Тарваганы мах худалдаалах гэж байсныг зогсоожээ

0
хуваалцах
141
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

Бороо хур элбэгээс үүдэн гол усны үерээс урьдчилан сэргийлэх болон тарваган тахлаас сэргийлэхийн тулд хийж буй ажлуудын талаар НОБГ,  НМХГ, НЭМГ өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Гэнэтийн шалгалтаар Баянгол дүүргийн нэгдүгээр худалдааны төвд иргэн Б хоёр тарваганы мах худалдаалах гэж байсныг энэ сарын 5-ны өдөр илрүүлсэн байна. Түүнчлэн Налайх дүүрэгт Алдар-Улааны худгийн дэргэд үхсэн тарвага байсныг олж ойролцоох 100 метр орчныг ариутган халдваргүйжүүлж, Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ. Энэ талаар Нийслэлийн ОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Энэ сарын 15-наас аравдугаар сарын 15-ныг хүртэл Нийслэлийн авто тээврийн товчоодыг түшиглэн холбогдох мэргэжлийн байгууллагууд 24 цагаар гурван ээлжээр хяналт үзлэг тандалтын эргүүл гарах захирамж гарсан. Авто тээврийн товчоодоос гадна нэмэлтээр Тэрэлж, Гачуурт, Өлзийт зэрэг зургаан постод хяналт эргүүл гарч ажиллаж байна. Мөн баталгаат бус гэгддэг замаар хөдөлгөөнт эргүүлүүд гарч хяналт шалгалт хийж байна.  Иргэд тарваган тахал өвчнөөс сэргийлэхийн тулд агнахгүй байх, түүхий мах эд эрхтнийг эрүүл мэндийн зориулалтаар хэрэглэхгүй байх, үхсэн тарвага таарсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад мэдэгдэх, Улаанбаатар хотод оруулж ирэхгүй, сэг зэмээр нь оролдохгүй байхыг анхааруулж байна” гэлээ. Мөн нийслэлийн ногоон бүсээс зөвшөөрөлгүйгээр хуш мод бэлтгэж байсан хоёр отогийн 20 гаруй иргэнийг илрүүлэн ойгоос буулгах арга хэмжээг авчээ.  Хуш модны самрыг есдүгээр сарын 15-наас эхлэн байгаль хамгаалагчийн зөвшөөрлийн дагуу түүж бэлтгэх зохицуулалттай байдаг.

Эх сурвалж:www.polit.mn