Б.ТУУЛ 

    Эх оронд минь найртай сайхан зуны улирал үргэлжилсээр байна. Харин та аялалд гарахад бэлэн үү? Магадгүй эх орныхоо хаа нэгтээ аялаж, амарч ирсэн байх. Гэсэн ч та дахиад аялахаар төлөвлөж байна уу? Учир нь, хүн бүр л аялахыг хүсдэг. Тэр тусмаа хот суурин газрын хүмүүс хахир хүйтэн өвлийн улирал, хотын утаа, машин тэрэгний дуу чимээ, хаврын ядаргаа  гээд биднийг стрестүүлдэг бүх зүйлсийг зуны улиралд таягдан хаяхыг хүсдэг. Өөрөөр хэлбэл,  бид зуны дэлгэр цагт эх орныхоо үзэсгэлэнт байгалийг үзэж сонирхон нар, салхины эрчмээр өөрийгөө цэнэглэж, бүтэн жилийн цэнэг хуримтлуулж, дархлаагаа тордохыг хичээдэг. Тиймээс танд бид энэ удаа эдийн засгийн хэмнэлттэй, эко аялах аргуудаас хуваалцаж байна.

Хандлагаа өөрчилье: Хоггүй цэвэрхэн Монгол

Аялана гэдэг нь  хүн бүрт аз жаргалыг мэдрүүлдэг, таашаалтай зүйл байдаг. Харин хэрхэн эрүүл байгальд эко аялах вэ?

  1. Байгаль орчноо хайрлаарай: Эко аялал гэдэг нь ногоон аялал хэмээх ойлголттой салшгүй холбоотой байдаг. Тиймээс та аялалд гарахдаа ногоон аялагчдын нэг байхыг хичээгээрэй.   Эко аялал хийж буй хүмүүсийн хамгийн гол зорилго нь байгалийн сайхныг хайрлан хамгаалах юм.
  2. Усыг нь ууж, ёсыг нь дагаарай: Очсон газартаа та гадны жуулчин, аялагчийн хувиар биш тухайн орон нутгийн иргэн шиг хандлагаа өөрчлөөд үзээрэй. Орчин үед аялагчдын ихэнх нь элдэв янзын бэлэг дурсгал, сувинер авахын оронд тухайн газрынхаа нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авах сонирхолтой байдаг болж. Мөн  тав тухтай таксигаар биш нийтийн тээврээр адал явдалтай зорчихыг илүүд үздэг болжээ.  
  3. Эдийн засгаа хэмнээрэй: Боломжтой бол та зочид буудлаас татгалзаж, нутгийн айлд, эсвэл майханд хээр хоноглоод үзээрэй.  Энэ нь таньд эрүүл агаар, байгалийн сайхныг илүү их мэдрүүлэх болно.
  4. Эрүүлжих аргуудаас суралцаарай: Аялж яваа үедээ та аль болох эрүүл хооллохыг хичээгээрэй. Мөн очсон газраасаа  хоол хүнсээ худалдаж авахыг зориорой. Мөн гэр бүл, өөрийнхөө хэрэглэдэг ундаа, усны саваа аваад гарах нь ундаа жүүсний олон сав хөглөрөхгүй, ам дамжуулж уухгүй байх гээд эрүүл аялахад хэрэгтэй байдаг шүү.
  5. Хүрээлэн буй орчноо хамгаалаарай:  Очсон газар бүртээ та байгаль орчноо хайрлан хамгаалах арга ухааныг хэлж, ярьж яваарай. Хүүхдүүдээ ч гэсэн мод бут эвдэхгүй, сүйтгэхгүй байхыг сануулж хэлээрэй.
  6. Хоггүй аялаарай: Таатай сайхан аялахад ачаа тээш хөнгөн  байх нь илүү таатай байдаг. Иймд замд гарахдаа та нэг удаагийн олон сав, суулганаас татгалзахыг хичээгээрэй. Мөн машиндаа хогийн сав, уут зэхээд гарах нь хамгийн чухал байдаг.
  7. Ногоон аялагч байхад суралцаарай: Аялалын явцад  та хүүхдүүддээ эко аялах арга ухааныг зааж сургаарай.  Жишээ нь, хог хаягдлаа ялгаж ангилах,  шатахгүй, устахгүй лонх, лааз зэргийг тусгай саванд хийж цуглуулах, ачиж яваад хогны төвлөрсөн цэг дээр хаяж байх хэрэгтэй гэдгийг сануулж хэлээрэй.
  8. Зугаатай, хөгжилтэй аялаарай: Хэрэв та найз нөхөд, гэр бүлээрээ аялж яваа бол  очсон газрынхаа ойр орчны  хогийг цэвэрлээд, уул ус, байгаль дэлхийд буян үйлдээд, өөрөө өөртөө, гэр бүлдээ их  сайхан зүйл хийлээ гэж бодож сэтгээд ирэх нь бас сайхан байдаг. Иймд та  үүнийг тоглоомын аргаар хүүхдүүддээ хэлэхэд л хялбархан бүтчихнэ. Туршаад үзээрэй.
  9. Уламжлалт ёсоо хүндлээрэй:  Монголчууд эртнээс  нүүж суухдаа татсан тамхи, галын цогоо гүйцэт  унтрааж, буудалсан газраа цэвэрлэж, унтарсан цоггүй үнсээ тэгш газар асгадаг  байсан. Иймд та ч бас монгол ёс заншлаа дагаарай.
  10. Мартагдашгүй дурсамж бүтээгээрэй: Аялалын хамгийн чухал хэсэг болох түүх дурсгалын газрууд, байгалийн үнэт үзмэрүүдтэй зөв сайхан харилцаж, олон сайхан зурагтай ирээрэй.

Эх сурвалж: www.polit.mn