Засгийн газрын гишүүд өчигдөр нийслэлд ажиллаж, 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн  зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.  


Энэ үеэр  Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан  “Монгол Улсын хүн амын 46.7 хувь нь нийслэл хотод амьдардаг. Иймд бид ирэх өвөл сайжруулсан түлш үйлдвэрлэхээс гадна түгээлт, борлуулалтын зөрүү татаасын асуудал чухлаар тавигдана. Өнгөрсөн өвөл түлш борлуулах 389 цэг ажиллаж байсныг энэ онд 1000 гаруй борлуулалтын цэг болгон нэмэгдүүлэх саналтай байна.
Мөн хөрс, орчны бохирдлын асуудлаар нүхэн жорлонг эрүүл ахуйн шаардлага хангуулах тал дээр анхаарч ажиллана” хэмээн онцоллоо. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Хотын түгжрэл, цэвэрлэх байгууламж, эрчим хүчний хомсдол, авто замын стандарт, чанар гээд тулгамддаг олон асуудлыг шийдвэрлэх, иргэдийн ая тухтай амьдралын нөхцлийг бүрдүүлэхийн төлөө уялдаа холбоогоо сайжруулан ажиллах шаардлагатай байна” хэмээлээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орохтой холбоотойгоор нийтийн тээврийн чиглэлийг шинээр бий болгох асуудлыг нийслэл анхааралдаа авах хэрэгтэй. Мөн ирэх жилүүдэд барьж байгуулах Богдхан төмөрзамтай “Хөгжлийн алтан тойрог” буюу Дагуул хотуудыг холбосон замын ТЭЗҮ-ийг уялдуулж ажиллах шаардлагатай” гэдгийг онцолсон юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.7  БААСАН № 151 (6376)