АНУ-ын иргэн БНСУ-д  42 байр худалдан авчээ

0
хуваалцах
174
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

БНСУ-ын Үндэсний татварын алба (NTS) сүүлийн гурван жилд Солонгосоос хамгийн багадаа хоёр орон сууц худалдан авсан гадаадын 42 иргэнд шалгалт хийжээ. Тэднийг түрээсийн орлого, хөрөнгө орлогын татвараас зайлсхийсэн хэрэгт сэжиглэж байгаа талаар тус улсын Татварын алба даваа гаригт мэдээлсэн юм.  Солонгост гадаадын 1036 иргэн 2467 орон сууц эзэмшдэг. Эдгээр хүмүүсийн 886 нь хоёр, 105 нь гурав, 65 нь дөрөв болон түүнээс олон орон сууцтай юм байна. Татварын албанаас мэдээлж буйгаар сүүлийн гурван жилд 6.4 тэрбум ам.доллараар үнэлэгдэх 23167 орон сууцыг гадаадын 23219 хүн худалдан авчээ. Үүний 13573 нь Хятад, 4282 нь Америк, 1504 нь Канад, 756 нь Тайвань, 468 нь Австрали, 271 нь Японы иргэн байна. Тэд Сөүлд 4473 орон сууц, Гёонгид  10093, Инчёонд 2674 орон сууц худалдан авчээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр Татварын албаны Мөрдөн шалгах асуудал эрхэлсэн комиссарын туслах Лим Кван Хюн “Солонгост орон сууцтай гадаадын иргэдийг татвараас зайлсхийхийг оролдсон хэргээр шалгахаар болсон. Тэд орон сууц худалдан авч байгаа солонгосчуудтай ижил татвар төлөх ёстой. Худалдаж авчихаад ашиг орлого олж болохгүй. Гадаадын иргэдийн худалдаж авсан орон сууцны 32.7 хувь нь худалдаж авсан цагаасаа хойш хоосон байгаа нь амьдрах зорилгоор аваагүйг харуулж сэжиг төрүүлж байна. Тиймээс бидний энэ хүчин чармайлт орон сууцны үнийн хөөрөгдлөөс сэргийлэхэд тусалж чадна гэдэгт итгэлтэй байна” гэжээ. 
Солонгосоос орон сууц худалдан авсан гадаадын иргэдийн дунд 6.7 их наяд вонын үнэ бүхий 42 орон сууцтай Америк хүн байжээ.  Түүнийг түрээсийн орлогын татвараа тайлагнахгүйн тулд зориуд  байрны эзнээр бүртгүүлээгүй гэж сэжиглэж байгаа юм байна. Тэрээр байрнуудаа Сөүл, Чунчёоноос хаудалдан авч, сар бүр түрээсээ төлөхийн оронд хадгаламж байдлаар төлбөрөө хийдэг  Солонгосын хамгийн алдартай хөрөнгө оруулалтын “jeonse” системийг ашиглажээ. Түүнийг шалгаж үзэхэд Солонгос дахь хөрөнгийнхөө талаар мэдээлээгүй байсан тул татвараас зугтсан хэмээн үзэж АНУ-ын татварын албанд мөрдөн байцаалт явуулахаар шилжүүлсэн байна. 
Орон сууцаа нуусан эдгээр гадаадын иргэд орон сууцны үнэ өсөхөд нөлөөлж байгаа юм. Тухайлбал, сүүлийн гурван жилд БНСУ-д орон сууцны үнэ 314 сая воноор буюу 52 хувиар нэмэгджээ. Зургадугаар сард гадаадын иргэдийн худалдан авсан өмчийн тоо 2090-д хүрсэн нь 2006 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт юм. Сэжиглэж буй энэ хүмүүсийн мэдээллийг өөрийн оронд нь шилжүүлэх юм байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.5  ЛХАГВА № 149 (6374)