Төмөр зам, эрчим хүчний бүтээн байгуулалтад алсын хараа дутаж байв

0
хуваалцах
215
үзсэн

Т.САЙХАН

Монгол Улс төмөр замын бүтээн байгуулалтын төслийг амжилттай хэрэгжүүлж байна.  Өнгөрсөн хугацаанд улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж төмөрзамын асуудал гацаанд орж байсан тохиолдол олон.   Харин сүүлийн үед шийдвэр гаргагчид ерөөсөө  Монгол  Улсын алсын хараа, ирээдүй нь төмөр зам юм гэдэгт гүн итгэж, төслийг урагшлуулахад хүч хаяж байна.   Төсөлтэй холбоотой нэгэн жишээг дурьдахад 2006 он М.Энхболдыг Ерөнхий сайд болсны дараахан улстөр судлаач Н.Дугар түүнтэй уулзсан байдаг. Н.Дугар М.Энхболдыг Ерөнхий сайд болсонд талархаж “Та Ерөнхий сайдын хувьд олон ажил цалгардуулж, олон санаа бодож өөрийгөө зовоох хэрэггүй” хэмээн зарим асуудлаар зөвлөгөө, мэдээлэл солилцсон байдаг.  Тэр дунд хамгийн чухал асуудал нь Төмөр замын     бүтээн байгуулалтыг хөндсөн байв.  Улстөр судлаач Н.Дугар хэлэхдээ нэгдүгээрт Оюутолгой, Тавантолгойн төсөл хөдлөх нь тодорхой болж байна. Хөрөнгө, санхүү, нөөц бололцоогоо дайчлан ашиглаж Тавантолгойн коксжих нүүрсний ордын эрчим хүчийг ашиглан дөрөвдүгээр цахилгаан станцаас багагүй хүчин чадалтай станц барих хэрэгтэй. Хятад эрчим хүчний хомсдолтой. Оюутолгой, Тавантолгойд шаардагдах эрчим хүчийг хангах бололцоо манайд байхгүй. Кокосжих нүүрсийг авахын тулд эрчим хүчний нүүрсийг нь хуулж авна. Эрчим хүчний нүүрсийг хятад авахгүй, манайх шингээх боломж байхгүй. Иймд хуулж хаяж байгаа эрчим хүчний нүүрсийг цахилгаан болгож ашиглах ёстой. Ингэж чадвал үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ Бугат зэрэг аж үйлдвэр хөгжсөн нутгуудад борлуулж эрчим хүчний экспортоор валют олно. Дэлхийн зах зээл дээр нэг  квт эрчим хүч 5-6 цагт байдаг юм. Оюутолгой, Тавантолгойд байрлуулна. Ингээд илүү гарвал Төвийн эрчим хүчний станцад нийлүүлж улмаар Улаанбаатар гэр хорооллын утааг арилгахад ашиглана. Улаанбаатар болон төв суурин газрын хүмүүсийн  амьдралын чанар сайжирна. Утаанаас салахын тулд үнэгүй өгөх хэрэгтэй, үнэгүй өгөхдөө харамсаад байгаа бол өртөгөөр нь өг. 
Энэ нь нөгөө талаасаа хүн амын бодит орлогыг нэмэгдүүлж буй явдал болно. Өндөр хүчин чадлын станц байгуулчихаад Хятад, Оюутолгой, Тавантолгойд хэдэн сая квт цахилгаан эрчим хүч борлуулж байна гээд тоолуураа хараад мөнгө тоолоод сууж бай” гэсэн байдаг.  Хоёрдугаарт тэрээр “Оюутолгой, Тавантолгойн уурхай ашиглалтад ороход тээврийн асуудал нэн чухал. Иймд Тавантолгой-Зүүнбаян, Гашуунсухайтыг холбосон төмөр замаа барьж эхэл. Ингээд хэдэн сая тонн Зэсийн баяжмал экспортод гаргаж байгаагаа пүүний тоолуураа хараад мөнгөө хурааж аваад сууж бай. Тавантолгой-Зүүнбаян, Шандын төмөр замын сүлжээ бий болмой. Замын дагуу олон арван ашигт малтмалын ордууд ашиглалтад орно. Ингээд Уул уурхайгаас улсад орох орлого хангалттай болно. Төмөр замаас өмнө Оюутолгой, Тавантолгойн уурхай ашиглалтад орвол авто тээврээр гүйцэтгэх болно. Авто тээвэр нь төмөр замын тээврээс 3-5 дахин өндөр өртөгтэй, байгаль экологид сөрөг нөлөөтэй, авто тээвэрт ажиллаж байгаа жолооч тэдний ар гэрийн нийгмийн асуудал хүндэрч улс төрийн муу үр дагаварт ч хүргэж болзошгүй”  гэж зөвлөсөн байдаг. 
Тэгэхэд Ерөнхий сайд М.Энхболд сонсоод ямар ч хариу хэлээгүй бөгөөд “Цахилгаан станц барилаа гэхэд дулааныг нь яах юм” гэсэн гэдэг. Улстөр судлаач хариуд нь  “Дулаан үйлдвэрлэхгүй байж болно, дулаан үйлдвэрлэхгүй технологи сонгож болно. Тодорхой хэмжээний дулаан үйлдвэрлэх юм бол түүнийг бас ашиглаж болно. Говийн тэр өргөн уудам зэлүүд газарт хэдэн мянган га нарийн ногооны хүлэмж барьж нарийн ногоо тариалж дотоодынхоо хэрэгцээг хангаад хятадаас авдаг нарийн ногоондоо зарцуулдаг валютаа хэмнэх хэрэгтэй. Дотоодынхоо хэрэгцээнээс илүү гарах юм бол ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд, Сибирт борлуулж болно шүү дээ. Монголын эрүүл цэвэр хөрсөнд ургасан экологийн нарийн ногоог Орос, Хятадын аль нь ч авна”   гэсэн гэдэг. 
Тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайд улстөр судлаач  хоёрын хооронд ийм л яриа болоод өнгөрсөн.  Харин үүнээс 11 жилийн  дараа буюу 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн М.Энхболд дахин  Н.Дугартай уулзаж дэмжих хүсэлт тавихад нь “Таныг Ерөнхий сайд болсны дараа би цахилгаан станц, төмөр зам барих зөвлөгөө өгсөн. Түүнээс хойш 11 жил өнгөрсөн байна. Монголын төр энэ хугацаанд 430 км төмөр зам, ганц станц барьж чадахгүй байхдаа яахав дээ. Та хэрэгжүүлсэн бол өнөөдөр ашиглалтын тууз хайчлаад нүүр бардам өрсөлдөж  байхгүй юу. Өнөөдөр нүүрс нь байдаг, тээвэрлэх тээвэр нь байхгүй.  Авто тээврийн хэдэн мянган жолооч нарын нийгмийн асуудал сүйрчихсэн, байгаль экологи сүйрсэн, аваар осол болж хэдэн арван жолооч үхэж амь насаа алдаж байна. Оюутолгой 400-д сая ам.долларын цахилгааныг Хятадаас импортлон авч Улаанбаатар хотын утаа улам нэмэгдэж хүн амын өвчлөл нэмэгдэж байна. Таныг би дэмжиж чадахгүй. Та ялахгүй”  гэж хэлсэн гэдэг.  
Үүгээр юу хэлэх вэ гэхээр  Монголын төмөр замын бүтээн байгуулалтад алсын  хараа, шийдвэр гаргагчдын сэтгэл дутаж байжээ. Гэхдээ оройтсон ч гэсэн төмөрзамын төсөл урагш явж байгаа нь саашаалтай юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.7  БААСАН № 151 (6376)