Б.Даваадулам

 Монголын гүйлтийн спортын түүхэнд шинэ түүхэн амжилт тогтоохоор ОУХМ, хөнгөн атлетикийн ахмад тамирчин Б.Болдбаатар өнгөрсөн сарын 5-ны өдөр Алтай-Улаанбаатар чиглэлд гүйлтээ эхлүүлсэн билээ.  Тэрээр 1040 км-т гүйхээр төлөвлөсөн юм. Тэгвэл өнөөдөр буюу наймдугаар сарын 5-ны өдөр 960 гаруй километр замыг туулаад байна. Үлдсэн зайгаа төлөвлөгөөний дагуу туулж наймдугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод ирэх юм.

 Тэрээр дөрвөн жилийн өмнө энэ чиглэлд гүйх саналаа Биеийн тамир спортын газарт хүргүүлж байжээ. Мөн энэ  хугацаанд  бэлтгэл сургуулилтаа хийж байсан гэнэ. Өдгөө 54 настай ахмад тамирчны хувьд биеийн байдал маш сайн байгаа бөгөөд гүйлтийн хугацаанд 66 – 60 кг болсон байна.

Өнгөрсөн ням гаригт БТСГ-ын дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамц түүнтэй уулзаад иржээ.  Тэрээр энэ талаар “Болдбаатар ах монгол хүний тэсвэр тэвчээрийн гайхамшгийг харуулж байна.  Анх түүний саналыг хүлээж аваад жаахан санаа зовж байсан.  Эрүүл мэндийн байдал нь ийм ачааллыг дийлэх болов уу гэж  бодсон. Тиймээс БТСГ-аас гүйлтийн багт  эмч оруулж саналыг нь зөвшөөрсөн. Өнгөрсөн ням гаригт Лүн сумын ойролцоо уулзсан. Гүйлт ямар нэгэн асуудалгүй үргэлжилж байна.  Өдөрт 30 км бага байна гээд инээчихсэн явж  байсан шүү. Болдог сон бол нэмж гүймээр байна ч гэж байлаа. Гэхдээ бүх үйл ажиллагаа төлөвлөгөөтэй, GPS, цагтай учраас тогтсон хэмжээндээ өдөрт гүйж байгаа” гэв.

Эх сурвалж:www.polit.mn