Японд нохой эзнээсээ коронавирусын халдвар авчээ

0
хуваалцах
181
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

Япон улсад гэрийн тэжээвэр хоёр нохой эзнээсээ халдвар авсан гэж Тэжээвэр амьтдын даатгалын компани даваа гаригт мэдээлжээ. Энэ нь амьтан халдвар авч байгаа Японы анхны тохиолдол юм байна. Нохойнд ямар ч шинж тэмдэг илрээгүй бөгөөд саяхан шинжилгээ авахад сөрөг гарсан гэж “Anicom Holdings Inc” компани мэдэгджээ. Гэхдээ энэ нь зөвхөн PCR шинжилгээний хариу учраас хоёр нохойг халдвар авсан гэж хэлэхэд эрт гэж үзэж байгаа юм байна. Тус компани дөрөвдүгээр сараас эзэн нь эмнэлэгт хэвтсэн эсвэл тусгаарлагдсан тохиолдолд тэжээвэр амьтныг нь үнэ төлбөргүй харж өгөх шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн юм. Энэ хугацаанд 29 нохой, 12 муур, нэг туулай нийт 42 амьтныг асарчээ.

Халдвар авсан хоёр нохойг тэд өнгөрсөн сарын сүүлээр эзэнд нь хүлээлгэн өгсөн. Харин халдвар авсных нь дараа дахин тусгаарлаж асарч байгаа юм байна. Гэхдээ нохой болон бусад амьтадтай харьцсан ажилтны эрүүл мэндэд нь одоогоор асуудал үүсээгүй байна. Амьтад ихэнх тохиолдолд хүнээс халдвар авсан байдаг. Иймд Хятадын зарим хэвлэл гэрийн тэжээвэр амьтдаа чөлөөтэй явуулах нь хүнд халдвар тараах эрсдэлтэй хэмээн мэдээлсэн юм. Харин Японы Хүрээлэн буй орчны сайд “Тэжээвэр амьтад хүнд халдвар тараасан нотлох баримт байхгүй. Харин эзэд нь амьтадтайгаа хэт ойртохоос болгоомжилж халдвараас сэргийлэх ёстой” гэжээ.  Өмнө нь АНУ, Бельги, Францад тэжээвэр муур халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн юм .

Эх сурвалж:Japan Today