлсээ ихэнхийг гүйцээжээ. Нэг зүйлийг хэт шүүмжилж, зарим хүн шиг хатуу байр суурийг тэр эрхэмлэдэггүй. Хааяахан бор дарсыг хэмжээг нь тааруулаад хүртчихдэг. Харин ихээр жигшдэг зүйл гэвэл хариуцсан ажлаа цалгардуулах явдал. Тиймдээ ч сэтгэл зүрхээ зориулж ирсэн малчин гэх ажлаараа Балжинням гуай ихээр бахархдаг. 
Өнөөгийн залууст хандаж хэлэхийг хүссэн нэг зүйл түүнд бий. “Сурч чадвал ажил мэргэжил бүхэн сайхан”. Бараг хүн бүхний сонсож байсан энэ энгийн өгүүлбэрийн мөн чанарыг ухаарч ойлгоход магад түүний “амьдралын тойрог” уншигч та бүхэнд хөтөч болох биз ээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.7  БААСАН № 151 (6376)