Зимбабвегийн Засгийн газар тариаланчидтайгаа эвлэрчээ

0
хуваалцах
154
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

Газар нутгаа булаацалдан 20 жилийн турш маргалдсны  эцэст Зимбабвегийн Засгийн газар болон тариаланчид эвлэрч үр дүнд хүрч чадлаа. Тодруулбал, Зимбабвегийн ерөнхийлөгч Роберт Мугабэгийн үед 2000 оны эхээр маргаантай газрыг дахин хуваарилах хөтөлбөр гаргаж газар нутгаас нь хөөж гаргасан цагаан арьст тариаланчдад 3.5 тэрбум ам.долларыг нөхөн олгох гэрээнд ерөнхийлөгч Эммерсон Мнангава гарын үсэг зуржээ. Тэрээр “Бидний эх орон Зимбабвегийн хувьд газар нутгийн шинэ түүх эхэлж байгаа онцгой цаг мөч юм” гэж гэрээнд гарын үсэг зурсны дараа хэлжээ. Гэрээнд зааснаар 3.5 тэрбум ам.долларын 50 хувийг эхний 12 сард үлдснийг нь таван жилийн хугацаанд төлөх юм. Тус улсын Сангийн яам олон улсад хандан санхүүжилт босгохын сацуу урт хугацааны бонд гаргахаар болжээ. Энэ нөхөн олговор нь газар нутгийн үнийг нь тариаланчдад өгч чадахгүй ч алдагдсан дэд бүтцээ хөгжүүлэхэд тусална гэж тэд үзэж байгаа аж. Эдийн засагч Жон Робертсон “Тахлын үеэр эмнэлэгт тань эмч, сувилагч хүрэлцэхгүй байхад яагаад тариаланчдад мөнгө олгох гээд байгаа юм бэ. Нөхөн олговор олгох нь Засгийн газрын үүрэг гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ энэ мөнгө тань хаана байгаа юм бэ?” гэж Засгийн газраа шүүмжиллээ. Мнангва ерөнхийлөгч болсноосоо хойш тариаланчидтай эвлэрэх чиглэлээр олон үйл ажиллагаа явуулсан юм.

Эх сурвалж:CNN