Т.НАМУУН

Нийслэлийн боловсролын газраас төрийн өмчийн цэцэрлэг, ЕБС-ийн элсэлтийг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдрөөс УОК-ийн шийдвэрээр орон даяар боловсролын сургалтын байгууллагуудын танхимын сургалтын үйл ажиллагааг бүрэн зогсоох шийдвэр гарсан. Иймээс 2019-2020 оны хичээлийн жилийн III, IV улирлын сургалтууд теле хичээл хэлбэрээр явагдсан байгаа.

Цар тахлын хувьд одоогоор дотооддоо хяналт алдаагүй бөгөөд мэргэжлийн байгууллагуудын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн есдүгээр сарын 1-нээс эхлэн 2020-2021 оны хичээлийн жилийг танхимын хэлбэрээр эхлүүлэх шийдвэр гарсан. Үүний хүрээнд нэг ангид хичээллэх суралцагчийн тоог 20-иос хэтрэхгүй байх, танхимын сургалтыг эхлүүлэхэд халдвар, хамгааллын дэгдэмийг баримтлах, сум, баг, тосгонд ЕБС танхимаар, нийслэлд гурван өдөр танхимаар, хоёр өдөр танхимын бус байдлаар хичээллэх зохицуулалт хийж байгаа аж. Мөн хоёр настай хүүхдийг гэрээр асран хамгаалах шаардлагатай гэж үзэн улсын хэмжээнд цэцэрлэгт элсүүлэхгүй, цэцэрлэгийн хүчин чадлаас хамааран 2-3 настай хүүхдийн тодорхой хувийг элсүүлэх, таван настай хүүхдийг сургуульд бэлтгэх зорилгоор бүхэлд нь хамруулах шийдвэр гаргасан. 

Цэцэрлэгт цахимаар бүртгэхгүй

Нийслэлд төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг 2018 оны хичээлийн жилээс эхлэн цахим хэлбэрээр зохион байгуулсан билээ. Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн цахим бүртгэлийг зохион байгуулахгүй байхаар шийджээ. Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга “Хоёр настай хүүхдийг гэрийн орчинд асран хамгаалах шийдвэр гаргасан хэрнээ цэцэрлэгийн бүртгэлийг зохион байгуулвал эцэг эхчүүдийн дунд буруу ойлголт төрүүлэх магадлалтай гэсэн болгоомжлол байгаа учраас цахим бүртгэлийг явуулахгүй гэж шийдсэн” гэлээ. Мөн өмнө жил цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдүүд үргэлжлүүлэн хамрагдах боломжтой аж. 

Энэ жил 39439 хүүхэд нэгдүгээр ангид элсэнэ

ЕБС-ийн хувьд өнгөрсөн жил Чингэлтэй дүүргийн 15 сургуульд цахим бүртгэл зохион байгуулж үзсэн бөгөөд энэ жил нийслэлийн бүх сургуулийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдсэн байна. Цахим бүртгэлээс гадна уламжлалт бүртгэлийн аргыг ч мөн хэрэгжүүлэх учраас эцэг эхчүүд өөрт хялбар байдлаар хүүхдээ сургуульд бүртгүүлэх боломжтой юм байна. Бүртгэл наймдугаар сарын 3-ны өдрөөс наймдугаар сарын 28-ны 17:00 цаг хүртэл явагдана. Бичиг баримтын зөрчилтэй, оршин суугаа хаягнаасаа шилжсэн хүүхдийг наймдугаар сарын 24-28-ны өдрүүдэд ажлын цагаар элсэх боломжтой сургууль дээр нь бүртгэх аж.
Энэ хичээлийн жилд 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн зургаан настангууд элсэх бөгөөд хүн амын урьдчилсан статистик мэдээгээр 39439 хүүхэд нэгдүгээр ангид элсэх төлөвтэй байна. Аль нэг сургуульд элсэх хүсэлт илгээгдсэн тохиолдолд өөр сургууль дээр давхар бүртгэхгүй бөгөөд хасалт хийлгэж байж дараагийн бүртгэлийг хийх аж. Өөрөөр хэлбэл нэг хүүхдийг, нэг сургууль дээр нэг удаа бүртгэнэ гэсэн үг юм. Улсын бүртгэлийн ерөнхий газраас тухайн хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн мэдээллээр цахим сан үүсгэсэн бөгөөд эцэг, эх, асран хамгаалагчид parent.edu.mn гэсэн хаяг руу өөрийн мэйл хаягаараа нэвтэрч, хамран сургах тойргийнхоо сургуульд элсэх хүсэлт илгээж бүртгүүлэх юм байна. Элсэлттэй холбоотой мэдээллийг 75778080 дугаар, elselt@edu.mn цахим шуудан, parent.edu.mn сайтаас авах боломжтой. Элсэлтийн ажлын хэсэгт дүүргийн Боловсролын хэлтэс, ерөнхий боловсролын сургуулийн захирал, бага боловсролын сургалтын менежер, багш, эцэг эх, олон нийтийн байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүн ажиллана гэдгийг албаныхан мэдээлэв. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.4  МЯГМАР № 147 (6372)