Онцгой байдлынхан “Гурван үг”-ийг ашиглаж эхэлжээ

0
хуваалцах
235
үзсэн

А.МИНЖИНСОР

Манай улсад хаягжуулалт, хот төлөвлөлт зэрэг олон асуудлаас үүдэн гудамжны хаягаар тодорхой байршлыг олох нь амаргүй байдаг. Гудамжны хаяг хангалттай нарийвчлалгүй эсвэл огт байхгүй үед энэ аппликейшн тус болно. “What3words” бол байршлыг маш энгийн байдлаар заах систем юм. Энэхүү аппликейшн нь дэлхийн газрын гадаргын 3мx3м хэмжээтэй квадрат бүрт дахин давтагдашгүй гурван үгт хаяг хуваарилжээ. Ингэснээр та гуравхан үгээр тодорхой байршлыг олж болно. Оршин суудаг эсвэл ажилладаг газраа бараа хүргүүлэхээр нарийвчилсан байршлаа хуваалцах, уулзалтын тохиромжтой цэгийг товлох, аяллын явцад олоход хүндрэлтэй газрыг нарийн заахад “what3words” хэрэгтэй.
Жишээлбэл хүн ам тархан суурьшсан өргөн уудам хөдөө нутаг, хаяг байршил тодорхойгүй гэр хороолол зэрэг нь аливаа аюул, ослын голомтын байршлыг тогтооход хүндрэл үүсгэхээс гадна хүний амь нас, эд хөрөнгийг аврахад цаг хугацаа алдагдах тохиолдлууд байдаг. Манай улсын Онцгой байдлын алба ч “what3words”-г үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн байна. Ингэснээр аливаа аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах боломж бүрдэнэ. Аюул ослын үед иргэд 101 эсвэл 105 дугаар залгахад оператор иргэдээс байршлаа тодорхойлж өгөхийг асууна. Дуудлага өгч буй иргэн “what3words”-г нээмэгц гарч ирсэн гурван үгээ операторт хэлснээр аврах бүлгийхэнд илүү шуурхай очиж өгөх боломжийг бүрдүүлж өгөх юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.6  ПҮРЭВ № 150 (6375)